“Улаанбаатарт Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийг батлав
Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Бээжин хотноо БНХАУ-ын Экспорт-Импортын банкны дэд Ерөнхийлөгч Шие Пинтэй уулзаж, БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн явц, байдлын талаар санал солилцов. Хоёр талын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйг талууд тэмдэглээд, цаашид харилцан тохиролцсон холбогдох төслүүдийг цаг хугацаанд нь сайтар гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг онцоллоо.
Уулзалтын дараа БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгосон 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Экспорт-Импортын банкны дэд Ерөнхийлөгч Шие Пин нар гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны түр хамаарагч Д.Булган, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, хятадын талаас Экспорт-импортын банкны хөнгөлөлттэй зээлийн хариуцсан газрын захирал Лю Я, олон улсын газрын дэд захирал Зөү Вэньжин нар болон бусад албаны хүмүүс оролцлоо гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээлэв.