Нармандахын Насанбуян,Бямбадоржийн Цэцэгбаяр нар Азийн аварга боллоо
Залуучуудын Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян Азийн аварга боллоо. Ингэснээр Монголын эрэгтэй бөхчүүдээс залуучуудын Азийн аварга болсон зургаа дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө нь 1981 онд Энэтхэгийн Хисарт болсон тэмцээнээс гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ 65 кг-д, Лувсангийн Энхбаяр 70 кг-д, ОУХМ Санжжавын Сүхбаатар 81 кг-д, 2005 онд БНСУ-ын Чэжүд ОУХМ Цагаанбаатарын Оюунболд 55, 2007 онд Филиппиний нийслэл Манилад ОУХМ Дамдинбазарын Цогтбаатар 50 кг-ын жинд аваргалж байв.
Н.Насанбуянгийн хүч үзсэн эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд долоон бөх барилдсан бөгөөд манай бөх шууд хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Узбекистаны Рустамбек Жураевыг 6:2-оор ялсан. Тэгвэл дөнгөж сая алтан медалийн төлөөх барилдаанаа 2013 оны өсвөр үеийн дэлхийн аварга Казахстаны Дархан Калкеновтой хийж 17:13-гаар ялснаар Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэхээр боллоо.
72 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин Бямбадоржийн Цэцэгбаяр шөвгийн наймд Энэтхэгийн Поожа Поожаг 3:2-оор, хагас шигшээд эзэн орны Хуи Ци Чаныг 8:3-аар ялж, алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-йи хүрэл медальт, Азийн аварга БНХАУ-ын Чучу Янтай барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Ингэснээр Б.Цэцэгбаяр залуучуудын Азийн аваргад түрүүлсэн Монголын долоо дахь эмэгтэй тамирчин боллоо. Түүнээс өмнө нь 2007 онд Филиппиний Манилад Очирбатын Насанбурмаа 72 кг-д, 2008 онд Катарын Дохад ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл 44 кг-д, гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 51 кг-д, ОУХМ Энхбаярын Цэвэгмид 55 кг-д, 2009 онд Филиппиний нийслэл Манилад гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг 59, 2014 онд Улаанбаатарын дэвжээнд ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг 55 кг-д түрүүлж байв.
Эх сурвалж: www.TODAY.mn