ПҮРЭВ ГАРАГТ УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
2018 оны УИХ-ын Хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5 буюу пүрэв гарагт 10.00 цагаас нээлтээ хийх тов гарсан байна.
УИХ-ын Хаврын ээлжит чуулганы нээлтийн өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан болох ажээ. Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр, Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ. Мөн чуулганы эхний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт” сэдвээр мэдээлэл хийх юм байна.
AYANGA.MN