ШАГДАРЫН ЛХАМНОРЖМАА: СЭТГЭЛИЙН АМГАЛАНГ ОЛОХ Л ХАМГИЙН САЙХАН
Монголын зохиолчдын эвлэлийн болон “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Шагдарын Лхамноржмаатай уулзаж хөөрөлдлөө. Лхамаа найрагч бол онгод төгөлдөр, цалгиатай халгиатай уран бүтээлч.
“Би эх орныхоо ээж нь
Бэтгэртлээ санаж амиа дэвсдэг эх нь
Хүүхэд шиг уйлж,
Хөхөө чинэрүүлдэг шүү,
Үр-Эх орон минь...” гэж тэр л бусдаас тэс өөрөөр эх нутгаа хайрлан дуулсан. Дөрвөн жил гаруй хугацаанд хэвлэлд ярилцлага өгөөгүй эрхэмсэг найрагч маань “Даяарын амгалан” хэмээх утга төгөлдөр нэр бүхий уран бүтээлийн цэнгүүнээ Соёлын төв өргөөнөө удахгүй толилуулах болжээ.
-Дөрвөн жил чимээгүй байснаа гэнэтхэн “Даяарын амгалан” уран бүтээлийн цэнгүүнтэй хамт уншигч, фенүүддээ эргэж иржээ. Энэ нэрнээс харахад Лхамаа өнгөрсөн дөрвөн жилд өөртөө юу нээж, бас олов гэж асуумаар санагдлаа ?
-Сүүлийн хэдэн жил би жаахан өвдлөө. Гэвч хэцүү бүхний ард олон хүний тус дэм, сэтгэл, итгэлийн хүчээр гарлаа. Хүн өвдсөн ч гэлээ бас өөртэйгөө “ажиллаж”, өөрийнхөө дотогш өнгийж, сэтгэлийн амар амгалан, орон зай, зөн мэдрэмжийг таньж, өөртэйгөө ярилцаж байх ёстой юм шиг байна. Сэтгэлийн амгаланг олох л хамгийн сайхан юм. Тиймээс уран бүтээлийн тоглолтоо “Даяарын амгалан” гэж нэрлэсэн. Дээр нь цагаан сар ч дөхөж байна. Сайн сайхныг мөрөөдвөл сайн сайхан дагаж явдаг. Хайр нигүүслээр бялхсан зүрх сэтгэл амар амгаланг олж харахдаа сэргэг байдаг. Хүн бүхэн тийм л амгаланг мэдрээсэй гэж хүссэн юм. Би урьд нь 2009 онд “Чамайг бүтээхүй” гэсэн нэг тоглолт хийж байсан. “Даяарын амгалан” уран бүтээлийн цэнгүүн маань хоёрдугаар сарын 3-ны 15 цагт Соёлын төв өргөөнд болох юм. Монгол Улсын консерваторын үндэсний найрал хөгжим удирдаач Р.Ганбатын удирдлагаар оролцож тоглоно.
-Цэнгүүнд тань хэн хэн оролцох бол. Таны хань, Монголын шинэ цагийн хөгжмийн нэрт зохиолчдын нэг Цэн.Эрдэнэбатын аялгууг нь зохиосон олон дуу дуулагдах байх даа?
-Эрдэнэбат бид хоёрын хамтран зохиосон олон дуу бий. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, Ө.Уянга нар “Ижий улирал” дууг минь дуулна. Гавьяат жүжигчин Лосолын Болдбаатар “Сэтгэлийн гэгээ”, “Шуранхайт нутаг” дуунуудыг дуулах юм. Бас бид хоёрын “Би чамд хайртай”, “Зүрхний гижиг” дуунуудыг Соёлын тэргүүний ажилтан Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар хослон дуулдаг даа. Тэд маань ч ирнэ. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Чулуунбаатарын “Цаг мөнхийн хайр” байна. Дуучин Э.Оюумаагийн дуулсан “Өнө мөнхийн хайлан”, “Ертөнцийн наран ээж”, дуучин Э.Болормаагийн дуулсан “Уйдашгүй эх орон”, Ш.Лхагвасүрэнгийн “Хайрын тавилан” гээд их олон дуу бий, бид хоёрт. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат нарын аялгуу, миний шүлэг “Сүүн замтай Монгол”-ыг соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Жамсранжав, Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс нар дуулж байгаа.
-Өөр олон уран бүтээлч оролцож байгаа юу?
-Хөтлөгч Д.Цовоо, Б.Гантигмаа нар шүлгүүдээс минь уншина. Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, Д.Нацагдоржийн болон “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо нар маань оролцож уран бүтээлийн дээжээ өргөнө. Тоглолтын найруулагчаар хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр маань, продюссерээр Улсын драмын эрдмийн театрын ахлах менежер, Соёлын тэргүүний ажилтан Б.Гэрэл нар маань ажиллаж байгаа. Сэтгэл зүрхээрээ уран бүтээлийг минь дэмжиж байгаа байгууллага, хувь хүмүүс олон байгаад би баяртай байна. Улаанбаатар хот дахь Архангай аймгийн Чулуут сумын нутгийн зөвлөлийнхөндөө, “Хүчит Чулуут” компанийн захирал Л.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Гомпилдоогийн Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд талархаж байна даа.
-Ингэхэд шинэ ном нь хэвлэгдэх гэж байгаа гэл үү?
-Би уг нь цэнгүүн гэхээсээ урьд номоо л гаргая гэж бодож байсан юм. Сүүлдээ нэлээд бодсны эцэст номоо ч хэвлүүлье, цэнгүүнээ ч хийе гэсэн шийдэлд хүрсэн. Номын маань нэр “Шүлэг тарьдаг эх орон”. Би чинь их замбараагүй хүн.Чихрийн цаас, тэмдэглэлийн дэвтэр хаа сайгүй л шүлгээ бичээд орхичихдог. Тиймээс энэ шүлгүүдээ нэг цэгцэлсэн нь дээр юм байна гэж бодлоо. Өмнө нь би “Ижий улирал”, “Цаг мөнхийн хайр”, “Гийнгоо” нэртэй гурван цомгоо хэвлүүлж байсан. 2006 онд “Зүрхний гижиг” дан яруу найргийн, 2009 онд “Даяарын амгалан” яруу найраг, дууны цомог гаргаж байлаа.
-Таныг харахад эршүүд хэрнээ уяхан, бас жаахан танхилдуу бүсгүй мэт санагддаг. Гэтэл хүнд хэцүү давааг даваад гарчээ?
-Юуг бэрхшээл гэж харахаас л бүх юм шалтгаална. Гэхдээ өвдөх хамгийн хэцүү юм. Мөнх юм шиг бусдад үүрдийг бүү амла. “Өлмийд чинь юу ивснийг өөрөө ч олж хардаггүй” гэж үг бий. Гол нь сэтгэлээ анагаах нь амар амгалан юм шиг байна.
-Хүн бүхэнд шүлэг бичих авьяас байдаг. Яагаад гэвэл бүгд л дурладаг гэлцдэг. Гэсэн ч яруу найрагч байна гэдэг өөр тавилантай шиг санагддаг?
-Хүнээс өөр гэж бодохгүй байна. Гэхдээ өвсний гунигийг, өөр хэн нэгний нулимсыг, уулсынхаа тунихыг илүү мэдэрдэг байж магадгүй юм аа, бид.
-Таны хамгийн түрүүнд аманд орж ирдэг шүлгийг сонсмоор байна?
-Эх хүнд үхэл ирдэггүй... Ээжүүд он цагийн үргэлжлэл.
-Тэгвэл эмэгтэй хүн байх тухай, ялангуяа хүн байх тухай та ямар төсөөлөлтэй явдаг вэ?
-Ээж байна гэдэг харин ч хүнээс илүү үүрэг хариуцлага, илүү тэвчээр, талбиу ухаан нэхдэг тавилан юм шиг байгаа юм. Уучилж сурсан хүмүүс, хайрлаж чаддаг хүний олонх нь хүн байж чаддаг.
-Эхлээд хүн бол, дараа нь яруу найрагч бол гэж үг ч бас байдаг даа?
-Нэг талаараа яруу сэтгэлтэй байж гэмээнэ яруу найрагч байдаг. Үг төдийгүй авиа хүртэл өөрийн энерги эрчимтэй байдаг болохоор үг, өгүүлбэрийн ерөөл жигдрүүлж байгаа хүн нь өөрөө хэзээ ч муу хүн байж таарахгүй санагддаг. Муу санаа, муухай үг цөөн, их л гэнэн хүмүүс байдаг шүү дээ, манай найрагчид чинь. Магадгүй сэтгэлийн нэг гоёл нь гэнэн байх явдал байж болох юм. Атаа жөтөө дүүрэн, алаан тулааны талбар шиг гэж амьдралыг харахаасаа илүү энэрэл эл бэрэл дүүрэн, хайр уучлалын ертөнц гэж харвал тийм л байх болно гэж итгэдэг.
-Хүмүүс амьдралдаа алдсан, оносон тухай янз бүрээр ярьдаг. Та алдааны тухай ямар бодолтой байдаг вэ?
-Залуу нас, гэнэнээрээ гоёж яваа хүн аль алдааг тойрч гарах вэ дээ. Өчигдрийн алдаа гэж өөрийгөө зэмлэлээ ч, тэр нь миний маргаашийн оноо байхыг алийг тэр гэхэв. Алдахгүй гараа хумхиж, буруугийн дэргэд дүлий болж, зөвийн хажууд хэлгүй юм шиг байж яруу найрагчид угаасаа сураагүй.
-Таны хувьд шүлгүүдэд нь хайртай тийм найрагч хэн бэ?
-Олон сайхан найрагчид бий. Хүнийхээ хувьд болон найраг шүлгээр нь Ичин, Мөөжиг, Хулан, Анхтуяа, Чулуунцэцэг, Оюундэлгэр, Болорцэрэн, Төгсжаргал, Үл-Олдох нарын хүүхнүүддээ хайртай. Мэдээж Ш.Дулмаа багшийнхаа ухааныг биширдэг. Ц.Чимиддорж, Т.Галсан гуай, Б.Лхагвасүрэн гуай, П.Бадарч гуай, Д.Урианхай гуай, Д.Цоодол гуай нарын олон сайхан яруу найрагчид маань найргийн тэнгэрийнхээ тулах багана болоод бидний дунд байж л байна. Энэ бол бидний хувьд үнэхээр том хувь заяа юм.
-Арын сайхан хангайн Чулуут гол гэж боргио даргиатай сайхан голын хөвөөнд төрж өссөн найрагчаас нутгийнх нь тухай асуухгүй бол алдас болно доо?
-Чулуут голынхоо эрэг дээр, сургууль гэр хоёрын хооронд аав ээждээ эрхэлж өссөн. Жаахан сахилгагүй, эрэгтэй хүүхэд шиг охин байсан ч онц сурдаг, олон сонгуультай, мундаг хэнхэг хүүхэд байлаа. Сүүлийн гурав дөрвөн жил нутагтаа очиж амжсангүй. Нутгийн минь сүмбэр сайхан уулс модтой хадтайгаа санаа бодол, зүүд нойронд хүртэл уран зураг шиг дурайж харагдах юм. Ирэх зун нутагтаа очно доо.
-Анхны шүлгээ санадаг уу?
-Аавын тухай шүлэг. Миний аав сайхан барилддаг, ээжид минь халамжтай, биднийг их эрхлүүлдэг хүн байлаа. Аав минь даанч эрт өөд болсон доо. Миний шүлэг бичих шалтгаан аавын минь нутаг сэлгэлт байсан. Дарамын Батбаяр гуайн “Яруу найраг гэдэг найрал хөгжим биш, нулимс урсах чимээ” гэж хэлсэн нь сэтгэлд нэг юм сэрхийтэл хийж билээ, тэгэхэд.
-Хэдэн жилийн өмнө дөө “Хэрвээ та яруу найрагт сэтгэл алдраагүй байсан бол” гэсэн асуултад “Гэгээрэхийн төлөө чадлаараа тэмцэгч сахил сахьсан хүн байхыг мөрөөддөг байлаа” гэж хэлсэн чинь санаанд орлоо. Одоо ингэж асуувал та юу гэж хариулах бол?
-Одоо сэтгэлийн амгаланг эрж хайсан, өөрийнхөө дотоод руу өнгийсөн тийм л цаг үедээ явж байна даа.