Б.ӨНӨБААТАР: МИНИЙ ЭЭЖИЙН АЛБАНЫ ТОМИЛОЛТ ДУУССАН Ч АМЬДРАЛЫН ТОМИЛОЛТ НЬ ДУУСААГҮЙ БАЙСАН...
20-р зууны дунд үе буюу Социалист нийгмийн их бүтээн байгуулалт, соён гэгээрлийн он жилүүдэд өөрийн өндөр их хувь заяагаар “Монгол сэхээтний гол дүр”-ийг бий болгож чадсан эрхэм хүн бол Төрийн шагналт зохиолч, нийгмийн зүтгэлтэн, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын үүсэл хөгжилд ажил амьдралынхаа алтан он жилүүдийг зориулсан Сономын Удвал ахайтан юм. Шинэ цагийн залуус бидэнд домог шиг амьдралын замналаараа танил болсон энэ эрхэм хүмүүний тухай түүний том хүү Б.Өнөбаатартай ярилцлаа. Сэтгэлээ дэлгэн хуучилсан дурсамж ярилцлагын хэсгээс “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл та бүхэнд онцолсныг та бүхэндээ хүргэж байна.
-Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын 94 жилийн мөчлөг дээр та бид ярилцаж байна. 20-р зуунд Монгол бүсгүйчүүдийг соёлч боловсон, боловсролтой, дэлхийн хөгжилтэй зэрэгцсэн иргэн болгохын төлөө таны ээж энэ байгууллагыг удирдан чиглүүлж, өөрөөрөө үлгэрлэж явсан он жилүүд нь түүх болон үлджээ. Ээжийнхээ хувь тохиолын түүхээс бидэнтэй хуваалцана уу?
-Ээжийнхээ тухай ярих шиг сайхан зүйл хаана байх вэ. Ялангуяа эмэгтэйчүүдийн байгууллагын ойг тохиолдуулан ээжийн минь ажил үйлс, нэр алдрыг эргэн дурсаж буйд гэр бүлийнхнийхээ өмнөөс талархал илэрхийлье. Ээж маань бага насандаа эцэг эхээсээ хагацаж, Өмнөговь аймагт айлд мал хариулж, амьдралын хатуу хөтүүг эрт мэдэрсэн учраас өдгөө ийнхүү хүндлэгдэх дайны нийгмийн зүтгэлтэн болоход өөрийнх нь туулж өнгөрүүлсэн амьдралын замнал нөлөөлсөн байх. Ерөөс ээжийн хувь заяаг эргүүлсэн хүн бол БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга асан Ж.Самбуу гуай юм. Айлд адлагдан, адасга дээр, төлийн дэргэд хэвтэж байсан арваад настай охиныг хажуудаа авч гарыг нь ганзага, хөлийг нь дөрөөнд хүргэсэн энэ эрхэм хүнд ээж минь бүх насаараа талархан, хүндэтгэж явсан. Хожмоо түүнийг бурхан болоход гэргийнх нь хүсэлтээр сүүлчийн замд үдэх үгийг ээж минь хэлж байлаа. Хүний амьдрал их сонин. Ээж Ж.Самбуу гуайн дэргэд сууж байгаад хэлсэн зүйлийг нь тэмдэглэн хөтлөж аймгийн яамны бичээч хийж анх 12 настайдаа төрийн алба хааж эхэлсэн. Дараа хотод ирж сурч боловсроод, буцаж Өмнөговь аймгийн захиргаанд “Говийн мэдээ” сонины анхны эрхлэгчээр 20-иод насандаа ажиллаж байхад миний эцэг Балжирын Багаажав Дорноговь аймгийн Хатанбулагийн хүн мөн тэр үед Өмнөговь аймгийн захиргаанд ажиллаж байжээ. Тэр он жилүүдэд ээж аав хоёр ханилан сууж, 1949 онд манай эгчийг төрөх хүртэл хүүхэдгүй хэдэн жил явцгаасан байдаг. Том эгч ээжийг 28 настайд төрсөн. Хоёр насны зөрүүтэй би, миний доор хоёр эрэгтэй дүү төрсөн. Харин одоо гурван эрэгтэй нь үлджээ.
-Таны аав ямар боловсролтой, ямар зан суртахуунтай хүн байв. Ээж аав тань үр хүүхдүүдээ ямар үлгэр дуурайл үзүүлдэг байсан бол?
-Аав маань насаараа төрийн албаны ажил хийсэн. ЗХУ-д Элчин сайдын яаманд зөвлөх, Намын хорооны дарга, Худалдааны яамны орлогч сайд, ГХЯ-нд хэлтсийн дарга, Сайд нарын зөвлөлийн Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч зэрэг ажил хийж байсан. Хэн хэн нь төрийн их ажилтай улс гэрийн бараа харахаасаа харахгүй нь их. Харин гэртээ байх үедээ юу хийх ёстой, ямар дэглэмээр, яаж амьдрах ёстойг маш сайн үлгэрлэдэг байв. Ээж бол мэдлэг боловсролтой, гэр орноо цэвэрлэх, хоол хийхийг, аав эмх цэгцтэй ажил хэрэгч байх, дэг журам, хүнтэй харилцах, олны дунд биеэ хэрхэн авч явахыг үлгэрлэж хүмүүжүүлсэн. Аав дүрэм журам, ёс жаяг их захидаг, өөрөө их цэмцгэр хүн байлаа. Манайх 1957-1960 онд Москвад байсан. Аав ажиллаж, ээж сурч байх тэр үед эгч бид хоёр тэнд сургуульд орсон. Монголдоо эргэж ирээд орос сургуульд сурч, хоёр хэлээ хамтад нь хөгжүүлээд явах боломжтой болсон. Ингэж бид Орос хэлээр дэлхийн уран зохиолыг уншиж, ертөнцийг илүү өргөн хүрээтэй таньж мэдэж эхэлсэн дээ. 1965 оны орчимд ээж аав маань хоёр тийш болсон. Бид эцэг эхийнхээ амьдралыг шүүх эрхгүй. Ямартаа ч тэд маань хэн хэн нь боловсрол соёл өндөртэй, аль аль нь л удирдах алба хашдаг он жилүүд байв. Зав багатай хоёр том хүн нэг дор байхад тулгардаг асуудал гэж байсан ч байж мэдэх юм. Аав маань 1980 онд өөд болсон. Тэр хүртэл бид гэртээ ч байдаг, аав дээр ч очдог. Жаргал зовлонгийн алинд нь ч ээж аав хоёр уулзаж, ярилцаад бидний амьдралын асуудлыг хамтдаа шийдээд л явдаг байсан. Би ээжийнхээ дэргэд 40 жил л амьдарсан юм билээ. Дөчхөн жил гэдэг юу байхав дээ, үүнээс юм ойлгодоггүй балчир бага байсан болон гадаадад сурч ажилласан жилүүдийг хасвал бүр цөөн жил болно. Өдийг хүртэл хамт байсан ч болоосой гэж хаяа бодогдоно. Өдийд ээж минь 90 гарсан, байвал байхаар л нас.
-Таны ээж Монгол улсын хөгжлийн түүхэн он жилүүдэд гол үүрэг гүйцэтгэсэн Монгол сэхээтэн. Тэртээх он жилүүдэд тэр бүр ил гаргаж ярьдаггүй байсан ховор дурсамж, үүх түүх байдаг уу?
-“Монгол сэхээтэн” гэдэг ойлголт их онцлогтой. Монгол улс Манжийн дарлалаас салснаас хойш суурьшмал амьдралын хэв маяг, соёлыг дагаж, боловсролтой, бичиг үсэгтэй хүмүүс цөөнгүй болж ирснээр номын, албаны хүмүүсийг сэхээтэн гэж хэлж эхэлж л байсан болов уу. Харин энэ ойлголтыг ээжийнхээ удам судартай холбоод үзвэл ээжийн төрсөн эх Цэдэн Монголд дөнгөж Намын үүр байгуулагдаж эхлэхэд намын хуралд сууж байсан тэр үеийн нийгмийн идэвхтэй хүн байжээ. Харин “мухар хуруу” Чоймбол гэдэг төрсөн эцэг нь бичиг үсэгт боловсорсон хүн байсан ч эцэг эх нь салж, ээж нь Соном гэж хүнийг даган говь руу яваад, миний эмэг эх Цэдэн удалгүй өөд болсны хойно бага балчир байсан ээжтэй минь Ж.Самбуу дарга таарсан түүхтэй. Би ээжийн удмын кодыг ДНК-гаар шинжлүүлэхээр Америк руу явуулсан. Тэгэхэд удмын ДНК нь Нирун аймгийн гаралтай, Алунгоо хатны удмынх болохыг мэдэж авсан. Үүнийг би урьд өмнө ярьж байсангүй. Сертификат дээр бол “Нирун” гээд бичсэн байдаг. Харин ээж “Би хэдийгээр ядуу гуцуу, өнчин өрөөсөн явсан ч Түдэв гүний удмын хүн гэдгээ мэдсэн. Гэхдээ та нар удам судрынхаа талаар нэг их яриад яахав ээ, дотроо бахархаж яв” гэдэг байсан. Тэгэхээр ээжийн гарал үүсэл, удамд нэг өгөгдөл байжээ л гэж хожим боддог болсон юм. Ээж бас нэг удаа “Хэрвээ би Ж.Самбуу даргатай таараагүй бол айлын хаяа бараадсан өргөмөл, малчин хүүхэд болж, миний амьдрал тэндээ л дуусах байсан” гэж хэлж байлаа. Ээж романаа “Их хувь заяа” гэж нэрлэсэн нь өөрийн туулсан амьдралтай ч холбоотой юм шиг санагддаг.
-Дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн амьдралын эгзэгтэй мөчид нэг сайн хүн таарах нь хувь зохиолыг өөр тийш эргүүлэх сонин учрал юм даа.
-Тэгэлгүй яахав. Тэр хүний мэдрэмжид ээж яаж туссаныг таашгүй. Тийм л хувь тохиол таарч. Хүний хувь заяа гэдэг тэр том ухагдахууныг 20 гаруй настайгаасаа ойлгож, төлөвшиж эхлээд л энэ хүмүүс намайг ингэж дэмжиж, тэтгэж явахад би хойшид хэрхэн ажиллаж амьдрах, юу хийх ёстой вэ гэдгээ бодож боловсруулж эхэлсэн байх.
-“Нарны дор би мөнх оршино” гэж бичсэн ээжтэйгээ хамт 40 жил л амьдарчээ гэж та хэлсэн. Харин таны ээж Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 25 жил удирдсан байдаг. Тэр он цагийн тухай дурсамжид тань олон зүйл бий биз. Ялангуяа монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн талаар, жендэрийн тухай ойлголтыг ч ээж тань ярьдаг байж...
-Тийм ээ. Би энэ үгийг нь хөшөөнийх нь гантиг чулуун дээр сийлж үлдээсэн. Хэдийгээр ээжийн бие дэргэд үгүй ч, үг нь, үйл хэрэг нь үлддэг, үргэлжилдэг орчлон юм. Жендэрийн тухай асуудал бол манай эмэг эх Цэдэнгээс эхлэх байх. Энэ талаар ээж ярьдаг байсан. Ээжийн ээжийг Чоймбол өвөө авч суухдаа богтолж авсан юм гэнэ лээ. Тэгэхээр хүн сэтгэлгүй нэгэнд богтлогдоод очих нь бэрх асуудал болохыг мэдэрсэн. Түүний үр дагавраар хагацал зовлонг мэдэрсэн учраас сурч боловсрох явцдаа хамгийн түрүүнд тэр зовлонг өөр олон эмэгтэйчүүд, хүүхдүүд бүү үүрээсэй гэж бодсон байх. Ээж их залуудаа эмэгтэйчүүдийн байгууллагын ажлыг хийж эхэлсэн гэдэг. Монголд ирсэн хойноо Дотоод яамны гал командад бичээч, эмэгтэйчүүдийн зохион байгуулагчаар ажиллаж байсан юм билээ. 18 настай залуухан охин дүрэмт хувцас өмсөөд гал командын машинтай гудамжаар явахад үнэхээр бахархалтай санагдаж байсан гэж ярьдаг, зургаа үзүүлдэг байв.
Дайны үед Москва, Ташкентад оюутан байхдаа окоп ухаж, дээрээс унасан бөмбөгийн хэлтэрхийг авч шидэж байх үедээ ч дайн дажин, зовлон бэрхшээл гэж ийм байдаг юм байна гэдгийг ойлгож, дайны хөлд өртсөн хүмүүст эмэгтэйчүүд хэрхэн эмнэлгийн тусламж үзүүлж, харж асардаг талаар харж мэдэрсэн байдаг. Ингэж л эмэгтэй хүн сурч боловсорч, өөрийн хөдөлмөр зүтгэлээр бусдаас хараат бусаар ажиллаж амьдарч болдгийг ойлгож, тэр хэмжээгээрээ эмэгтэйчүүдээ боловсруулж хөгжүүлэх зорилготой болсон байх. Харин харьцааны хувьд эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй ч хэн хэнд нь ёс жудаг гэж байх ёстойг эрхэмлэдэг. Хаана ч очсон бусад хүн “Дарга та түрүүлээд ор” гэхэд эрэгтэй хүнийг оруулаад өөрөө араас нь ордог. “Дарга дээшээ суу” гэхэд хойморт нь эрэгтэй хүн суулгаад, өөрөө галын зүүн талд суудаг. Цай аягалаад эр хүнд эхлээд өг гэж хэлдэг, мах чанаад өгөхөд хавирганаас нь амсаад буцаагаад өгдөг байсан. Тэр жаягийг маш чанд сахидаг байжээ. Жендэр гэдэг нь хүйсийн тэгш эрхийн байдал юм. Цаг үеэ дагаад хүүхнүүдийн нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх тухай ойлголт болжээ. Харин тэр үед “ёстой” гэж ярихаасаа илүү Монгол ёс заншлаа дагаж мөрдөх, жам ёсоор нь хүлээн зөвшөөрүүлэх үлгэрлэл нь тэр байж. Энэ мэт хуулиар биш хувь заяагаар оноогддог зохицуулалтууд байсан шүү дээ.
-Ээж тань эмэгтэйчүүдийн байгууллагын залгамж халааг аваад хэнээс үлгэр жишээ авч байсан бол?
-Монголын эмэгтэйчүүдийн байгууллагатай амьдралаа холбоод хамгийн түрүүнд Их жанжин Д.Сүхбаатарын гэргий Янжмаа гуайтай нүүр тулсан гэдэг. Н.Янжмаа гуайгаас төлөв түвшин, биеэ зөв авч явах, үг хэлэх, үзэмж байдлаа засах зэрэг асар их зүйлийг сурснаа дурсдаг байсан. Н.Янжмаа гуай Монголын орчин үеийн эмэгтэйчүүдийн хөгжилд асар их үүрэг гүйцэтгэсэн. Эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга Д.Пагмадулам ч маш том сэхээтэн байсан. Тэр хүн Монголд барууны соёлыг тээж авчирсан бол Н.Янжмаа гуай Монгол ахуйгаасаа төрсөн сэхээтэн байж. Энэ мундаг хүмүүсээс сурч мэдсэний залгамж болж ээж монгол эмэгтэй хүний ахуйн соёл, ариун цэвэрч байдлаас айл бүрийн өнгө төрх тодорхойлогдоно гэж үзэх болсон.
-Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн эцэг эх тус улсын соёл хөгжлийг нэгэн цагт шинэ шатанд хүргэсэн гавьяатнууд гэгддэг. Үүний нэгэн адил ээж тань ч бас биеэ сайхан авч явдаг. Эмэгтэйчүүдийг хөгжүүлж, соёлжуулахад өөрөөрөө үлгэрлэдэг, үсний засалтыг нь хүртэл дуурайх дуртай хүүхнүүд олон байсан гэлцдэг юм билээ?
-Тэгэлгүй яахав. Ээж урт гэзэгтэй байсан. Цаг үеэ дагаад дээш нь шуудаг болсон, түүнийг нь дуурайх хүн олон байжээ. Соёлч, цэмцгэр байхыгаа өөрөө ягштал хэрэгжүүлнэ. Ээжийг дагаад хөдөө гадаа явахад их юм сурна. Цүнхэнд нь алчуур, жижиг шилтэй үнэртэй ус, сам, бусад хэрэгтэй зүйлс байнга бэлэн, машиндаа чихэр, боов, боорцог юм юм авч явна. Дээлийн өнгө, хавчаар, алчуур, атга чихэр ч байсан хүн бүрт хүртээнэ. Айлд орохын өмнө заавал гартаа үнэртэй ус дусаагаад, алчуураар арчиж байж орно. “Эмэгтэй хүн биеэ сайхан арчилдаг, усанд орчихдог, хумс хуруу нь хиргүй явдаг энэ байдлыг хөдөөд ч нэвтрүүлье. Эзэгтэй хүн цэвэрхэн байвал хүүхэд эрүүл, ахуй нь цэмцгэр байна. Монгол улс дэлхийн хөгжлөөс хоцрох ёсгүй гэр бүлээрээ, айл саахалтаараа, байгууллагаараа Соёлын довтолгоонд нэгдэн хичээх хэрэгтэй” гэдэг Н.Янжмаа гуайн үйл хэргийг цаг үед нь тохируулан хөгжүүлж, аймаг, сум, баг, болгонд айл бүрт соёлыг түгээнэ гээд зүтгэсэн юм билээ.
-Эцэг эх бүхэн хүүхэд бүртээ л гавьяатай, гэхдээ таны ээж Монгол эмэгтэйчүүдийн үзэл санаанд үлгэр дуурайл болохуйц онцгой дүр болж үлдсэн нь бахархууштай. Харин үр хүүхдэдээ эгэл жирийн л ээж санагддаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Ажил дээрээ хатуу чанд зарчимч, гэртээ бол жирийн л ээж шүү дээ. Ээж ерөөсөө уурлаж уцаарлаж, загнаж байгаагүй. Харин их хатуу үгтэй, үгээрээ л цохиод авна шүү дээ. Их ноцтойхон харна. Зөөлөндөө их зөөлхөн, ярьж сууж байгаад л толгой илнэ. Их л энхрийлж, хайрлаж байгаа нь тэр. Түүнээс биш нэг их нялуураад үнсэж үлгээд байдаггүй. Харин миний хэлсэн 40 жил яагаад надад бага санагддаг вэ гэвэл би энэ он жилүүдийн нэг хэсгийг хасаж боддог. Жишээ нь би хэдэн насандаа юмыг ойлгож эхэлснээ бодохоор 4-5 насандаа юм шиг санадаг. Бидний бага насны тухай дурсамж одоо бол түүх юм даа. Ордны хойд талын арктай, гал түлдэг пийшинтэй байранд байхад бид хэд Пионерийн ордны арын 5-р халуун усанд очиж дугаарлаж байгаад л усанд ордог. Яармагийн дэнжид зусланд гарч байсан зун цаг, Зайсан дахь Солонгос хүүхдүүдийг асардаг асрамжийн газрын тухай дурсамжууд гээд л...
1960 онд Москвагаас буцаж ирээд манайх Ленин клубийн урд хашаанд гэр бариад амьдарч байсан. Түлээ түлш, унд усаа өөрсдөө бэлдэнэ. Чанасан боорцог, бор цайгаа уугаад л бусдын жишгээр амьдарна. Ээж дарга гээд бид өөр юм идэж ууж байгаагүй шүү дээ. Тэр үеийн амьдрал энгийн байлаа. Харин сүүлд 1970-аад оноос орос дэлгүүр, 20-р дэлгүүр, 10-р дэлгүүр зэрэг гадаадынханд үйлчилдэг дэлгүүрт дарга нарт үйлчлэх тасаг нээгдсэн. Гэхдээ тэрийг би одоогийнх шиг тусгай хангамж гэж боддоггүй. Тэр хуучны хүмүүс чинь цаг наргүй, өдөр шөнөгүй ажилладаг, хөдөө гадаа их явдаг. Ар тал, гэр орныхоо асуудалд санаа зовохгүй байх талаас асуудлыг нь хөнгөвчилж өгөх л арга байсан байх.
Ээж маань их шударга, ёс зүйтэй хүн байсан. Нэг зун ээжийг Архангай руу ажлаар явахад бид хамт явсан юм. Буцахдаа буудлын ажилтнаар томилолтоо бичүүлсэн ээж “Томилолтын зардал ганц над дээр бичигдэхээс бус хүүхдүүд хамаагүй. Танайх яасан баян нэгдэл вэ? Миний тооцоог тусад нь бич, хүүхдүүдийн тооцоог би өөрөө төлнө” гэж хэлж байсан. Энэ мэтээр бид ээжээсээ алба амины асуудлыг ялгаж салгах ёс журмыг сурч байлаа даа. Биднийг сургууль соёл, ажил, албанд ороход хэзээ ч нөлөө үзүүлж байгаагүй. Одоо ийм ёс зүй манай төрийнхөнд их дутагдаж байна.
-Олон улсын хурал зөвлөгөөнд оролцоод эх орныхоо хөгжил дэвшлийг бусад улстай жишиж, уялдуулдаг байсан уу?
-Миний ээж олон улсад их нэр хүндтэй хүн байсан. Одоо бодоход дэлхийд данстай хүн байжээ. Олон улсын хурал зөвлөгөөнүүдийг удирдаж, нарийн ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэхэд гадаадын оролцогчид ээжээс асууж туршлагыг нь ашигладаг байв. Ээж Ази, Африкийн зохиолчдын “Лотос” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн байсан. Мөн сэтгүүлийн шагналыг 1974 онд хүртэж байсан юм. Дэлхийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч, Дэлхийн энх тайвны зөвлөлийн гишүүн, Энх тайван найрамдлын байгууллагуудын зөвлөл, АИХ-ын тэргүүлэгч гишүүн байлаа. Ээжийн явах очих газар, хурал зөвлөгөөн мундахгүй. Монголчууд бид зовлон үзээгүй, бид өөрсдөдөө зовлон үүсгэж байгаа болохоос гаднаас хэн нэгэн ирээд зовлон үүрүүлчихээгүй байна гэх зэргээр ярьдаг байв. Ээж маань яг нийгэм солигдох тэр ирмэг дээр очоод л тэнгэрт хальчихсан даа. Ээж тэр үед сэтгэлдээ их зүйлийг боддог байсан нь анзаарагдсан. Цаг үеийн байдал, мөн хийж дуусгаагүй ажлуудаа их эргэцүүлж боддог байж. Тэр нь ардын хувьсгалтай чацуу, улс орны хөгжлийн гэрч байсны хувьд туулсан амьдралынхаа талаар дурсамжаа бичих, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг өөрийн гэсэн ордонтой болгох... Ямар сайндаа бие нь нэлээд чилээрхэж байсан үед эмч нараас “Надад та нар ганцхан жилийн амьдрал өгчих” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм.
-Таны өмнөх ярилцлагаас Ю.Цэдэнбал даргын эхнэр А.И.Филатова ээжийг тань ажлаа өгөхөд нөлөөлсөн байж магадгүй тухай уншсан. Өөртэй нь энэ чацуу хүчтэй, Монгол сэхээтэн нэг талбарт байгаад байж. Тэр үед ээжийн тань сэтгэл зүй амаргүй л байсан байх?
-Чи миний дотрыг уудлах гэж үзээд байна. А.И.Филатова, Ю.Цэдэнбал дарга хоёрын түүх тусдаа асуудал. Харин Ю.Цэдэнбал даргын эхнэр ЗХУ-аас том дэмжлэг туслалцаатайгаар, тэр хүний нөмөр нөөлөг дор оросын соёлыг монголчуудад түгээж, хүнийг нь хүмүүжүүлж, хүүхдүүдийг зуслантай, ордонтой, хосуудыг нь хуримлах байр савтай болгож, соёл, урлагийг хөгжүүлэхэд “хувь заяагаараа” их үүрэг гүйцэтгэсэн. Харин ээж өөрийн амьдралаараа, жинхэнэ монгол ахуй соёлыг ард олныхоо дунд хамт байж хөгжүүлж явсан хүн. Мэдээж хэрэг мах цусанд нь шингэсэн Монгол хүний үндсэрхэг үзэл төлөвшил байна. Энэ бүхнээс Монголын түүхэнд хоёр өөр соёл нэгдэн Монголыг хөгжүүлж босгоход тодорхой үүрэг гүйцэтгэсэн, түүхэн улсууд гэж би тэднийг хэлнэ. Хөндлөнгийн хүмүүс сайн муу хэлэх бол өнгөц дүгнэлт. Аан, харин наана цаана асуудал дээр бол би чинь ээжийгээ хамгаалахгүй яахав. Ээжийн ажлаа өгсөн тухай асуудал дээр Бал дарга хэн нэгний үгийг сонсоод шийдсэн эсэхийг мэдэхгүй. Ямартаа ч “Монгол төрд хоёр хүчтэй, нөлөөтэй эмэгтэй байх зохисгүй” гэсэн үг ээжид дуулдсан талаар надад хэлж байсан. Ээж өөрөө өргөдлөө гаргаад “Би 60 нас хүрлээ. Залуучуудад байраа тавьж өгөх цаг болсон, ажлаа өгье” гэж Бал даргад хэлсэн юм байна лээ. Гэтэл “Болоогүй ээ, чи ажлаа хийж бай” гэснээ долоо хоногийн дараа “За чи ажлаа өг өө” гэж хэлэхэд нь ээж их л гайхсан юм билээ. Тэгээд “Одоо харин надад зохиолоо бичих сайхан зав гарлаа” гэж надад хэлж байсан. Ажлаа өгөөд явахдаа зарим хүнтэй тааралдахад нүүр буруулж, уулзахаас эмээж байсныг анзаарснаа ярьж байсан. Удалгүй Ж.Батмөнх дарга ээжийг дуудаж “Таны туршлага хэрэг болж байна. Та Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороонд орлогчоор ажиллаач” гэж хэлсний дагуу нэг хэсэг тухайн байгууллагад ажиллаж байлаа.
-Ээжийн тань төрийн албанд зүтгэсэн он цаг, ахмадын байгууллагын ажлаар өндөрлөжээ гэж ойлголоо...
-Ер нь тийм. Гэхдээ ээж хэзээд олныхоо дунд явж, хүмүүсийн бодол санаа, амьдрал ахуйн талаар хүсэлтийг нь байнга сонсож зөвлөж, туслаж явсан. Жишээ нь, аавыг өнгөрснөөс хойш ээж бид хоёр Дорноговь руу аавын нутгаар явлаа. Хатанбулаг суманд очоод байж байтал гаднаас хүн орж ирээд “Дарга аа! Манай улаан буланд улсууд цуглаад тантай уулзана гээд байна” гэхэд ээж “За, очилгүй яахав ээ. Би төрийн ажил хийж олныхоо дунд явсан зохиолч хүн. Ард түмнээ сонсох ёстой. Нэг хүн ч байсан уулзана аа” гэв. Тэр уулзалт дээр ээж “Монголын ард түмэнтэй олон удаа уулзалт хийж явлаа. Энэ өдөр тухайлж хэн нэгэнтэй уулзъя гэсэнгүй, би хүүгийнхээ эцгийн төрөлх нутгийнхантай уулзаж байгаадаа баяртай байна. Би одоо төрийн албаны хүн биш тэтгэврийн хүн болсон. Гэсэн ч “Миний албаны томилолт дууссан ч амьдралын томилолт минь дуусаагүй” учраас та бүхэнтэйгээ уулзаж байна гэж хэлсэн юм. Харин тэр үгийг олон жилийн дараа би бас хэрэглэж билээ. Тэтгэвэрт гарахдаа “Миний амьдрал дуусаагүй, хойшид ч та бүхэнтэй харилцаа холбоотой, юу мэддэг чаддагаараа та бүхэнд тусалж дэмжиж явах болно” гээд ээжийнхээ тэр үгийн утгыг залуустаа ойлгуулаад явж байсан.
-Монгол улсын нийт хүн амын 52 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Энэ том өрх айлыг удирдаж яваа Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд хандаж та юу хэлэхсэн бол?
-Аливаа байгууллага үүх түүхээ сайтар хадгалж үлдэх, мөн түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүсээ мартах ёсгүй гэдэгтэй би санал нийлдэг. Энэ тал дээр анхаарч “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлээ сэргээн, архивын судалгаагаа хийж, олон сайхан ажлууд санаачилж байгаад нь талархаж байна. Үе үеийн тэргүүнүүдээ “Хүндэт ерөнхийлөгч”-өөр өргөмжилсөн тухай ч дуулсан. Өнөөдөр ч бас намайг урин ярилцаж, ээжийн минь түүх болоод эмэгтэйчүүдийн байгууллагын ажил үйлсийн талаар эргэж дурсаж, тэмдэглэж үлдэнэ гэдэг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг холбосон алсын хараатай үйл хэрэг гэж харж байна.
Шинээр сонгогдсон тэргүүний мөрийн хөтөлбөртөө Монголын эмэгтэйчүүдийнхээ ажил үйлс, бүтээмжийг дэмжих “Үйлдвэрлэл, үйлчилгээ, инновацийн төв” байгуулахаар тусгасан гэж дуулсан. Энэ чинь л нөгөө ээжийн минь зорьж байсан эмэгтэйчүүдээ өөрийн гэсэн орон байртай болгох зорилгын биелэх цэг юм уу гэж олзуурхаж сууна. Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын 95 жилийн ой ч хаяанд ирж, тун удахгүй ээжийн мэндэлсний 100 жилийн ой болно. Тал талаасаа дэмнээд монголын эмэгтэйчүүдийн энэ олон байгууллагуудын төлөөлөгчид үе үе цуглаж, ажил амьдралаа ярьж хэлэлцдэг нэг сайхан оронтой болгочих юмсан. Төр засаг маань та нарын хийх ажил, санал санаачилгыг бодлогоороо дэмжиж ажиллаасай гэж хүсч байна. Үнэн хэрэгтээ хөгжлийн шинэ үе, өнгөрсөн 30 орчим жилийн нугачаанд монгол айл өрхийн амьдрал бүсгүйчүүдийн нуруун дээр явлаа шүү дээ.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч редактор Ю.Шүрэнцэцэг.
ЭХ СУРВАЛЖ: "Монголын эмэгтэйчүүд" сэтгүүл