21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

”Арго” киноны жинхэнэ тагнуултай уулзсан тэмдэглэл

Өчигдөр: 18 цаг 54 минутанд

    1980 оны 1 сарын 28. Иран улс. Техераны онгоцны буудал. АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг Ираны Хувьсгалт Гвардынхан барьцаалан хориод байсан тэр эгзэгтэй мөчид яамны байрнаас оргож чадсан зургаан дипломат харин өөр нэр, өөр зүс, өөр бичиг баримтаар хил давахаар түгшин сууна. Тэднийг “Арго” хэмээх уран зөгнөлт кино хийж байгаа багийнхан болгон өөрчилж, хил давуулахаар удирдаж яваа этгээд бол хожмоо CIA -ийн түүхэн дэх шилдэг 50 тагнуулчийн нэгээр тодорсон Тони Мэндэс хэмээгч байв... 


      Жинхэнэ болсон үйл явдал гэхэд эгээ л Холливүүдийн адал явдалт кино мэт сонстож байгаа биз.Сүүлд харин энэ үйл ажиллагааны нууц олонд ч ил болсон, бас Холливүүд ч амжилттай кино бүтээсэн. Гэхдээ энэ удаад миний бие Бэн Аффлекийн тухай биш, АНУ-ын Тагнуулын Төв Газрын ажилтан асан, өдгөө тэтгэвэртээ суугаа, буурал тагнуулч Тони Мэндэстэй нүүр тулан уулзсан тухайгаа өгүүлэх юм.Уулзаж ярилцсанаа шууд яаран ярих бус, учирзүй, дэс дараа, өрнөл хүүрнэлтэйгээр аажуу уужуу өгүүлэхийг хичээе. (Нийтлэлийг уншихаасаа өмнө "Арго" киног үзчихвэл илүү сонирхолтой, ойлгомжтой болохыг сануулсу)

Нөхцөл байдлыг тоймловол

       Хэл, соёл, иргэншил, дайн тулаан, улс төр, геополитик, байгалийн баялаг, шашны мөргөлдөөн... гээд бүхий л салбарт арвин баялаг атлаа ээдрээ зөрчилтэй түүх бүхий улс олоод ир гэвэл Перс-Иран хамгийн түрүүнд бүртгэгдэх биз. Эртний түүхийг нь болиод эдүгээ цагаас нь дурдвал, Перс нь 1935 онд Иран болж нэрээ сольтлоо, түүний дараа ч Британи-ЗХУ-ын нөлөөгөө тогтоох тулааны төв цэг болж байжээ. АНУ “тоглоом”-д харьцангуй хожуу, хүйтэн дайны үеэс оролцож эхэлсэн аж.Дэлхийн 1-р дайны үед Иран том улсуудын хүчний харьцаагаар эвтэйхэн тоглож, хохирол бараг амсаагүй гэдэг.Гэтэл 2-р дайны үед байдал өөрчлөгдөөд иржээ.Өнөө Зөвлөлт, Британи хоёр чинь холбоотон, “найзууд” болчихдог байгаа.Тэгээд Ираны тухайд муудалцах биш, харин Зөвлөлт рүү нефть гаргах төмөр замыг алдахгүйн тулд хоёулаа хуваан эзлэхээр тохирсон байна.Ираны шах Реза Хан тэдний өөдөөс зогсохын тулд Нацист Германтай эвсэхээр шийдэв.Гэвч Британи, Зөвлөлт хоёр хамтын хүчээр шахыг ширээнээс нь зайлуулж, түүний 21 настай хүү Мохаммад Реза Пахлавиг удирдагчаар томилжээ.

       Дайны дараагаас АНУ Ирантай эдийн засаг, цэрэг армийн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах болов.Нэгэн цагт АНУ-Иран хоёрыг сайн түншүүд байсан гэхэд итгэмгүй.Удалгүй Ираны хуульч Мохаммед Мосаддек улс төрд гол тоглогчоор тодорч, шахын хүчийг сулруулж эхэлжээ.Мосаддек Ираны ард түмний эх оронч, үндсэрхэг үзлийг ашиглан, Англи-Ираны Газрын Тосны Компаниас Британийг шахаж, үндэсний компани болгох ажлыг хийснээр ард олны дунд нэр алдрыг олов.Ингээд 1951 онд Ерөнхий сайдаар томилогдлоо.Мосаддек өөрөө коммунист байгаагүй боловч түүнийг дэмжигч гол нам болох Түдэх буюу Ираны Ардын Нам нь коммунист үзэлтэй, өөрөө ч Москвагаас дэмжлэг авч байсан учраас АНУ-ын хувьд ЗХУ-тай хиллэдэг нэг гол хамсаатнаа алдахыг хүссэнгүй.Ингээд Мосаддекийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг дэмжжээ.

       1953 оны хавар  ТТГ-ын  Төлөвлөлтийн хэлтэсийн Ойрх Дорнодын тасгийн дарга Кермит Рузвельт (ФДР-ын ач) тэрхүү үйл ажиллагааг амжилттай явуулна хэмээн нэг сая доллар улсаас гаргуулан авав. Энэ нь түүхэнд Мосаддекийг унагах Ажакс (бидний хэвшсэн орос дуудлагаар бол Аякс) ажиллагаа хэмээх нэрээрээ үлдсэн байдаг.Мосаддекийн эсрэг хүчийг өдөөж чадсан Рузвельтийн хатгаас амжилттай болж, улс орон даяар түүнийг эсэргүүцсэн жагсаал болон, эцэстээ Мосаддек огцрохоос аргагүй байдалд хүрч, барууныг дэмждэг шах Реза ахин засгийн эрхэнд гарав.Мосаддек үндсэрхэг хэсгийн дунд нэрийг олсон атлаа бас ч гэж тийм их эсэргүүцэлтэй тулсан нь учиртай.Мөнөөх Газрын тосны компаниас Британыг зайлуулсан алдарт шийдвэрийн хариуд англичууд зүгээр явчихна гэж үгүй, хориг арга хэмжээ авсанд Ираны эдийн засаг өмнөхөөсөө бүр муудсан байж.

      Шах Реза гарч ирэнгүүтээ барууны улсуудтай найрсаг харилцаагаа сэргээж, АНУ, Британыг газрын тосоор хангаж эхлэв.АНУ тухайн үедээ гадаад бодлогын маш мундаг алхам хийсэн байна гэж Кермитийг баатраар өргөмжилж байсан аж.Шах ч Рузвельттэй уулзахдаа “Аллах бурхан, ард түмэн, армийнхаа, бас таны хүчээр би ширээндээ эргэн заларлаа” хэмээн баясалтайгаар мэдэгдэж байсан ажээ.Үнэхээр ч тухайн үедээ Резагийн үеийн Иран, Америк хоёрын харилцааг харвал Ажакс ажиллагааг агуу сайхан юм боллоо гэж хэлэхээр байж.Гэтэл өнөөдөр тэр бүгдийг эргэн харвал Америк-Ираны урт удаан хугацааны харилцаан дахь хамгийн эмзэг, дайсагналцдаг асуудал нь тэр болон хоцорчээ.

Ираны шах Мохаммад Реза Пахлави

     1979 онд АНУ-ын ЭСЯ-ыг эзэлсэн хүмүүс ч, өнөөгийн бусад олон иран иргэн Тагнуулын төв газрыг дангаараа дайрч ирээд, төрийг нь эргүүлчихсэн гэх домогт итгэнэ.Мосадеккийг эсэргүүцэгчид олонхын хэмжээнд хүрч байсныг, түүнийг унагаахаар иранчууд өөрсдөө хэрхэн улайрч байснаа бараг санадаггүй.Ер нь бол “урагшгүй эзний бүтэлгүй зарц” гэдэг шиг Реза өөрөө олигтой удирдагч байсан бол байдал тэгж даамжрахааргүй л байсан юм билээ.Цэрэг армиа хүчирхэгжүүлж эхэлсэн нь зөв байсан мэт харагдавч яваандаа САВАК хэмээх нууц цагдааг ч бий болгон, эсрэг талынхнаа мөрдөн мөшгидөг, эрүүдэн шүүдэг болжээ.Ард олон Резаг үзэн ядаж эхлэх үеийг шашны талынхан ч маш сайн ашиглаж, бүх муу юм баруунаас үүдэлтэй, Шах Реза тэндээс мөн гаралтай гэсэн номлолыг сайтар тарьж өгөв.Тийм номлол түгээгчдийн хамгийн нөлөөтэй нь Хомейни байлаа.

     1978 он гэхэд байдал тун эгзэгтэй болж ирж.Хомейниг дэмжигчдийн жагсаал цуглаан улам бүр хүчтэй болсоор, Шахын цагдаа нар барьж дийлэхээргүйд тулав.Ингээд 1979 оны 1 сарын 16-ны өдөр Шах эх нутгаасаа зугтан гарчээ.Хомейни төрийн эрхэнд хараахан гарч амжаагүй, Шах зугтчихсан тэр үед Ерөнхий сайд Мехди Базарган л арайхийн төр барьсан болж байлаа.Тэрбээр АНУ-тай харилцаагаа хэвийн болгоно хэмээн 1979 оны 6 сард Брюс Лайнгенийг Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр хүлээн авав.АНУ-ын ЭСЯ ч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж эхлэв.

        Гэтэл “гай газар дороос” гэгчээр байдлыг хурцатгасан бас нэгэн үйл явдал тэр үед болжээ.Эх орноосоо гадуур олон сар дүрвэн, тэнүүчлэн явсан Реза шах цусны хорт хавдартай, эмнэлгийн тусламж хэрэгтэй, ер нь л удаан амьдрахгүй нь тодорхой болсон байна.Картер Ерөнхийлөгч түүнд хүмүүнлэгийн ёсоор хандах ёстой хэмээгээд АНУ-д авчирч, эмчилгээнд оруулжээ.Чухам энэ л Хомейнид хүчийг олоход нь тун хэрэгтэй явдал байлаа.Ираны мэдээллээр АНУ Реза шахыг засгийн эрхэнд эргүүлэн тавих гэж байгаа тухай хэдэн сар зогсоо зайгүй ярьж, Ираны бүх муу муухай зүйл Резагаас, түүний цаана байгаа АНУ-аас үүдэлтэй тухай, одоо тэр нь эргэн ирэх гэж буй талаар үзэл суртлын кампанит ажил өрнөв.Хомейни оюутнуудыг Америкийн эсрэг үзлээр зэвсэглэн, турхирч байв.Гол нь энэ бүх дарамтын дүнд АНУ Резаг буцааж өгнө хэмээн итгэж байжээ.Хилэгнэсэн оюутнууд уураа гаргах байгаа амархан олсон нь АНУ-ын Элчин Сайдын Яам.

Элчин сайдын яам руу довтолсон нь

       1979 оны 11 сарын 4-ний өглөө, эгээ л бусад өдрийн адил эхэлж, Америкийн элчингийнхэн ажил руугаа яарахдаа амьдралдаа үзэх хамгийн аймшигт зүйл рүүгээ явж байгаагаа мэдсэнгүй.Брюс Лайнген дарга нь өглөө ажлаар Ираны Гадаад Хэргийн Яам руу явж.Яамны гадаа оюутнууд эсэргүүцлийн цуглаан хийж, “Аллаху акбар.Марг бар Амрика (Америк сөнө)” хэмээн хашхирч байгааг ажилтнууд нэг их тоосонгүй.Учир нь тэр бол бараг өдөр сонсдог жирийн л юм болоод байв. Тэгтэл хэн нэг этгээд машин ордог хаалганы  гинжийг огтолчихжээ. Жагсагчид тэр хаалгаар цутган орж ирлээ. Эхлээд ихэвчлэн эмэгтэйчүүд, урдаа “Don’t be afraid, we only want to set in” (Sit гэхийг Set хэмээн буруу бичиж) гэсэн бичигтэй орж ирсэн нь сүүлд мэдсэнээр Америкийн маринуудыг эмэгтэйчүүдийн өөдөөс гал нээхгүй гэж тооцоолсон нарийн арга байжээ. 

        Удалгүй бүх юм тоглоом биш, энэ бүхэн зүгээр нэг санамсаргүй хаалга нээгдээд ороод ирсэн ч юм биш, урьдчилан нарийн төлөвлөсөн дайралт гэдэг нь тодорхой болов.Өнөө Оюутны бүлэглэлийн гишүүд гэгдэгчид лантуу, гинжээр, тэр ч байтугай зарим нь гар буугаар зэвсэглэсэн байснаас гадна ЭСЯ-ны байранд дайрж оронгуутаа цахилгааныг хэрхэн таслах, ганцхан хамгаалалтгүй цонх байгааг нь хагалж орох зэргээр байшингийн нарийн ширийнийг сайтар мэдэж байх нь тэр.Брюс дарга гаднаас ганцхан чухал тушаал өгсөн нь гал нээж хэрхэвч болохгүй.Ингээд хэдийгээр Америкийн маринууд, буу зэвсэгтэйгээ байсан боловч гал нээлгүйгээр баригдсан юм.Ганц буун дуу цуст мөргөлдөөн эхлүүлэхэд хангалттай байсан аж.

         Жагсагчид ЭСЯ-ны хаалга, хашааг даван орж эхэлсэн нь. Энэ явдлын 30 жилийн ойгоор жагсаалыг зохион байгуулагчид АНУ-аас уучлал хүссэн байдаг.

      Дайрагчид Базарганы засгийн газраас америкчуудыг аврахаар ирвэл тэднийг мөн барууны гар хөл, тоглоомон хүүхэлдэй боллоо хэмээн буруутгах төлөвлөгөөтэй байжээ.Тэд энэ санааг нь мэдсэн бололтой, тусламж явуулсангүй.Ингэж л орчин үеийн олон улсын дипломат түүхэн дэх хамгийн зартай, гутамшигтай хэрэг эхэлж, иранчууд америк дипломатчидыг 444 хоног барьцаанд байлгасан билээ.

Канадын зургаа

      Элчин сайдын яамыг эзлэгдэж байхад гудамж руу шууд гарсан хаалгатай ганцхан байр болох Консулын хэлтэст нь арваад америк, хориод иран ажилтан ажиллаж байв.Яамны хашаанд иранчуудыг дайран орж ирэхэд ч тэд ажилласаар байжээ.Гагцхүү цахилгаан тасрахад л сая гарч зугтах хэрэгтэй болсноо ойлгосон байна.Ингээд эхлээд иран ажилтнуудаа гаргаад америкчууд өөрсдөө хоёр хэсэгт хуваагдан гарав.Сүүлд гарсан хэсэг нь арай илүү хүнтэй гудамжийг сонгоод шууд баригдсан аж.Харин түрүүнд гарсан тав болох нэг ахмад ажилтан, хоёр хос зугтаж чадсан байна.Хожим тэдэн дээр өөр байранд ажиллаж байсан АНУ-ын Хөдөө аж ахуйн атташе залуу ирснээр “Канадын зургаа” бүрджээ.

     “Канадын” хэмээн нэрийдэх болсны учир нь тэд хэд хэдэн байр дамжин явсаар эцэст нь Канадын элчин сайд Тэйлор, дипломатч Шийрдаун хоёрын гэрт гурав гурваараа бүгж, тэдний гүн туслалцаа дэмжлэгээр Иранаас гарч чадсанд оршино. “Арго” кинонд мөнхөрсөн мөнхүү зургаа нь:

Роберт Андерс, нас 54, Консулын ажилтан
Марк Лижек, нас 29, Консулын ажилтан
Кора Лижек, Маркын гэргий, нас 25, Консулын туслах
Хэнри Шатз, нас 31, ХАА-н атташе
Жозеф Стаффорд, нас 28, Консын ажилтан
Катлийн Стаффорд, Жозефийн гэргий, нас 28, Консулын туслах.

Канадын зургаа Ерөнхийлөгч Картерийн хамт.

   Төрийн Департаментад тагнуулын зөвлөгөө хэрэгтэй болов

     АНУ-ын засаг захиргаа барьцаанд орсон хүмүүсээ бүртгэж, зарим нэгийг нь дутуу байгааг тооцоолж байх яг тэр үеэр Канадаас мэдээ иржээ.Ингээд бас нэгэн шүдний өвчин нэмэгдсэн нь тэр зургаа болов.Зугтаж чадсан нь азтай мэт боловч баригдсан тохиолдолд шууд цаазлуулах аюул тэдэнд нүүрлэж байснаараа нөгөөдүүлээсээ онцгой байв.Барьцаалагчид ТТГ-ын ажилтнуудыг ялгаж олно хэмээн яамны устгасан бүх бичиг баримтыг сэргээж байлаа. Хэзээ нэгэн цагт зургаан хүн дутаж буйг мэдэх нь тодорхой,  тэр цагт өөрсдөө ч, сайхан сэтгэлт канадууд ч хүнд байдалд орно. Ингээд Төрийн департамент ТТГ-ын мэргэжилтнүүдтэй, ялангуяа харь улсаас өөрийн хүнийг оргуулж авчрах ажиллагаагаараа алдаршсан Тони Мэндэстэй уулзан, хэрхэхээ зөвлөсөн аж.

“Канадын зургаа” Бэн Аффлекийн “Арго” кинон дээр.


      Төрийн департамент тэднийг англи хэлний багш болгоё гэсэн саналтай байв. Гэтэл тэр үед Иранд англи хэлний сургууль ганц ч үлдээгүй байжээ.Сургуульгүй газар юун багш нар байх сан билээ?Канадын Гадаад яамны сайд мань зургааг унадаг дугуйгаар Туркийн хилд хүргэх саналыг удаад дараа тавьсан гэдэг.Хэзээ ч бүтэхгүй байсан нь тодорхой.Тиймээс Тони Мэндэс урьд огт хэрэглэж байгаагүй, хүний санаанд содон атлаа үнэмшилтэй зүйл бодож олох хэрэгтэй болсон байна.Тэртээ Иранд, тэр хэцүү цаг мөчид барууны, цагаан арьст зургаан нөхөр юу хийж явсан байж болох вэ?- Холливүүдийн кино.Тийм ээ, уран зөгнөлт адал явдалт кино.Иранд л зургийг нь авахад зохистой тийм кино.

Арго амь оров

      Бодох, хэлэлцэх, төсөв мөнгө батлах зав цаг гэж байсангүй.Мэндэс 10 мянган доллар цүнхэлж аваад шууд Лос-Анжелес руу нисэв.Тэнд хамтран ажилладаг байсан хоёр нөхөртэйгөө нийлж дөрөвхөн хоногийн дотор кино студи байгуулан, нөгөө зургааг ч хуурамч канад нэр, овгийн дор ажилтнаараа бүртгэн, нэрийн хуудас зэргийг нь хэвлэв.Одоо ганцхан кино л хэрэгтэй.Аффлекийн кинон дээр Арго гэсэн нэрээр кино зохиолыг нь олдог ч үнэндээ бол эхлээд “Lord of the Lights” (Гэрлийн эзэн) хэмээх зохиол байсан юм билээ.Алслагдсан колони-гариг дээр үйл явдал нь өрнөх уг киноны байгалийн дүрслэл нь Ирантай маш төстэй байлаа.Нэг томоохон үйл явдал нь мөн Техераны базаар маягийн зах дээр болно.Тони Мэндэс уг киног сонгоод, харин нэрийг нь “Арго” болгон өөрчилжээ.Ингээд үнэхээр “Арго” хэмээх кино хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр сурталчилгааг нь цацаж, 3 сард зураг авалт нь дуусна хэмээн мэдээлж эхлэв.

Хуурамч Арго киноны зар

Шотланд вискигээр дарсан тамга

     1980 оны 1 сарын 25-ны өдөр Тони Мэндэс ТТГ-ын даргаасаа Ерөнхийлөгч Картер бүх үйл ажиллагааг явуулах эрхийг өөрт нь өгсөн мэдээлэл авчээ.Ингээд Германд, Бонн хотноо ирж, Ираны визээр орлоо.

“Би компанийнхантайгаа уулзах гэж байгаа юм.Тэр зургаа маань маргааш Хонг-Конгоос Иранд очно”.

Эхний даваагаа амжилттай давж, визээ өвөртлөөд авав.

    Мэндэс угаас зураач хүн.ТТГ түүний авьяасыг үнэлэн, хуурамч бичиг баримт хийдэг ажилтнаар авчээ.Тэгээд л түүнээс хойш улс улсаар явж, хүний нүүр царай, үс зүсийг хувирган, бичиг баримт үйлдэн гаргаж авдаг ажил хийх болсон байна.Энэ удаад усан будгаа л өөртөө авчээ.Бусад нарийн нандин хэрэгслийг нь Канадын элчингийн дипломат шуудангаар урьдчилан илгээсэн аж.Ингээд Канадын зургаан паспорт дээр ажиллаж эхлэв.Эдгээр паспортыг Мэндэс “жинхэнэ хуурамч” эд гэж нэрлэх дуртай.Учир нь Канадын засгийн газраас албан ёсоор хийж өгчээ.Канадад хуурамч бичиг баримт хийх нь мэдээж хуулиар хориотой.Тиймээс тус улсын парламент дэлхийн 2-р дайнаас хойш түүхэндээ анх удаа онцгой, нууц хуралдаан зарлаж, нэг удаад 6 баримт хийхийг зөвшөөрчээ.Элчин сайд Тэйлорын өрөөнд ажилдаа тухлан орсон Мэндэс паспортууд дээр өөрийн үйлдсэн Ираны визийг дарах гэтэл бэх нь хатчихсан байж.Ингээд сайдын хамгийн сайн шотланд вискигээр нь норгоод дарсан гэнэ.

Зүсийг нь хувиргаж, Холливүүдийн киночид болгосон нь

      Элчин сайд Тэйлор “урилгагүй” зочид дээрээ Тони Мэндэсийг авч ирсэн тэр орой мань зургаа Дани, Шинэ Зеландын элчин сайдуудтай оройн зоог бариад сууж байжээ.Оройн хоолны дараа Тони “Би та нарыг гаргахаар ирлээ” хэмээгээд л шууд ажилдаа оров. Бичиг баримт, нэрийн хуудас, өнөөх хуурамчаар бий болгосон “Studio Six” кино компанийн хаяг, утас, Арго киноны зохиол, зураг, сонин дээр гарсан сурталчилгаанууд... бүгдийг тараав. 

      Кора Лижек кино зохиолыг бичсэн Тереза Харрис болов.Нөхөр Марк нь унаа тээвэр хариуцсан ажилтан.Катлийн Стаффорд дезайнер, нөхөр нь туслах продюсер.Хамгийн ахмад Андерс гуай бол яах аргагүй найруулагч.Харин Шатз атташе оператор болж, камер хэрхэн ажиллуулах номтой танилцах даалгавар авлаа.Үс зүсийг нь ч мөн хувиргав.Авсан дүрдээ тэд амжилттай тоглож байлаа.Гэвч илүү хүнд нэг асуудал байжээ.

       Иран руу орогчид адил асуулттай шар цагаан хоёр хуудас бөглөдөг бөгөөд шарыг нь өөртөө авч ордог, харин цагааныг нь хил гааль дээр авч үлддэг аж.Мэдээж авч ордог шар хуудсыг бол Мэндэс дор нь хийнэ, харин тэнд үлдсэн, үнэндээ бол үлдээгүй цагаан хуудсыг яах билээ.ТТГ-ын судалгаагаар Ираны шалган нэвтрүүлэх ажилтнууд шар цагаан хуудсыг тэр бүр тулган хардаггүй нь тогтоогджээ.Гэвч нөгөөдүүл сандарч эхлэв.Тони Мэндэс ч дотроо түгшиж байсан хирнээ “Ямар ч аюул байхгүй, би ийм ажил олон хийсэн, надад итгэ” хэмээн тайвшруулж байсан аж.Хожмоо харин “тэд л сандраад эхэлбэл жинхэнэ аюул тэр.Тиймээс хэдийгээр ямар ч баталгаагүй байсан ч гэсэн би тэднийг өөрсдөдөө итгэлтэй болгохын тулд аюул байхгүй, амархан гэж хэлсэн юм” хэмээсэн байдаг.

Хоцордоггүй онгоц хоцорч айлгав

       1980 оны 1 сарын 28-ны үүрээр Америкийн 6 дипломатч Канадын 6 киночин болоод, Мехрабад онгоцны буудлыг зорилоо. Нислэгийг маш нарийн тооцоотойгоор сонгосон байна.Юуны өмнө өглөө эрт, хилийн ажилтнууд нойрмог хэвээр атал хамгийн их хүн хөлхсөн цагийг тааруулан, барагтай бол хоцордоггүй Швейцарын нислэгийг сонгосон аж.Тэр өглөө Жое Стаффордоос бусад нь бүгд өөртөө итгэлтэй, дүрдээ сайн орж байв.Ганц Жое л эхнээсээ энэ төлөвлөгөөнд сэтгэл дундуур байсан тул сандарч мэгдсэн харагдаж байлаа.

       Эхлээд Мэндэс онгоцны буудал руу оров.Мэргэжлийн хүний ажигч нүдээр чухам аль постоор орвол зүгээр, байдал ер нь ямар байна гэдгийг дүгнэж буй хэрэг.Өглөө 10-аас хойш Хувьсгалт Гвардийн цэргүүд цуглаж, дүрвэн гарах гэсэн иранчуудыг шалган, хүмүүс уйлж, хашхиран, байдал хэцүүддэг ажээ.Харин одоо бол тун намуун, цэрэг цөөтэй байлаа.Мэндэсийн дохиогоор бүгд буудал руу орцгоов.Ная гаруй хоног олны дунд ороогүй, айлд бүгсэн хүмүүс анх удаа гарч байгаа болохоор хэцүү байлаа.Ираны хилийн ажилтан бүгдийнх нь паспортыг аваад явсан тэр хэдхэн минут хэдэн цаг мэт л үргэлжилсэн гэдэг.Хувьсгалт Гвардийнхан орж ирээд, ялангуяа нутаг нэгтнүүдээ дээрэлхэн, заримд нь огт шалтгаангүйгээр бүтэн биений үзлэг хийж эхэллээ.Мэндэс нөгөө зургаад “цэргүүдтэй шууд харц мөргөлд, харцаа битгий буруул, итгэлтэй бай” хэмээн зөвлөнө.

      Өнөөх Жое сандарсандаа найзуудаа жинхэнэ нэрээр нь дуудаж нэг балмагдав.Дараа нь Ираны сонин авч уншиж эхэлснээ гэнэд Канадын киноны багийнхан перс хэл мэдэх ёсгүйг санаад буцааж тавив.Ингэсээр арай гэж нэг юм орох болтол өнөөх цагаасаа хоцордоггүй Swissair-ийн нислэг хойшлогдчихож.Мэндэс нислэгээ яаралтай солиулж болохыг мэдэхээр яваад өгөв.Азаар гэмтэл ноцтой биш байж, нэг цагийн дараа “Канадын зургаа” тагнуулчтайгаа агаарт хөөрчээ.Орж байхдаа нэрийг нь уншвал мөнөөх онгоцны нэр маш гайхалтайгаар “Аргау” хэмээн таарсан байх нь тэр.Андерс Мэндэсийн мөр лүү цохиод “Та нар бас айхтар байна шүү.энэ бүхнийг төлөвлөө л биз дээ” гээд инээсэн гэдэг.

Гэвч бас баяраа тэмдэглэх арай л болоогүй байлаа.Тэд Ираны нутаг дэвсгэрт байгаа хэвээрээ шүү дээ.Үйлчлэгч бүсгүй онгоцны зар цацагчаар “Бид Ираны агаарын хилээс гарлаа.Та согтууруулах ундаа захиалж болно” гэхэд л сая нэг нулимс унаган тэврэлдэж, хатуухан юм тулгасан байна.     

Кино болсон нь

      Үйл явдал товчдоо иймэрхүү.17 жил нууцлалын зэрэгтэй байсан учраас АНУ-ын ТТГ энэ операцийг зохион байгуулсан гэдгийг хэн ч мэдсэнгүй.Бүгд л Канад дангаараа гаргаад ирлээ гэж итгэсээр иржээ.1997 онд энэхүү хэрэг нууцлалаас гарч, сэтгүүлч, зохиолчдын анхааралд өртөх болсон байна.ТТГ ч 50 жилийнхээ ойгоор олон нийтэд байгууллагаа сурталчлах үүднээс бүх цаг үеийн 50 шилдэг тагнуулаа шалгаруулан зарлахад Тони Мэндэс багтжээ.

      Холливүүдийн ийм чухал оролцоотой нууц операци Холливүүдийн анхаарлын гадна үлдэнэ гэж хэзээ ч байхгүй. Тони Мэндэстэй илүү ойр ажиллаж чадсанаараа Бен Аффлек эрхийг авч, 2012 онд өөрөө найруулан, өөрөө гол дүрд нь тоглон “Арго” киног бүтээжээ. Киноны үйл явдал өмнөх жинхэнэ түүхээс тэгтлээ гажихгүй тул давтан өгүүлэхгүй.Харин зарим өөрчилсөн зүйл, гомдол зэргийг хойно өгүүлэх болно.“Арго” кино шүүмжлэгчид, үзэгчдээс өндөр үнэлэлт авч, Оскарт долоон төрлөөр нэр дэвшсэнээс гурвыг авсан юм.Бүтээл нь шилдэг киногоор шалгарсан атал Аффлек өөрөө “шилдэг найруулагч”-д бүр нэр нь ч дэвшээгүйг олон кино судлаач, найруулагч шүүмжлэн өгүүлсэн буй.  

Зураг 6. Жинхэнэ “Арго” киноны зурагт хуудас



Миний ажил банк дээрэмдэх, аборт хийхтэй төстэй

     Энэ бүх үүх түүхийн эзэн, ТТГ-ын 50 шилдэг тагнуулчийн нэг Тони Мэндэстэй уулзах завшаан Гадаад Харилцааны Дээд Сургуулийн багш нарт тохиов.4 сард болсон тэрхүү уулзалт халуун дулаан, хөгжөөн наргиантай уур амьсгалд, асуулт хариулт маягаар өрнөлөө.Эхлээд Тони Мэндэс ТТГ-т гүйцэтгэдэг байсан үүргээ, мөн Арго операцийн тухай ерөнхий ярив.Тони яриандаа их өвөрмөц, хошин зүйрлэл, үүх түүх оруулна.

“... Exfiltration (хүн гаргах) гэдэг бол бараг л банк дээрэмдэж байгаатай төстэй ажил юм даа. Гагцхүү цаад банк нь мөнгөө алга болсноо хэзээ ч мэдэхгүй...” 

“... Мань зургааг хэрхэн гаргах тухай асуудал хэлэлцэгдэж байхад зарим том дарга юун тухай ярьж байгааг ер ойлгодоггүй.Дугуй унуулаад Туркийн хил хүргэнэ гэж хүртэл ярьж байна.Ер нь тусгай ажилтан явуулахгүй, өөрсдөөр нь гаргачих санаатай.Тэгэхээр нь би хэлсэн юм.Хүн гаргана гэдэг аборт хийхтэй адил нарийн ажил байдаг юм аа.Өөрөө өөртөө аборт хийнэ гэж байдаггүй биз дээ гэсэн. Хурлын дараа Төрийн Департаментийн нэг настай эмэгтэй дарга “Хүү минь чи наад үг, зүйрлэлээ сайн бодож байгаарай” гэж сануулж билээ..”

CIA-ийн шилдэг 50 тагнуулчийн нэг Тони Мэндэс

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Стивен Спилберг хүртэл хуурагдав

Дараа нь бидэнд Тони Мэндэсээс сонирхсон асуултаа асуух боломж гарав.

Та хүн гаргадаг ажил хийдэг гэсэн, яг хэдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулсан бэ?

      Дэлхий даяар орших өөрийнхөө талын 15 мянга гаруй хүнийг байгаа улсаас нь гаргаж авсан.Энэ зургаа бол зарчмын хувьд тэр арван таван мянгын зургаа нь л юм.Гэхдээ мэдээж арай өөр онцлогтой зүйл байсан л даа.Гаргаж авах үйл ажиллагааг тухайн хүнийг яг мөрдөн мөшгиж байгаа, шууд аюул заналхийлж буй эсэхээр нь хоёр ангилдаг юм.Канадын зургаа бол хамгийн аюултайд нь багтаж байсан.   

Бусад гаргаж авсан хүмүүсийн тань ийм сонирхолтой үүх түүх байдаг уу?

      Хүн бүрийн тохиолдол өөр.Зарим нууцлалаас гарсан сонирхолтой түүхээс The Master of Disguise, Spy Dust гэж хоёр номдоо оруулсан байгааг сонирхвол авч уншаарай.Зарим үйл ажиллагааг маш богино хугацаанд яаралтай гүйцэтгэнэ, заримыг бүр олон жилээр бодож төлөвлөж хийнэ.Хоёулаа зэрэг тохиосон жишээ гэвэл Польшид манай талын нэг хүн олон жил ажилласан юм.Хэзээ нэг цагт хүнээ авах нь тодорхой учраас бичиг баримт бүх юмыг нь бид хийгээд л явж байлаа.Найм ес орчим насны хоёр хүүтэй, хоёр хүүгийнх нь материал юмыг ч давхар хийгээд явдаг байв.Жил бүр хүүхдүүд өснө, одоо иймэрхүү болж байгаа гээд л үнэмлэх түүхийг нь хийнэ.Ингээд арваад жилийн дараа нөгөө хүн маань гарах шаардлагатай болдог юм байна.Хүүхдүүд нь том залуучууд болчихсон, гэвч бидний бэлтгэл сайн байсан учраас асуудалгүй байлаа.Тэгээд яг хөдлөхийн эхэнд том хүү нь миний сүйт бүсгүй яах билээ хэмээн асуудаг юм.Өөрийнхөө талын хүний сүйт бүсгүйг хэрхэн үлдээх билээ.“Аваад гаръя даа” л гэсэн, яаралтай ажиллагаа явуулж, аваад л гарч ирж байлаа.

Киночид болгох санааг та яг Арго кинон дээрх шиг “Planet of Apes” киног үзэж байгаад олсон юм уу?

      Үгүй ээ, тэр киноны халил.Би Оттава руу хэлэлцэхээр явж байхдаа энэ санааг олсон юм.Иранд байдал тийм хэцүү байхад элдэв юм бодолгүй орчихсон явж чадах “гарууд” бол холливүүдийнхэн л байна гэж бодсон.Тэгээд ч дэлхийн хаа сайгүй тэдний кинонд их дуртай байдаг юм.Тэр үед “Оддын дайн” кино ид алдаршиж, хүмүүс өвчилж байсан үе.Уран зөгнөлт кино яг таарахаар.

Хуурамч киноны баг болгохын тулд бүхэл бүтэн студи жинхэнээр шахуу байгуулна гэхээр бас л их ажил орсон юм байна даа?Холливүүдийнхэн өөрсдөө хүртэл хууртаа биз?

      Дөрөвхөн хоногт л студи байгуулсан.Би өөрөө Лос Анжелес руу ниссэн юм.Кино компаниа Studio Six хэмээн нэрийдсэн маань зургаан хүнийг аврах гэж байгааг хэлж байгаа хэрэг.Ер нь ихэнх хүн бидний тэгж нарийн бэлдэж, студи байгуулж, сонин дээр зар сурталчилгаа тавьсныг ирануудыг л хуурах гэсэн гол зорилготой гэж ойлгоод байдаг юм.Тийм зорилго бас байсан л даа, гэхдээ миний хувьд бол нөгөө зургаагаа л илүү итгүүлэх, үнэмшүүлэх, өөртөө итгэлтэй байлгах нь гол зорилго байсан.Сонины зар, үнэхээр ажиллаж байгаа студи зэргийг хараад мань зургаа ч үнэхээр зоригжиж, шал өөр болсон шүү.  

      Биднийг бүх хүн жинхэнэ кино хийж байна гэж бодож байлаа.Энэ л хамгийн хэрэгтэй зүйл байсан юм.Хуурамч студид маань арав гаруй кино зохиол ирсэн.тэр дотор хэний зохиол байсан гээч? Стивен Спилберг!  

Тони Мэндэстэй уулзсаных ном дээр нь гарын үсгийг нь зуруулж авав.

Нуувал нуусан шиг нуу, яривал ярьсан шиг ярь.

Бэн Аффлек цагаан арьстан, танд латино хүн тоглож болоогүй юм уу?

Аффлек сайн найруулагч, сайн жүжигчин.Ажлаа сайн хийсэн.Асуудал байхгүй.

Кинон дээр хамгийн эцсийн мөчид операцийг зогсоох шийд гардаг. Яг тийм явдал болсон уу?

      Тэр бас киноны нэмэлт.Тэрэнтэй хамгийн төстэй болсон явдал гэвэл Франкфуртад Ерөнхийлөгчийн зөвшөөрлийг хүлээж хориод минут, нервтэй суусан.Эцэст нь ногоон гэрэл өгсөн.Тушаал дагадаггүй, өөрийнхөөрөө шийддэг нь бол миний хувьд үнэн юм аа.Ер нь бол баримтат кино биш учраас киноны нэмэлтүүд байх л ёстой юм билээ.Жишээ нь онгоц хөөртөл Хувьсгалт гвардийнхан хөөж, туусан, зогсоох гэж оролдсон юм бол байхгүй.Гэхдээ бид бүгдийн сэтгэл санаа бол онгоц хөөртөл яг л тийм байдалтай, баригдах гэж байгаа, хөөгдөж байгаа мэт байсан л даа.Тэрийг бас уран сайхны аргаар тэгж илэрхийлдэг юм билээ.  

Ираны тал киног хэрхэн хүлээн авсан бол, дуулсан уу?

       Аа тэд их дургүй байна гэнэ лээ.Гаргах хориотой юм уу даа.Гэхдээ хүмүүс нь нууцаар оруулж их үзэж байгаа юм байх.Сонирхолтой нь тэд болсон хэрэг явдлын тухай өөрсдийн гэсэн киног хийнэ гэнэ лээ. Тэгэхэд надад хэн тоглох нь их сонин байгаа юм (бүгд инээлдэв) 

Олон жил нууц ажил хийж, хэний ч өмнө гардаггүй хүн, одоо гэнэт ингээд киноны гол баатар болж, хүмүүсийн анхаарлын төвд орохоор сонин, хэцүү, ер нь ямар байна вэ?

     Тагнуулын ёсзүй гэж юм бий. Амжилтаа тэмдэглэж, баярлаж болдоггүй.Энийгээ л дагадаг байлаа.Тэгтэл ТТГ-ын 50 жилийн ойгоор олон нийтэд ажлаасаа таниулах хэрэгтэй болов.Эхлээд нэг дарга маань дуудаад 80 оны явдлыг олон нийтэд яриач гэхээр нь би зөвшөөрөөгүй юм.Тэгтэл бүр газрын дарга маань дуудаад өөрөө хүссэн.Ингээд л ярьсан маань энэ.Одоо тэгээд шинэ ёсзүй гарч ирж байна.Ярих цаг нь болсон зарим юмыг олон нийттэй хуваалц.Нэгэнт л ярьж байгаа бол олигтойхон ярь.Өөрөө тэрэндээ дуртай байж, таашаал ав, хөгжилтэй бай... гэж.

Зургаагийн нэгтэй бас уулздаг юм байж.

       Сонин сайхан үүх түүх сурвалжлах дуртай надад бас нэг аз тохиодог юм байна.Юу гэвэл “Канадын зургаа”-гийн нэг, Катлийн Стаффорд авхай уулзалтад хүрэлцэн иржээ.Тони Мэндэстэй уулзсаны дараа хүмүүс бүгд номыг нь авч гарын үсэг зуруулахаар Тони руу хошуурах зуур Катлийнтай цөөхөн үг сольж амжив.

“Канадын зургаа”-гийн нэг, Катлийн Стаффордын хамт

86 өдөр айлаас гарахгүй байна гэхээр хэцүү байсан уу? Юу хийж өнждөг байв?

       Кинон дээрх шиг бид зургуулаа Элчин сайдынд байгаагүй юм.Гурав маань сайдынд, нөгөө гурав маань Шийрдаун гэж бидэнд маш их тусалсан канад дипломатчийн гэрт байлаа.Сүүлдээ өдөр бүр хийдэг юм яг адил, цагийн хуваарь шиг болчихсон байсан.Өглөө босно, цай уугаад сонин уншина гэх мэт.Кинон дээр гардаг архи нэлээд уудаг бол яг үнэн.Айдастай ч байсан, цаг өнгөрөөмөөр ч байсан, архи бол бид их уудаг байсан.Гэртээ илүү хүн байгааг мэдэгдүүлэхгүй гэж гэрийн эзэд хогоо ажилдаа явж байхдаа, замдаа хаядаг байв.

Зүсээ хувиргаж, өөр хүн болоход хэцүү байсан уу?

        Миний хувьд бол гайгүй.Учир нь ТТГ бүх юмыг маш сайн бодож төлөвлөсөн байсан л даа.Би өөрөө зураач мэргэжилтэй хүн.Тэгтэл намайг дезайнер болгосон байсан.Хил дээр шалгадаг дээрээ хүрвэл би сайн зурж чадна.Манай найз Кора, англи хэлний багшаар төгссөн, түүнийг кино зохиолч болгосон байсан.Биднийг сайн судалж дүр оноосон юм билээ.

Та хэдийг түрүүлээд 86 хоногийн дараа гарчихсаныг 444 хоног барьцаалагдсан нөхөд тань мэдсэн бол уу? Мэдсэн бол сэтгэлийн ямар хөдлөлтэйгөөр хүлээж авсан бол?

      Эхэндээ бид нарыг Иранаас байтугай Элчин сайдын яамнаас ч гарсан тухай мэдээгүй байсан юм билээ.Толгойд нь уут углаад харанхуйд хорьчихоор хэн хаана байгааг мэдэх арга байхгүй.Сүүлд харин нэг нь сонин тохиолдлоор мэдсэн байдаг.Иранд Америкийн бүх хэвлэлийг хорьсон, зөвхөн спортын сэтгүүлийг л оруулдаг байж.Нэг харгалзагч залууд Sports Illustrated сэтгүүлийн дугаар байгааг гуйж уншиж л дээ.Тэгсэн чинь Монреаль, Нью-Йоркийн бэйсболын багуудын тоглолтын тухай мэдээн дээр “Канадын тусламжтайгаар Иранаас зугтан гарсан Америк дипломатч тэр тэр нар оролцлоо” гэж бичсэнийг уншаад маш их гайхаж.тэгээд учиргүй их баярласан гэнэ лээ. Өөрсдөө бол үхэх сэхэхээ ч мэдэхгүй байсан тэр үед ямар ч байсан зургаа маань гарчихаж гэж бодоход сайхан байсан гэсэн.    

Канадаас өөр та нарт тусалсан улс байгаагүй юм уу?

          Кинонд Шинэ Зеланд, Их Британи хоёр их гомдсон гэсэн.Арга ч үгүй.Бидэнд үнэхээр тусалж байсан юм.Гэтэл кинон дээр “Их Британи, Шинэ Зеландын ЭСЯ дээр очсон, хүлээж аваагүй” гэсэн өгүүлбэр гардаг.Бэн Аффлек тэднээс уучлал гуйгаад тайлбар хийсэн гэсэн.“Энэ зургааг үнэхээр очих газар олдохгүй, хэцүү байсан гэдгийг үзүүлэхийн тулд тийм өгүүлбэр оруулсан юм аа” гэж.Канад бол яах аргагүй гол хүмүүс байсан.Явах өдөр бид бэлдэж өгсөн чемоданыг нь үзтэл Америкийн нэг ч юм байхгүй, жижиг шархны лент хүртэл Канадад үйлдвэрлэсэн эд байлаа.

Баярлалаа танд.

       гэх мэтчилэн ярилцсаар Тони Мэндэсийн бичсэн номыг зохиогчийн гарын үсэгтэй авсан дээрээ Катлийн Стаффордын гарын үсгийг бас зуруулж авснаар сэтгэл сая ханав. Тони, Кати хоёрын хэн хэн нь мэргэжлийн зураач нар бөгөөд тэтгэвэрт гарснаасаа хойш уран бүтээлээ туурвисаар, үзэсгэлэнгээ гаргасаар яваа ажээ.   

Тони Мэндэсийн ном дээрээ бичиж өгсөн үгс. Киног үзээгүй хүмүүс бол яагаад F үг бичээ бол хэмээн гайхаар. Argo f… yourself хэмээх нь уг үйл ажиллагааны уриа шахуу байжээ. Хамгийн доод талынх нь Катлийн Стаффордын гарын үсэг.

Бас нэг сонин хууч

     Миний хажууд ахимаг насны хос суусан юм.Танилцаад мэнд усаа мэдтэл намайг Монголоос ирснийг сонсоод их баярлаж байна. Учир нь Ганаа гэж монгол залуу гал тогооных нь крант, тавиур зэргийг янзалж, хийж өгсөн гэнэ. Нөхөр нь харин Тони Мэндэстэй хамт ажиллаж явсан хүн байна. Тэгээд Ганааг гал тогоонд нь монгол гэр хэлбэрийн хөөрхөн юм хийж өгснийг магтан ярингаа, Тонитой Иранаас өмнө хамт ажиллаж байсан, Spy Dust гэдэг ном нь их сайн болсныг хуучлаад уншихыг зөвлөв.Эцэст нь “Тэр нөгөө нэг ном дээр нь Тони ЭСЯ эзлэгдэхээс хэдэн сарын өмнө Иранаас нэг тагнуулчийг гаргасан түүхээ бичсэн байдаг юм.Тэр нь мэргэжлийн тагнуул хүн байсан атлаа яг цаг нь тултал Хувьсгалт Гвардийнхнаас маш их айж, онгоцны буудлын жорлонд ороод нуугдчихсан байсан гэдэг.Гэтэл мань зургаа энгийн иргэд атлаа маш зоригтой байсан байгаа юм” хэмээн ярьж билээ.

Бэн Аффлекийн тоглосон дүрийн жинхэнэ эзэнтэй ийнхүү нэг уулзах, бас уншигч тантай тэр сониноосоо хуваалцах учиртай юм санж. “Нуувал нуусан шиг нуу, яривал ярьсан шиг ярь” хэмээх тагнуулын ёсзүйг бодож явтал “Ингэхэд манайд нууцлал хэдэн жилээр байдаг бол? Нууцлалаас гарсан хэрэг явдлыг олон нийтэд ингэж дэлгэж болдоггүй юм бол уу?” гэх мэт асуулт толгойд орж ирж байлаа. Тухайлбал намайг багад Хүнсний хорийн өмнө нэг их том зодоон болж байсан, хэдэн хүнийг баривчилж ямар ял оноосон, тэнд чухам юу болсон нь, бас Төмөр-Очир гуайг егүүтгэсэн хэрэг нууцлалаас гарах хугацаа нь болсон бол мөрдөн байцаалт нь хэрхэн явагдсан зэрэг нь их сонирхолтой санагдах юм. 
 

М.Саруул-Эрдэнэ


@SaruulerdeneM.

ЭХ СУРВАЛЖ:

Нийтлэл / Мягмар Саруул-Эрдэнэ 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0