“Монгол Японы Аз жаргал нийгэмлэг” Иваки хотод уламжлалт арга хэмжээгээ зохион байгууллаа
“Монгол Японы Аз жаргал нийгэмлэг” ТББ 2018 оны 11-р сарын 17-ны өдөр Япон улсын Фүкүшима мужийн Иваки хотод нэгэн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус хамт олон Дархан-Уул аймгийн "Нарны хүүхдүүд" төвийн авьяаслаг хүүхэд багачуудын Монгол соёл урлаг, өв уламжлалаа сурталчлан таниулах зорилготой урлагийн тоглолтыг Фүкүшима мужид гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Энэ нь хайр энэрэл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадсан "Нарны хүүхдүүд" төвийн үйл ажиллагааг санхүүжүүлэн дэмжих зорилготой ивээн тэтгэлгийн арга хэмжээ бөгөөд уламжлал ёсоор нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, сайн үйлсийг дэлгэрүүлсээр байна.
Мөн энэ үеэр "MADE IN MONGOLIA” үзэсгэлэн худалдаа явагддаг бөгөөд эх орноо сурталчлах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд танилцуулах зорилготой ажээ.
Уг арга хэмжээг зохион байгуулахад “Blue Sky Cashmere” ХХК, “Only one” ХХК, “Start center” авто сэлбэгийн худалдааны төв, “Darkhan Minj” ХХК, “Kitchen all” тавилгын брэнд, “Өргөө хаус” ХХК , “Табуко” ХХК зэрэг нийгмийн хариуцлагатай компаниуд дэмжин, хамтарч ажилласан байна.
“Монгол Японы аз жаргал нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүн П.Төмөрхуяг энэхүү арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан хүмүүс болоод, харилцагч байгууллагууддаа талархал илэрхийллээ.