Хүчтэй үерийн улмаас төмөр замын хөдөлгөөн хаагдлаа
Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарлаа. Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна.
Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байжээ. Уг галт тэрэг саатахаас 20 минутын өмнө Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн олон улсын 33-р галт тэрэг хэвийн явж өнгөрсөн байна.
Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг ажиллаж байна. Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр орж байгаа хүчтэй усархаг аадар борооны улмаас зам тээврийн хөдөлгөөнд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байна.
Б.Анир
ЭХ СУРВАЛЖ: Залуу.ком