21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Ё.ОТГОНБАЯР: МОНГОЛЫН НЭГ Ч КОМПАНИ АНУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИДТОЙ ГЭРЭЭ ХИЙГЭЭГҮЙ!!!!

2018 оны 05 сарын 08 нд

       Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр Монголын нэг ч компани АНУ-ын ажил олгогч компанитай гэрээ хийгээгүй гэдгийг мэдэгдлээ. Монголын компани АНУ-ын ажил олгогч компанитай гэрээ хийгээгүй учир төрийн аль нэг байгууллага эсвэл Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ ямар нэг бүртгэл хийхгүй аж. Энэ талаар Элчин сайд Ё.Отгонбаяр “АНУ-д очсоноосоо хойш энэ асуудлаар хоёр ч удаа видео хурал хийж, үүсээд буй нөхцөл байдал, бэлтгэл ажлын талаар ярилцсан.

       Гэхдээ нэг зүйлийг анхааруулж хэлэхэд одоогийн байдлаар Монголын нэг ч компани АНУ-ын ажил олгогч компанитай гэрээ хийгээгүй. Дуулианаар нь бүртгэл явуулах, мөнгө төгрөг татах зэрэг хууль бус үйлдэл гарахаас болгоомжлох хэрэгтэй. Аль нэг компани бүртгэж авбал танд олгох I-797 зөвшөөрөл онлайнаар гарч ирж байгаа эсэхийг шалгах боломжтой. Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тун амаргүй байна. Хажууханд нь Мексикээс 100-хан ам.доллараар ажиллах хүч оруулж ирж байхад Монголоос яагаад 2000 ам.доллар зарцуулж авч ирэх вэ гэдэг асуудал гарч байна. Гэсэн ч бид Америкийн ажил олгогчидтой зөвлөлдөн, боломж бололцоог хайн ажиллаж байна” гэв.

Энэхүү мэдээллийг Үнэн.мн сайтын сэтгүүлч М.Энх мэдээллэсэн бол үүнээс өмнө 

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зар гарч байгааг ГХЯ-наас сэрэмжлүүлж байжээ

      АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан.

    Ингэснээр Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс боллоо.

       Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг.

      АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг. 2018 оны жагсаалтаас Хайти, Белиз, Самоа зэрэг улс хасагдсан болно.

     Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхэлнэ. Одоогоор Н2 ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байна. Тодорхой болмогц олон нийтэд мэдээлэх болно.

        Энэ дашрамд олон нийтэд анхааруулахад Н2 ангиллын виз олгож эхэлнэ гэж зарласны дараагаар АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.

Эх сурвалж: ГХЯ



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0