Монгол улс аз жаргалын үзүүлэлтээр дэлхийн 156 орноос 94 дүгээрт жагслаа
НҮБ-ын Sustainable Development Solutions Network байгууллага өчигдөр дэлхийн аз жаргалын индекс тайлангаа танилцуулжээ.
2018 оны тайланд дэлхийн 156 орон оролцсон ба энэ сарын 20-нд тэмдэглэн өнгөрүүлэх Дэлхийн Аз Жаргалын Өдрөөс долоо хоногийн өмнө танилцуулж байгаа юм.
Улс орнуудын иргэдийн аз жаргалтай байдлыг зургаан гол үзүүлэлтээр үнэлсэн байна. Эдгээр нь орлого, эрх чөлөө, итгэл үнэмшил, урт наслалт, нийгмийн дэмжлэг, өглөгч байдал юм.
Жагсаалтыг Финланд улс тэргүүлж, өнгөрсөн оны аварга Норвеги улс удаалжээ. Араас нь Дани, Исланд, Швейцарь улсууд жагссан байна. Ази тивээс Израйль улс 11 дүгээр байрт орж тэргүүлсэн бол араас нь Арабын Эмират (20), Катар улс (32), Саудын Араб (33) тус тус удаалжээ.
Харин зүүн Азийн бүсээс Тайвань 26 дугаарт жагсаж хамгийн дээр эрэмбэлэгдсэн байна. Араас нь Сингапур (34), Малайз (35), Тайланд (46), Япон (54), Өмнөд Солонгос (57) жагссан байна.
Хятад улс энэ үзүүлэлтээр 86-д орсон бол түүний өрсөлдөгч Энэтхэг 133 дугаарт жагсжээ.
Азийн бусад улсуудаас Монгол (94), Вьетнам (95), Индонез (96), Бутан (97), Балба (101), Лаос (110), Бангладеш (115), Шри Ланк (116), Камбож (120), Мьянмар (130) дарааллаар эрэмбэлэгдсэн байна. Манай хөрш орнуудаас ОХУ (59), Казахстан (60) байраар дараалжээ. АНУ 18 дугаарт жагссан нь өнгөрсөн оноос 4 байр ухарсан үзүүлэлт гэнэ.
Энэ жилийн тайлангийн онцлог нь нийт 117 оронд амьдарч байгаа дүрвэгчдийн аз жаргалын үзүүлэлтийг судалж гаргасан юм. Эндээс харахад аз жаргалын түвшин өндөр оронд дүрвэсэн хүмүүсийн үзүүлэлт сайжирсан бол түвшин доогуур улсад дүрвэгсдийн үзүүлэлт буурсан байжээ.
Эх Сурвалж: Э.Сэмүүн www.IKON.mn