ПЁНЧАНЫ ОЛИМП: КЛОЕ КИМ СНӨҮБОРДЫН ТӨРӨЛД ХАМГИЙН ЗАЛУУ АЛТАН МЕДАЛЬТАН БОЛОВ
АНУ-ын тамирчин Клое Ким цасан спортын төрөлд хамгийн залуу Олимпийн алтан медальтнаар тодорлоо. Тэрээр хараахан 18 нас хүрч амжаагүй, түүний 18 насны төрсөн өдөр 64 хоногийн дараа болох тул өдгөө энэ төрөлдөө хамгийн залуу Олимпийн алтан медальтан хэмээн тодотгогдож байна.
1м 60см өндөртэй охиныг олон тамирчид дундаас онож харахад хэцүү хэдий ч Мягмар гаригийн тэмцээний үед хэн алтан медаль хүртэх нь тодорхой харагдаж байлаа. Учир нь Клое эхний оролдлогоороо аль хэдийн алтан медалийн болзлыг хангасан ч, гурван удаагийн боломжийг ашиглахаар шийдсэн байна. Гэхдээ түүний хоёр дахь оролдлого амжилтгүй болж, сүүлийн оролдлогоороо маш амжилттайгаар 98.25 оноо авч чаджээ. Түүний энэ төгс үзүүлэлт нь бусад тамирчдынхаас хол тасарсан амжилт юм байна.
Ийнхүү тэрээр алтан медалийн болзлыг хангасан бол Хятадын Лю Жиаю 89.75, АНУ-ын Ариел Гоулд 85.75 оноогоор түүний араас жагсжээ.
Клое Кимийн аав Жон Жин Ким охиныхоо хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч гэдэг нь тодорхой байлаа. Тэмцээний үеэр “Урагшаа Хлое!” гэсэн бичигтэй, зүрх бүхий самбар барин охиноо дэмжсэн.
Тэрээр 1982 онд Солонгос улсаас Америкт цагаачилж очсоныхоо дараа охиноо спортын энэ төрөлд тун ч авьяаслаг байгааг анзааран, улмаар ажлаа орхин снөүбордоор хичээллэх түүнийг Европын цанын баазуудад хүргэж өгч, бэлтгэл хийлгэдэг болсон байна.
Жон Жин Ким олимпийн наадмаас алтан медаль хүртсэн охиноо хараад “Америк мөрөөдөл” хэмээн дуу алджээ. Харин Клое аав, ээж хоёртоо тэврүүлэн баярын нулимс унагасан байна.
Энэ тухайгаа твиттер хуудсандаа “Би уйлах дургүй, гэхдээ энэ удаад нулимсаа тэвчих үнэхээр хэцүү байлаа. Та бүгдийн хайранд талархъя. Гэртээ алтан медальтай очихдоо үнэхээр баяр хөөртэй байна” хэмээн жиргэжээ.
Эх сурвалж: CNN
Орчуулсан: Г.Цэвэлмаа
Редактор Ю.Шүрэнцэцэг