Ж.Гүррагчаа: Таны болчимгүй үйлдлээс үй түмэн монгол эрчүүдийн нэр төр сэвтэж байна
"Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргийн эсрэг эрчүүд нэгдэж байна" сэдвээр мэдээлэл хийж байна.
Монгол Улсад хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн гэмт хэрэг өндөр хэмжээнд байгаатай холбогдуулан "Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргийн эсрэг эрчүүд нэгдэж байна" сэдвээр Ерөнхий сайдын зөвлөх, Монгол цэргийн холбооноос мэдээлэл хийлээ.
Монгол цэргийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга:
"Хугацаат цэргийн алба, оюутан цэрэг, дүйцүүлэх алба, дайчилгааны сургалтын үед хүчирхийллийн эсрэг сургалтыг тодорхой сэдэв болгон оруулах хэрэгтэй. Манайд багшлах боловсон хүчин боломжийн хэмжээнд бүрдэж байна.Бид цагдаагийн байгууллагатай хамтраад жендэрийн байгууллага, хүчирхийллийн эсрэг байгаа ТББ-тай хамтраад энэ сургалтыг зохион байгуулъя гэсэн уриалгыг гаргаж байна.
Манай цэргийн албан хаагч нар, шүүхийн шийдвэрийнхэн, онцгой байдлынхан, хилийнхэн, тагнуулынхан хүчирхийллээс өөрсдөө ангид байгаад эргэн тойрондоо хүчирхийлэл гаргахгүй байх боломжийг бүрдүүлье. Энэ чиглэлд цөмөөрөө ажилла гэсэн уриалгыг дэвшүүлж байна." гэлээ.
ХӨВГҮҮДИЙН ЗУНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
"Энэ зунаас эхлэн хөвгүүдийн зуны сургалт зохион байгуулна. Сургалтад 12-14 нас, 14-16 насны хөвгүүдийг эх оронч үзэл, эх орноороо бахархах, хорт муу зуршлаас ангид байх, хүчирхийллийн эсрэг тодорхой хэмжээний сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дээр нь бие бялдар, цэргийн албаны анхны мэдэгдэхүүн олгоно. Хүний үг сонсдог, компьютер, гар утаснаас хол байгаад эцэг эхийнхээ хайрыг мэдэрдэг, боломжийг бүрдүүлэх зорилгоор хөвгүүдийн зуны сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Ороо хурааж, гутлаа тосолдог, хүнтэй харилцах харилцаа, хүнд нөхцөлд өөрийгөө хамгаалах арга, эх орноо, эцэг эхээ хайрлах тухайд зааж сургана.
Жилд 400 орчим хүүхдийг хамруулах боломжтой. Энэ жил мөн 400 хүүхэд хамруулна. Эхний ээлжинд хөвгүүдээс сонгох хэв маягаар авна" гэлээ.
Хүчирхийллийн гэмт хэргийн 60 орчим хувь нь нийслэлд гарч байна. Цэргийн штабууд болон цагдаагийн газруудад хүчирхийлэл үйлдэж болзошгүй хүмүүсийн судалгаа бий. Энэ хүмүүст нөлөөлөх нөлөөллийн асуудлаар цаашид анхаарал тавья. Тэдэнд зааж сургая, зөвлөе, тодорхой хэмжээнд хяналтанд авъя. Магадгүй цочмог уураасаа болоод, эсвэл нэг тохиолдлоос болоод эцэс сүүлд нь бүхэл амьдралаа сүйрүүлэх байдалд оруулчихгүйн тулд бид залуучуудтай ажиллая гэсэн бодолтой байна.
Эрчүүд ихэвчлэн хүчирхийлэл үйлдэж байна. Ийм зохимжгүй үйлдэл гаргадгаа болиоч гэж бид уриалж байна." гэлээ.
Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа:
"Харамсалтай нь хүчирхийллийг үйлдэж байгаа хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байна. Та өрх гэрийн тэргүүн. Та эхнэр хүүхдээ чиглүүлж авч явах ёстой атлаа яагаад шалдаа бууж ийм хэрэг хийж байна вэ. Эр хүний нэр хүнд гэж байдаг даа.
Таны болчимгүй үйлдлээс үй түмэн монгол эрчүүдийн нэр төр сэвтэж байна.
Эр хүн та бодох хэрэгтэй. Ийм хэрэгт холбогдож байгаа холбогдож болзошгүй хүмүүс бодооч. Таныг олон эрчүүд харж байна. Таны сайн сайхан үйлдэл бүхнийг дэмжинэ. Нийгмийн идэвхтэй гишүүн байгаасай. Нэр төртэй амьдраасай.
Ийм хэрэг төвөг архидан согтуурахтай ихээхэн холбоотой. Үүнээс хол байгаач. Архигүйгээр амьдарч болно" гэлээ.
Эх сурвалж А.Мишээл | GoGo.mn