О.Амгаланбаатар: ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өчигдөр нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Ерөнхийлөгчийн зарлигт, Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн саналыг үндэслэн дээрх шийдвэр гаргасан талаар дурджээ. Энэ талаар ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатараас тодруулав.
-Монгол Улсын Ерөнхийлөгч зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зарлиг гаргалаа. ШЕЗ-ийн саналыг үндэслэсэн гэж зарлигтаа дурдсан байна. ШЕЗ чухам ямар санал гаргасан юм бэ?
-УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд гуравдугаар сарын 27-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дах хэсэгт заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчлан зохицуулсан байдаг.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 26-нд хуралдаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмжийг гарган ШЕЗ-д ирүүлсэн. Улмаар ШЕЗ хуралдаж, уг зөвлөмжийн дагуу дээрх нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтож, тогтоол гарган хүргүүлсэн юм.
-ШЕЗ-өөс ямар үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргасан талаар тодруулна уу?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар гаргасан зөвлөмж болон холбогдох материалыг нууцын зэрэглэлтэйгээр ШЕЗ-д ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ШЕЗ-ийн хуралдааныг хаалттай горимоор явуулсан. Иймд зөвлөлийн хуралдаан дээр яригдсан асуудал болон шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийн талаар мэдээлэх хуулийн боломж байхгүй байна.
-ШЕЗ-ийн дарга болон зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан. Тэгэхээр ШЕЗ-ийн шийдвэр хүчинтэй юу?
-Одоогоор ШЕЗ-ийн дарга, гишүүдийг чөлөөлсөн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй байна.
-Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнөө өглөө зарлагдсан хурлаа цуцалжээ. Бүрэлдэхүүн хүрэхгүй байгаа учраас шүүхийн ажил тасалдахад хүрлээ. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
-Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо эрүү, иргэн, захиргааны шүүгч гэж томилдоггүй. Иймд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр үлдсэн шүүгчдийг танхимуудад хуваарилан хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах боломж байгаа гэж бодож байна. Гэхдээ энэ талаар Улсын дээд шүүхээс тодруулах нь зүйтэй байх.
Харин анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн тухайд бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шүүгчдэд хуваарилагдсан байсан хэргүүдийг шүүгчдийн зөвлөгөөнөөр бусад шүүгчдэд хуваарилах ажиллагаа хийгдээд явж байна. Шүүн таслах ажиллагаа тасралтгүй явах бололцоотой гэж үзэж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ