МУ-ЫН СТА ДУУРИЙН ДУУЧИН Н.СЭРЖМЯТАВ
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 2023 оны 07 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд “Алунгоо эхийн сургаалын баяр” тав дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Энэхүү уламжлалт наадмыг Монгол түмний Алтан ургийн дээд эмэг Алунгоо хатны ЭВ ЭЕИЙН сургаалын үнэ цэнэ, түүхэн үүргийг судлах, түгээн дэлгэрүүлэх, олон улсын хэмжээнд сурталчлан таниулах зорилгоор 2002 оноос эхлэн зохион байгуулж заншсан бөгөөд улсын хэмжээний томоохон үйл ажиллагаа болон өргөжсөн юм.
Монгол Улсын СТА, дуурийн дуучин Намнансүрэнгийн Сэржмятав Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлч нөхдийн хамт наадмын нээлтийг хийж, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын аялгуу, Н.Баярын шүлэг “Богд Чингисийн өндөр ижий” дуугаар хурсан олны сонорыг мялаасан нь наадамчин олны гүн талархалыг хүлээлээ.
Үзэх холбоос: https://www.facebook.com/100063382740177/videos/7047198025309877
Учир нь тэрбээр 2016 онд 10 бүлэг 26 дүр бүхий “Тэнгэр язгуур” дуулалт кино жүжгийг санаачлан, Монгол Улсын нэрт судлаач, эрдэмтэн докторууд багаар ажилласан тус кинонд Алунгоо эхийн түүхэн дүрийг бүтээснээр “Монголын нууц товчоо” түүхэн зохиол, Алунгоо хатны эв эеийн сургаалийн үзэл санааг орчин үеийн хүүхэд залуус, урлаг судлаачдын судлагдахуунд шинэ түвшинд гаргах эргэлт хийсэн билээ.
Түүнчлэн мэргэжлийн уран бүтээлчийн хувиар БНСУ-ын үндэсний соёл урлаг, бизнесийн хөгжлийн загварчлалаас харилцан туршлага судлахаар тус улсаас эрхэм хүндэт зочдыг урин “Алунгоо эхийн сургаалийн баяр” наадмыг олон улсад сурталчлан таниулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулав. Үүнд Монгол Улсын боловсролын салбарт Мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Хүрээ” дээд сургуулийн Дэд захирал И Жэй Буг тэргүүтэй, БНСУ-ын Тэжон хот, Чэжү арлаас зорин ирсэн албаны бусад төлөөлөл багтсан юм.
Мөн энэхүү баярын салшгүй нэг хэсэг нь Алунгоо эхийн эв эеийн сургаалыг түгээн дэлгэрүүлэх, охид бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, эрдэм ухаан, авьяас чадварыг нээн илрүүлэх зорилгоор “Эвийг эрхэмлэгч гоо хатад”-ыг тодруулдаг уламжлал билээ. МУ-ын СТА дуурийн дуучин Н.Сэржмятав Хөвсгөл аймаг дахь МЭХ-ны Тэргүүний хувиар энэ удаа гоо хатадыг шалгаруулах үйл ажиллагааг бүрэн ивээн тэтгэлээ.
"Эвийн сургаал ээж шүтээн- Монгол эх хатдын ертөнц" эрдэм шинжилгээний бага хуралд:
- "Монгол ардын сурган хүмүүжүүлэх уламжлалаас" Ж.Даваа (Ph.D),профессор
- “Монгол хатдын өргөмжлөлийн тухайд (Архивын баримтын жишээгээр) Т.Сайнжаргал (докторант)
- “Монголчуудын сурган хүмүүжүүлэх ухааны уламжлал ба өнөө үе" Д.Нинжбадгар доктор (Ph.D)
- "Дундад зууны үеийн хөрөг зураг дахь хатдын дүр дүрслэл" Н.Саруул доктор (Ph.D)
- "Монгол эхийн бүүвэйн дууны утга тайлал" Ш.Чимэдцэеэ / МУАЖ/, Доктор
- "Уран зохиолын өвөрмөц дүр дүрслэл, ээж ба эмэгтэйчүүд" Д.Хүү доктор, профессор нарын эрдэмтэд илтгэлээ хэлэлцүүлсэн юм.
Тус наадмыг уламжлал ёсоор “Монголын саран ээж нийгэмлэг”, “Чингис хааны холбоо”, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Чандмань-Өндөр сумын ЗДТГ, ИТХ, Улаанбаатар, Эрдэнэт, Мөрөн хот дахь нутгийн зөвлөл хамтран зохион байгууллаа.
Ийнхүү Чандмань-Өндөрчүүд тэнгэр, нарны орноо тэгш дүүрэн жаргаж гурван өдрийн турш Эрдэм шинжилгээний хурал, эрийн гурван наадмаа зохиож, үзэмж гоо, ухаан төгс хатны үргэлжлэл ирээдүй хойч нь үүх түүхээрээ бахархан дэлгэр сайхан наадсан юм.
Сэтгүүлч Ю.Шүрэнцэцэг.