21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Д.Бямбасүрэн: “Оюутолгой” ашиг өгөх байтугай дэд бүтэцгүй явж ирсэн, үүнийг ойлгох ухаан монголын төрд дутсан

2018 оны 05 сарын 14 нд

 

Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.

       -Оюутолгойн гэрээ  Монголд ашиггүй гэдгийг олон жил ярьсан. Одоо шинэ нөхцөл байдалд дахин ярьж эхэлснийг та юу гэж бодож байна?

       -Оюутолгойн асуудал Монголын эдийн засгийн гол зангилаа болоод байна. Монгол орон байгалийн баялгаа ашиглаж, түүнийгээ Монголын амьдралыг тэтгэх эх үүсвэр болгох уу, эсвэл баялгаа колон­чилогч­дын гарт өгч өөрс­дөө тэдний шавхрууг долоодог гуйлгачин болж хуви­рах уу гэдгийн зааг дээр байгаа. Үүнийг ший­дэ­хийн тулд мон­голчууд тэмцэж байна.

       УИХ-д бай­гаа эрүүл саруул сэтгэ­хүйтэй улстөрчид шаар­даж, парламентын гаднах улс төрийн хүчнүүд ша­халт үзүүлж, УИХ-аас аж­лын хэсэг гараад байна. Нөгөө талаас Оюу­тол­гойн асуудал зөв­хөн монгол­чуудын төдий­гүй дэлхий нийтийн анхаарлыг татдагийн нэг гэрч нь  гэрээ байгуулахад авлига, хээл хахуулийн асуудал байсан байж магадгүй гэсэн гадаадынхны сэжиг ч монголчуудын  анхаарлыг татаж, АТГ, прокурор өөр, өөрсдийн шугамаар шалгалт мөрдлөг явуулж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хоёр чиглэлээр Оюутолгойн асуудал яриг­даж байна гэж бол­но. Өөр нэг асуудал нь  Оюу­толгойн хувь заяа ямар байх вэ, цаашид яаж өөрч­лөгдөх бол гэж хүлээ­хийн зэрэгцээ, Ерөн­хий сайд байсан хоёр хүнийг бариад шоронд хорьчихлоо, тэд­ний хувь заяа яаж эргэх бол гэсэн байдлаар асуу­далд хандаж байна. Оюу­тол­гойн асуудлыг босгож тавьж буй нь монголчууд гадаадын хөрөнгө оруу­лалтаас татгалзаад юм уу, аль эсвэл “Рио Тинто”-гоос илүү ашиг хонжоо олох тухай ярьж буй юм биш. Оюутолгойн гэрээний асуудлыг зөвхөн шударга зарчмаар шийдээсэй.

       Гэхдээ Монголын төр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, газар түүний баялаг Монголын ард түмний мэдэлд байна. Төр нь түүний өмчлөгч байна гэсэн баялгийн эзний хариуцлагаа хэрэгжүүлээсэй гэсэн  үүднээс шаардлага тавьж байгаа юм. Гадаадын хөрөн­гө оруулагчидтай харил­цахдаа бид элдэв луй­варчидтай биш, түшиг­тэй түнш, хэн хэнийхээ эрх ашгийг хүндэтгэдэг, шударгаар ханддаг ийм зарчимд нийцүүлж гэрээг байгуулаасай гэсэн шаард­лагыг анхнаасаа тавь­сан, одоо ч тавьсан хэвээр байна. Өөрөөр хэл­бэл, Оюутолгойг бид гадаа­дынхнаас булааж авах гээгүй. Нөгөөтэйгүүр, энэ асуудалд эдийн за­саг талаас хандах юм бол  өнөөдөр шийдэхэд бэрх­шээлтэй байдалд очиж. Оюутолгойн хөрөнгө оруулалт анхны төслөөрөө 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр ашиглалтад орох байсан. Гэтэл “Рио Тинто”-гийн­хон элдэв арга хэ­рэг­лэсээр одоо нийт хөрөн­гө оруулалт нь 10-аад тэрбум ам.доллараар хэм­жихэд хүрчээ. Тэгэхээр Оюутолгойг буцааж авна гэвэл тэдний хөөсрүүлсэн хөөсийг авна гэсэн үг. Нэг ёсондоо өрөнд орно. Нөгөө талаас, Ч.Сайханбилэгийн Зас­гийн газар Оюутолгойн асуудлаар “Дубайн гэрээ” гээчийг хийж, гадны ком­панийг зээл авахад нь барьцаанд тавьчихсан бай­гаа. Одоо манайхан Оюу­толгойг авах асууд­лыг тавих юм бол “Рио Тинто”-гийнхон “Тэг ээ, тэг, тэнд бид баахан өр тавьсан. Тэрийг та нар төлөөд газар нутаг, Оюутолгойн баялгаа чө­лөөлж аваарай” гээд гараад явчих болом­жууд бий. Ийм боломжийг тэдэнд олгох хэрэггүй. Харин Оюутолгойн гэ­рээг олон улсын жишиг, шударга ёсонд нийцүүлэн өөрчлөхийг бид төр, засгаасаа шаардах нь  хариуц­лагын асуудал. Одоог хүртэл олон түмний дундаас гарч байгаа дуу хоолойг Монголын төр сонсоогүй. Өөрсдийгөө  хамгаалаад буруу дээрээ улам буруу алхам хий­сээр өнөөг хүрлээ. Сүү­лийн үед “Оюутолгой Мон­голын эдийн засагт ямар үр дүнтэй вэ” гэсэн ухуулгын чанартай материал цахим хуудсуудаар ихээхэн тарж байна. Та нар ч гэсэн олж үзсэн байх. Тэр бол эдийн засгийн бодит байдлаас ихээхэн хөндий, зөвхөн нийт Оюутолгойн орлого, зарлагын түвшинг Монголын эдийн засагтай харьцуулсан тооцоо гар­гаж, өөрөөр хэлбэл С.Баярцогтын ухуулга гэгчийн технологийг хийж байна. Ийм техно­логид “Рио Тинто” гарш­сан, олон улсын шинэ колонич­лолын бод­логыг хэрэгжүүлж байгаа транснациональ луйвар­чин гэдэг нь ч харагддаг.

        -Нэр бүхий хүмүүсийг  мөрдөж шалгаснаар ямар өөрчлөлт гарах бол?

     -Эдийн засгийн, улс төрийн ийм асуудлыг шийдэхэд зөв алхам хийх хэрэгтэй. Буруу алхам хийж, асуудлыг будлиантуулан бантан болгож, шийдэхийн аргагүй маргаан тэмцлийн бай болгоод хаях юм бол тухайн улс үндэстэн өөрөө хохирч, гадаадынхан хожоод явдаг. Энэ колоничлол олон улсын тавцанд хийгдэж, гарш­сан технологи юм. Үүнээс үзвэл, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчилж хорьж байгаа асуудал сэжиг төрүүлдэг. Яагаад гэвэл, энэ хоёр хүн ямар ч баримт бичигт гарын үсэг зураа­гүй. Гэрээн дээр ч, “Ду­байн төлөвлөгөө”-нд гарын үсэг зураагүй. Гэрээ бичгүүдэд гарын үсэг зурсан хүмүүсийг  байцааж, өчиг мэдүүлгийг авсны үндсэнд энэ хүмүүсийг шалгах ёстой байсан. Гэтэл Оюутолгойн гэрээг байгуулахад Засгийн газрын комис­сын ахлагчаар ажилласан Уул уурхай, эрдэс баялгийн сайд одоо га­даадад байгаа. Тэр аж­лыг голлон гүйцэтгэж бай­сан хүний мэдүүлгийг аваа­гүй байж Ерөнхий сайд руу халдана гэдэг асуудлыг будлиантуулах, улстөржүүлэх гэсэн алхам. Үүний дараагаар монголчууд улс төрийн маргаан тэмцэл өр­нүүлж, улмаар намууд нь хагаралдаж үймээн самуунд хүрвэл, энэ нь гадны колоничлогчдын мөрөөдөж байдаг зүйл, хэрэглэдэг гол арга нь. Тэр замаар бид явна гэсэн үг. Нөгөө талаас Ерөнхий сайд нарын хүлээх хариуцлага гэж бий. Оюутолгойн гэрээг анх байгуулахдаа Монголын баялгийг Монголын ард түмэн мэдэх биш, тэр эрхийг  гадны компанийн гарт өгсөн. Түүний хариуц­лагыг тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр хүлээнэ. Дараа нь Үндсэн хуулийн 6.1 дэх “Газар түүний баялаг ард түмний мэдэлд, төрийн өмчид байна” гэсэн заалтыг зөрчиж, Ерөнхий сайд шийдсэн бол үүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ. Гэтэл ийм тодорхой асуудлыг ярихын оронд тэднийг зүгээр нэг аваачаад, чи гэрээг буруу хийсэн гэх байдлаар мушгиад хэрэггүй. Тэр хүмүүс гэрээнд гарын үсэг зураагүй. Ажлын хэсэг ахалсан хүмүүс гэрээг зурж, УИХ баталсан. Ч.Сайханбилэгийн өөрөө дур мэдэж  хийсэн  гэлцдэг “Дубайн гэрээ” гээчийг тухайн үеийн УИХ хэлэлцэж болох  байсан ч хэлэлцээгүй, Ерөнхий сайдтай хариуцлага яриагүй. Тэр үед АН-ынхан эрх  барьж байсан ч гэсэн МАН-ынхан тэнд сууж л байсан. Тэд юу хийж байсан юм бэ. Одоо гэрээний зармын талаас яриад эхлэхээр хариуцлагын асуудлыг будлиантуулж, цаашид шийдгүй улс төрийн маргаан болгож хаях байдал харагдаж байна. Ерөнхий сайд нар гаргасан шийдвэрийнхээ алдааны төлөө УИХ-ын өмнө хариуцлага хүлээнэ. Онц ноцтой, санаатай хийсэн үйлдэлд наад тал нь албан тушаалын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр, цаад тал нь авлига, хээл хахууль бай­сан уу гэдэг асуудлаар хариуцлага хүлээлгэх ёстой.

      -Оюутолгойн гэрээг батлахад Монгол Улсын Их хурал их хэмжээний авлига авсан гэдэг асуудал   нотлогдчихвол юу болох  вэ. Австралийн Ногоон нам саяхан энэ талаар баримт гаргаж ирнэ гэж мэдэгдлээ?

       -С.Баярцогтын Швейцарийн банк дахь 1.85 сая ам.доллар гэдэг чинь Оюутолгойн гэрээг байгуулах үед орж ирсэн мөнгө гэдэг утгаар анх сэрдэгдсэн. Үүнийг гадаадынхан ч хэлж байгаа, манайхан дотроо ч ярьж байна. АНУ-ын нэр хүндтэй компаниас манай УИХ-ын даргад “Луйврын сонгодог гэрээ” байна гэсэн дүгнэлт ирүүлж байсан шүү дээ. Манайхан адаглаад мэдэхгүй, чадах­гүй гэх юмгүй гурван сайд гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Тэр хү­мүүс мэдээгүй биш мэдэж хийсэн. Ингэхдээ тэдэнд үйлчлэх замаар хийсэн үү, авлига хээл хахууль авсан уу гэдэг хууль хяналтынхны тогтоох асуудал. “Цэнхэр үст” Цэрэндолгор гээд манайхны ярьдаг тэр эмэгтэйгээс эхлээд Швейцарийн банкинд сэжигтэй мөнгө байна гэдгийг Монголын нийгэмд мэдээлсээр хэдэн жил боллоо. Харамсалтай нь, Монголын төр дүлий толгойлоод өдий хүрлээ. Гэтэл гадныхан энэ асуудлыг сөхөж тавиад байна. Ийм байхад Монголын, Монгол төрийн  нэр хүнд дэлхийн түвшинд ямар байх нь ойлгомжтой.

      Хоёрдугаарт, авлига авсныг нотолж чадах юм бол гэрээ шударга бус замаар байгуулагдсан гэдэг үндэслэлээр  асуудал олон улсын шүүхэд шилжинэ. Гэрээг шударга болгох тухай яригдана. Түүнийг дагаад Оюутолгойн хөрөнгө оруулалт чухам юу вэ гэдэг нь тэртэй тэргүй тавих ёстой асуудал. 2013 онд шалгалт хийсэн хүмүүс хоёр тэрбум гаруй төгрөгийн зөрчил илрүүлсэн. Түүн дотор нь хүний санаанд багтамгүй зүйлүүд явж байсан. Гадны хөрөнгө оруулалт гэчихээд түүнийгээ Монголд хөрөнгө оруулсан болгож бичсэн юм ч бий. Эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдийг гадны сургуульд сургаад  зардлыг нь Монголын өр гэж бичсэн нь ч бий. Энэ бүхнээс Оюутолгойн гэрээг шударга болгох эрхзүйн болоод ёс суртахууны үндэс бий болно. Энэ талаас шалгалт хийвэл ач холбогдолтой. Шалгалтын хэсгийг энэ талын юм мэддэг, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлж томилох нь чухал байсан. Эхэндээ олон түмний итгэл хүлээж чадахгүй хүнээр ажлын хэсгийг толгойлуулж байгаад сая өөрчиллөө. Энэ зөв алхам. Гэхдээ Их хурлын дарга шийдвэр гаргахдаа гэрээ байгуулсан үйл явцыг шалгах биш, гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг гэж байгуулсан. Энэ нь  Их хурлын дарга цаад талд үйлчилж байна гэсэн хардлага төрүүлж байна. Илтгэлээ бариад очихоор нь “Би та нарыг хэрэгжилтийг шалга гэснээс гэрээг яаж байгуулсан, хэн буруутайг шалга гээгүй шүү дээ” гээд яриад сууж  байгаагаас ийм хардлага төрж байгаа.  Оюутолгойн гэрээг анх батлахад 76 гишүүнээс дөрөвхөн хүн зөвшөөрөөгүй. 72 гишүүн тэрийг мэдэж, ойлгож байгаад баталсан уу гэдэг бас эргэлзээтэй. Тэднээс одоогийн УИХ-д сууж байгаа хүмүүс ч бий. Тэд тэр үед юу хийж байсан, ямар оролцоотой байсан гэдгийг гаргах хэрэгтэй болно байх.

      -Гишүүдэд гэрээний эхтэй танилцах боломж олгоогүй, чуулганаар хэлэлцэх өдрийн өглөө  өгсөн, заримынх нь хаалган  доогуур нь шургуулсан байсан гэлцдэг шүү дээ?

       -Тэр шалтгаан  биш шүү дээ. УИХ-ын гишүүн ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон өндөр хариуцлагатай хүн. Тэр хариуцлагын үүднээс уншаагүй баримт бичгийнхээ төлөө өөрийгөө зөвтгөж болохгүй.

       -Монголд ашиггүй  гэрээ баталж байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тухайн үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга яаж хандсан бэ гэдэг асуудал бас анхаарал татдаг?

      -Олон улсын гэрээ, хэлцлийн чанартай, Мон­голын эдийн зас­гийн эрх ашгийг язгуу­раар нь хөндсөн асууд­лыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэл­цэх­гүй байна гэж байх­гүй. Аюулгүй байдлын зөвлөлийн гурван ги­шүүн санал нийлж шийдвэр гаргадаг. Зөвлөлийг Ерөн­хийлөгч даргална, Ерөн­хий сайд, УИХ-ын дарга орно. Энэ гурван хүн аюулгүйн зөвлөл дээр хэлэл­цээд буруу шийд­вэр гаргасан бол улс ор­ныхоо өмнө тэгш хариуц­лага хүлээх ёстой. Ийм учраас Оюутолгойн асуудлыг ярихад Үн­дэс­ний аюулгүй байдлын зөвлөлийн баримт бич­гүүдийг заавал шалгаж, дүг­нэлт өгөх шаардлагатай.

         -Ер нь манай үе  үеийн Төрийн тэргүүнүүд  Оюутолгойн асуудалд ямар байдлаар хандаж ирсэн байдаг вэ?

      -Хоёр янз. Оюутол­гойд анх лиценз авсан “Айвенхоу Майнз” ком­пани Монголын улс­төр­чид, төрийн эрх мэдэлт­нүүд, хэвлэл, мэдээл­лийнхний дунд өөрс­дийгөө хамгаалж сур­талч­лах “Лобби бүлэг” байгуулсан. Тэр бүлэгт төрийн эрх мэдэлтнүүд яаж оролцсон бэ гэдэг асуудлыг үндсээр нь авч үзэх хэрэгтэй. Энэ Монголын төрт ёсны талаас, түүхэн сургам­жийн талаас ч зайлш­гүй ярих ёстой асуу­дал. Оюутолгойн гэрээг байгуулахад төрийн зүтгэлтэн байсан, өндөр алба хашиж байсан хүмүүс  яаравчлуулж, шавдуулж  байсныг бүгд мэднэ шүү дээ. Нөгөө талаас, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци гэдэг байгууллага байна. Анх “Айвенхоу Майнз” компани тэр байгууллагын үндсэн байгуулагч болж санхүүжүүлж ирсэн. Тэр  юу байсан бэ, хэчнээн юм өгсөн бэ, ямар үүрэг гүйцэтгэснийг шал­гах хэрэгтэй бол­но. Тухайн үед тэр байгуул­лагыг Монголын анх­ны Ерөнхийлөгч тол­гойлж байлаа. Дараа нь Н.Багабанди Ерөнхий­лөг­чийн үед бас л “Айвенхоу Майнз”-ынхан хэл аманд орооцолдож, ма­най Ерөнхийлөгчийг 2007 онд АНУ-д айлчлал хийхэд нь дотоод аяллыг  санхүүжүүлжээ гэсэн шуугиан тарьж, тэр нь хэвлэл, мэдээллээр гарч байсан. Үнэн, худлыг нь шалгах хэрэгтэй. Хэрэв үнэн байх юм бол олон улсын жишгээр авлигын  асуудалд холбогдоно. Түүнээс эхлээд асуудал хойшоо үргэлжилнэ л дээ. Сүүлд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед  “Рио Тинто”-гийн ерөн­хийлөгч Сэм Уолш гэдэг ноён­тон Монголд ирээд буцсан. Дараа нь манай Ерөнхийлөгч “Уолш бид хоёр бүхнийг шийдсэн”  гэж  мэдэгдэж байсан. Юу шийдсэн юм, хэрэв Аюулгүй байдлын зөвлөл дээр асуудал яриад  шийдсэн бол “Би тухайн үед зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлсэн” гэж хэлэх үндэстэй, хариуцлагын асуудал ч өөрөөр яригдана. Ийм байдлаар асуудлын нүдийг олох хэрэгтэй. Тэгэхгүйгээр цагаан яриа өрнүүлбэл маргаанаас өөр үр дүнд хүрэхгүй.

       -УИХ-аас томилсон Ажлын хэсэг, М.Энхболд даргын байр суурийг түрүүн та хэлчихлээ. Үргэлжлүүлээд асуухад, энэ Их хурал  Оюутолгойн талаар ямар нэг шийдэл гаргах гэрэл гэгээ хараг­дах­гүй байна гэсэн үг үү?

         -Эрх барьж байгаа улс төрийн хүчин гэхэд л  65-ын бүлэг том бүлэг нэртэй боловч дотоод асуудлууд нь төвөгтэй байна. Ер нь Их хурлын асуудал шийдэх гэж байгаа байдлыг харахад, УИХ дотор улс орныхоо  эрх ашгийг боддог, түүнийгээ  дээдэлсэн гишүүн цөөнгүй бий. Гэхдээ олон тохиолдолд, зөвхөн явцуу эрх ашгийн талаас асуудалд хандаж байна уу даа гэж бодох хүн  ч цөөнгүй байна. Энэ байдал олон зүйл дээр илэрч байгаа. Ерөнхийлөгч асуудал тавиад түүнийг нь шийдэж байгаагаас харагдаж байна. Саяхан АТГ-ын даргын асуудлыг тавихад, Их хурал дахь МАН-ын бүлэг “АТГ-ын даргыг өөрчлөхгүй” гэж шийдсэн. Хэрэв  асуудалд зарчмын талаас хандвал, өнөөдөр АТГ Ерөнхий сайд байсан хоёр хүнийг барьж, хорьсон нь авлигатай тэмцэж буй дүр үзүүлэх төдий байна. Ч.Сайханбилэгийн хорих ангиас бичсэн  захидлаас үзэхэд  сар  гаруй болоход ганцхан удаа байцаалт авсан байна шүү дээ. Тэр хүнийг яах гэж тэнд сар гаруй хорьсон юм бэ. Тэр хүн Монгол Улсын Ерөнхий сайд байсан, түүхийн  өмнө, улс орон, нийгмийнхээ өмнө  маш том хариуцлага хүлээж байгаа. Мэдүүлэг авахад болно. Барьж, хориод юу шийдэх юм бэ. Үүний цаана юу харагдаж байна гэвэл, одоог хүртэл жараахай шүүж ирсэн АТГ нь “том тул барилаа” гэж олон түмэнд харуулж удирдлагаа аврах үйл явц харагдаж байна. Хэрэв АТГ-ын даргын асуудлыг ярьж буй бол төрийн зарчим гэж нэг юм бий. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр, түүний дараа багагүй хугацаанд АТГ Шадар сайд байсан хүнээ төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн гэмт хэрэгтэн гэж ялласан биз дээ. Тэгвэл нөгөө хүн нь одоо Ерөнхий сайд намын дарга хийж байхад АТГ улс төрд оролцож, будлиан тарьсан хэвээр байна. Энэ үйлдлээр нь  өнөөдөр АТГ-ын даргыг халахад хангалттай бөгөөд хариуцлагын асуудал. Гэтэл АТГ-ын дарга зургаан жилийн хугацаатай томилогддог гээд МАН-ынхан хамгаалаад байна. Үүнээс юу харагдаж байна гэвэл, УИХ дахь МАН-ын 65-аас 32 нь Ерөнхий сайд, намын даргынхаа талаар буруу дүгнэлт гаргаж байсныг мартаагүй л байх. Үлдсэн 33 нь хамгаалсан байр суурьтай байна. Энэ нь МАН нэгдэж, аливаа асуудлыг зарчмын талаас шийдэх чадвараа алдаж, идэвхгүй байр суурьт  орсныг харуулж байна. Оюутолгойн асуудлыг ч бас л ингэж шийдэх биз дээ. АН-ынхан ч гэсэн есөн гишүүн нь Оюутолгойн талаар байр суурь нэгтэй биш байгааг бид  харж л  байна. Ер нь  олигархи засаглал гэдэг аль нам байхаас үл хамаарч нам дамнасан  үндсэн бүлэглэлийнхээ  эрх ашгийг хамгаалдаг нь эндээс харагдаж байгаа юм.

        -Х.Баттулгыг Ерөнхий­лөгчид нэр дэвшихэд та дэмжсэн. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн асуудлууд УИХ-д ороод байнга бүдэрдэг боллоо. Уг нь З.Энхболд, Н.Алтанхуяг гээд сайн багтай, тэд гарц гаргалгааг тооцдог л баймаар. Гэтэл бүдэр­чихээд тайлбар хэлдэг бүтэц болж хувирч?

        -Ерөнхийлөгчид дэвшихэд нь би дэмжсэн. Гол нь цэвэр шударга ёсыг Монголын нийгэмд авчрах үйл ажиллагааг явуулах болов уу гэсэн найдлага байна. Нөгөө талд, хэн боловч Ерөнхийлөгч болох хүнийг дэмжинэ гэдэг нийгэмдээ тодорхой хариуцлага хүлээж байгаа юм. Нэр төрөөрөө эрсдэлд орж байна гэсэн үг. Ийм болохоор би харж л суудаг юм. Ерөнхийлөгчийн тавьж буй асуудлууд ерөнхийдөө зөв боловч, зарим талаар үндэслэлийн хувьд доголдолтой санагддаг. АТГ-ын даргын асуудал ярихад түрүүнд хэлсэн дээ, зарчмын талаас хандах ёстой байлаа. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн хариуцлагыг маш тодорхой дүгнэж, ярьж байхгүй бол төр ялзарч доройтдогийн жишээг бид харж байна шүү дээ. Энэ ярилцлагатай холбоогүй  байж болох ч, нэг жишээ хэлэхэд саяхан би олон нийтийн сүлжээнээс УИХ-ын дарга маань Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхдаа гадны хуврагт очоод сунаж мөргөж байгаа зургийг олж харлаа. Төрийн хүн хэзээ ч ийм байдалд орж болохгүй. Төр, шашны харилцааг тодорхойлсон зарчимд тулгуурлаж явдаг. Үндсэн хуульд ч гэсэн “Төр нь шашнаа хүндэтгэнэ, шашин нь төрөө дээдэлнэ” гэж бий. Тэгэхээр  төрийн нэг толгой тэнд очоод шалан  дээр сунаж уначихсан хэвтэж байхад ёс зүйн дүгнэлт өгөх ёстой. Улс төрийн талаас дүгнэлт хийх учиртай.

         Төр ингэтлээ ялзарч, доройтох юм бол маргааш Ерөнхийлөгч маань нэг хуврагийн өмнө очоод сунаад хэвчих­дэг хүн гарвал яах юм бэ. Үүнд дүгнэлт өгөх ёстой. Гэтэл манай хэв­лэл, мэдээллийнхэн ч, төрийн­хөн ч дуугарсан­гүй. УИХ-ын гишүүдээс  “Дарга аа, та яаж байна вэ. Бид ийм даргатай баймааргүй байна” гээд дуугарчих зоригтой хүн өнөө хүртэл  олдоогүй байна. Ийм нөхцөлд Оюутолгойн гэх юм уу, эдийн засаг, хөрөнгө мөнгөтэй холбоотой, тодорхой ашиг сонирхлыг хөндсөн ийм асуудлыг шийдэх зориг, ир байх уу гэдэг  эргэлзээтэй.

       -Үе үеийн УИХ-аас энэ удаагийн Их хурлын нэр хүнд маш дор орсон. Үүнийгээ “Сонгогч та нарын буруу. Та нар л сонгосон” гэх юм?

    -Наадах чинь үеийн  үед ярьж ирсэн асуудал.  Ерөнхийлөгч нар ч энэ талаар хэлдэг. Огт засраагүй, даамжирч байгаа өвчин шиг улам гүнзгийрсээр одоо дээд цэгтээ хүрлээ. Одоогийн УИХ-ын гишүүдийн нэр холбогдож байгаа асуудлыг аваад үзэхэд “Даанч дээ” гэмээр, ийм л түвшинд байгаа. Ийм хүмүүсийг сонгосон ард түмэн буруутай бус ийм хүн нэр дэвшүүлж, өөрийгөө хорлосон улс төрийн намууд буруутай.  Энэ талаас дүгнэлт хийх хэрэгтэй байх. Их хурлынхан өөрсдийгөө  “Нэг ангийн хүүхдүүд” гэж бөөцийлдөг, тэгж өхөөрддөг. Энэ чинь “Ангийн хүүхдүүд” биш шүү дээ. Улс эх орныхоо төлөө нэг тавцан дээр  тэмцэж  байгаа үзэл  бодлын, эрх ашгийн байлдагчид юм. Гэтэл хоёр жилийн дараа хоорондоо тэврэлдэнэ, үнсэлцэнэ, бүжиг  хийнэ, Л.Гүндалай, Д.Арвин хоёрын үеэс эхлэн хоршиж дуулаад эхэлсэн. Энэ үзэл бодлын хувьд доод  түвшний нэг илрэл.

       -Ерөнхий сайд байсан хүний хувьд та одоогийн Засгийн газрын тухайд ямар бодолтой байна.  Энэ засаг бидэнд юу хийж өгч чадах бол?

     -Шинэ Засгийн газар байгуулагдаад жил шахуу боллоо. Шийдэж байгаа асууд­лыг харахад, санаа байвч чадал хүрэхгүй гэдэг юм цухалзаад байна. Сая татварын системийг өөрчлөх тухай асуудал ярилаа. Энэ нь Монголын эдийн засгийн гол хөшүүргэ, эдийн засгийн бодлогын архитектурын тухай юм. Гэтэл  энэ талаар ярихдаа гадны компаниудаас авдаг татварын хэмжээ 20 хувь байсныг таван хувь болгож бууруулахаар орж ирж байна. Санаа нь гадны хөрөнгө оруулалтад шүтэх. Өөрийн нөөц хөрөнгийг үр ашигтай зарцуулах чадваргүй байдал харагдаж байна. Гадны компаниуд таван хувийн татвар төлж байхад дотоодын компаниуд 20 хувийн татвар төлөх нь уг чанартаа Монголын нутаг дэвсгэр дээр Монголын компаниуд гадуурхагдсаны шинж биз дээ. Үүнийг олж харах чадваргүй, төсөл боловсруулж байгаагаас харахад Сангийн сайд  маш хариуцлагагүй  байна. Нөгөө талд, жижиг аж ахуйн нэгжүүдийн татварыг нэг хувь болгоно гэнэ. Ямар ч нийгмийн үед нийгмийн хариуцлага гэж нэг юм бий. Тэр бол та Монгол Улсад амьдарч байгаа бол Монголын төр, Монголын батлан хамгаалах, нийгмийн асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулах л ёстой. Тэр утгаараа татвар төлөх ёстой байдаг юм. Чингис хааны үеэс эхлэн бүх гүйлгээнээс  10 хувийн татвар авдаг байсан жишгээр татвар авах ёстой. Нэг талд нь хэтэрхий либераль маягаар аашилж, нөгөө талд гадныханд өөрсдийгөө худалддаг байж таарахгүй. Энэ  чанартай төрийн шинж биш. Уул уурхайн салбар манай эдийн засгийн гол зангилаа. Гэтэл сайд нар нь удаа дараа ямар байр суурь гаргаж ирэв. Одоогийн сайд эхлээд гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй гээд ярьж эхэлсэн. Оюутолгойн гэрээг засварлах тухай ярьсан. Сүүлийн үед Оюутолгойг зогсоохгүй гэж хашгирдаг боллоо. Хэн ч тэрийг зогсоо гээгүй. Гэрээгээ зөв болгож, эзний ёсоор хандаач гэдэг асуудал тавьсан. Энэ мэтчилэн салбарын сайд нь зуны наранд тавьсан лаа шиг гулзайгаад байна, хэдий хүртэл хэчнээн хэмжээгээр тонгойхыг харж л суухаас. Засгийн газрын хувьд олон зүйлийг оновчтой ярьж байгаа ч хийсэн зүйл харагдахгүй байна.

      -Эцэст нь асуухад та бидний яриа Оюутолгойн сэдвээр эхэлсэн. Энэ сэдвээ үргэлжлүүлж асуухад манайхан  хөрөнгө оруулалт гэхээр “Битгий үргээчихээрэй” гээд гайтай байсан ч сөгдөөд уначих юм. Ингэх ёстой юм уу?

       -Монголын эдийн засаг ямар ч үед хуримтлал үүсгээд, түүнийгээ  өсгөөд аваад явах боломжтой. Гэвч дэмий юманд ихээр зарцуулах юм. Үндсэн хууль баталсан хүмүүс, гавьяатнуудыг дэмжинэ гэх юм. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүдийг  150 мянган төгрөгийн халамжтай болгож шийдвэрлэж байна. Энэ шалиг шийдвэр. Ийм зүйлүүдэд хөрөнгөө зарсаар байгаад хуримтлалыг үрэн таран хийдэг. Дээр нь ашиггүй хөрөнгө оруулалт хийдэг. Хөрөнгө оруулалт хийнэ гэдэг, өнөөдөр хөрөнгө оруулалт хийгээд маргааш түүнээсээ ашиг олох объектуудыг сонгож ажиллахыг хэлнэ шүү дээ. Тэр байтугай, бонд гаргаж гаднаас өчнөөн хөрөнгө авсаар байгаад өр зээл нь 30 тэрбум ам.долларт хүрлээ. Үүгээр  хэрэгтэй салбарт хөрөнгө оруулж чадсангүй. Нөгөө талд, манай  түшээд гадны хөрөнгө оруулагчдын гарыг долоосоор байгаад зуршил болчихож. Жишээ нь, Хэнтий аймгийн Батширээт суманд байгаа алтны үйлдвэрийнхэн байна. Сумын Засаг  дарга, ИТХ-ын дарга нь  нь алтны үйлдвэрийнхэнд тал зассаар байгаад нутгаа сүйрүүллээ. Олон газар ийм асуудал яригддаг. Тэгэхээр орон нутгийн удирдлагад байгаа түшмэдээс эхлээд яам тамгын газрын түшмэд хүртэл гадны хөрөнгө оруулалтыг шүтэж, тэдэнд лиценз  олгож, үйлчилж амьдардаг бүхэл бүтэн давхарга бий болчихож. Нэг үе Монголын газар нутгийн 40 хувийг лицензээр өгчихөөд сууж байсан. Одоо цөөрүүллээ гэж яриад байгаа. Гэтэл сүүлийн үед сул тавьж эхэлсэн сурагтай. Гадны хөрөнгө оруулалтыг шүтнэ гэдэг өөрийгөө хөгжүүлж чаддаггүй. Гадныхан ирж баялгийг ачаад аваад явахад түүний татвараар амьдрах гэсэн мөрөөдөл. Тэгэхээр төр  мэргэжлийн төр биш. Ард түмнийхээ эрх ашгийг дээдэлдэг төр биш. Энэ хэдхэн түшмэлийн эрх ашгийг дээдэлсэн мулгуу төрийн шинж. Бидэнд гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэвэл, хэрэгтэй. Ингэхдээ Монголд үр ашиг авчрах, өндөр технологийг нэвтрүүлэх ийм л хөрөнгө оруулалт хэрэгтэй. Өнөө хүртэл Монголд орж ирсэн хөрөнгө оруулалт зөвхөн байгалийн баялгийг нь олборлож ачаад явахад л зориулж  байгаа. Тэр бүү хэл, Оюутолгойнхон хоёр сая тонн баяжмал гаргана гээд одоо хүртэл замаа тавиагүй, дэд бүтэцгүйгээр ашиглалт явуулж байна. “Эрдэнэт” үйлдвэрийг анх байгуулахад төмөр замыг нь тавьж, авто зам байгуулж, хотыг нь барьж, орон сууц, сургууль, эмнэлгийг нь бий болгож байсан. Гэтэл одоо Оюутолгойнхон нүхэн баяжуулах үйлдвэр, олборлох уурхай ажиллаж байгаа. Өөр юу ч алга. Энэ бүхнийг ойлгох чадвар Монголын төрд дутаж байна. Энэ л манай өнөөдрийн гамшиг юм. Төрийн эрх барьж байгаа хүмүүс толгойгоо ажиллуулах цаг болжээ.

       -Иргэд бид яах ёстой вэ?

      -Эрх баригчдаас хариуцлага шаард. Хажуугаар чинь шороон замаар тоос татуулж харанхуй манан үүсгээд нүүрс, шороо зөөж бэлчээрийг сүйтгэж байгаа бол иргэд Засаг даргадаа хэл, шаард. Сонгосон гишүүдээсээ “Та яаж байна аа” гэдэг асуудал тавь. Сонгосон Ерөнхийлөгчөөсөө “Та яаж байна аа, юу хийж байна аа” гэдэг асуудлыг тавих ёстой. Бид ингэж хариуцлага асууж, шаардаж чадахгүй байна шүү дээ.

     -Би нэг жишээ хэлэх үү, сумын Засаг даргадаа хэлэхээр “Засгийн газар мэднэ” гэдэг,  эсвэл гадны компаниудын нөлөөнд орчихсон байдаг. Байгаль орчны байцаагч, цагдаа нь бас нөлөөнд орчихсон. УИХ-ын гишүүндээ хэлэхээр “Орон нутгийн удирдлагууддаа ханд” гэчихдэг. Ийм байхад малчид, иргэд яах вэ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд  сурвалжлагаар очиход ийм байдал угтсан?

      -Наадах чинь худалдагдсан төр, худалдагдсан төрийн түшмэлүүдийн байдлыг харуулж байна шүү дээ. Тэр хүмүүс дээд шатныхнаасаа хариуцлага асуух ёстой байсан. Ард түмэнд тийм хариулт өгөх биш, сумын Засаг дарга нь “Та нар яаж байна” гэж асуух ёстой байсан. Тэр чинь тэдний сонгосон УИХ-ын гишүүн худалдагдсан, гадныханд үйлчилж байна гэдгийг л харуулж байна. Тэгэхээр тэр  хүнээ эргүүлэн татах асуудлыг  л тавих ёстой. Засгийн газар цаашид Засаг дарга нарын асуудал, лицензийн асуудлыг сууриар нь хөндөж,хяналт тавих ёстой. Аймаг, сумын Засаг  дарга нар  гадны компанид үйлчилж байгаа бол тэр асуудлыг шийдэх хэрэгтэй. Яриад орхиод яваад байвал асуудал хол явахгүй. Саяхан л гэхэд Ерөнхий сайд Тавантолгойд очоод асуудлыг шийднэ гэж ярилаа. Дэд бүтэцгүй уул уурхай ашиглаж байгаа нь ганц Тавантолгой  биш. Уул уурхайн үйлдвэрүүдийг дэд бүтэцтэй нь хамт шийднэ, дэд бүтцийг түрүүнд нь шийднэ гэдэг зарчмыг толгой дээрээ тавьсан цагт Тавантолгойн асуудлыг ч, Оюутолгойн асуудлыг ч шийдэж болно. Гэтэл Тавантолгойн асуудлыг  ярьчихаад Оюутолгой дээр Ерөнхий сайд дуугүй л байгаа. Цаашид талын нэг тарсан жижиг уурхайнууд дээр ч энэ  асуудлыг  ярих л ёстой.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0