Рэвью, “Амьдрахуй”: Тоглолт бүрд чамбайрахгүй гэвээс эрхэм найруулагчийн хамгийн муу нь
Жүжиг нээгээд л орой, маргааш нь нийтийн сүлжээг сэтгэгдэл, бичвэрүүд дүүргэдэгт дассан байна. УДЭТ биш “Орфей” театрын тухайд хэлж буй үг. Харин “Амьдрахуй”-н ард тэр уур амьсгал өөр анзаарагдаж, санагалзлаа. Энэ аргагүй юм шиг. Найруулагч М.Батболдын зургаа дахь жүжгийн хойно шагшиж сэтгэгдэл бичих ямар ч боломж олдсонгүй. Бүтээлд дутуу нойтон юм байдаг. Ерөнхийдөө болоод явчихсан бол тэр бүгдийг уучилж өршөөх сэтгэл ихэнх хүнд бий. Ялангуяа рэвью, сэтгэгдэл бүр л магтаал сайшаалын шинжтэй байгаад дасчихсан, өөрчлөгдөж амжаагүй ийм цаг үед “Амьдрахуй” өндөр хүлээлтийг даанч унагаж орхисон тухай эрсхэн бичихээс аргагүйд хүрч байна.
Найруулагч М.Батболд ярилцлага хийгээд дуусахдаа “Намайг зад шүүмжлээд өгөөрэй” гэж захисан юм. Гэхдээ энэ захиас тийм ч хамаатай биш. Учир нь нээсэн жүжгийг бултаар цуглаж үзээд, нэгийнхээ бичсэн таатай сэтгэгдлийг шил даран уншиж, тэдгээр өдрүүдэд хөөр баяр болцгоох тусдаа нэгэн амт байдаг юм. Шүүмжилж юм уу муулах гэж болсон болоогүй оролдоод, түүнийгээ хүн унших нь уу, яаж хүлээж авах нь вэ хэмээн эргэцэж сууснаас тэгж хөөрцөглөх нь илүү амар ба сайхан ч санагддаг. Ямар ч байсан шүүмж биш рэвью учраас хувийн сэтгэгдэл, анзаарч эргэцүүлсэн зүйлсийн цуглуулга төдий гэдгийг бас тодотгомоор болж байна.
Урьдач нөхцөл: Өндөр хүлээлт тавих нь өөрийн буруу ч...
Яагаад өндөр хүлээлт тавив. Ер нь өндөр хүлээлт тавих аль ч тохиолдолд өөрийн буруу л даа. Гэхдээ,
- Энэ найруулагч М.Батболдын зургаа дахь жүжиг. Туршлага гарт орж эхэлсэн байгаа. Мөн “Орфей”-д итгэдэг.
- Зохиолч нь Мө.Батбаяр, тэр өөрөө романыг орчуулсан. “Түүнд итгэж болно, тэр яав ч сайн л бичнэ” гэдэг тийм тавцанд бид бүгдээрээ очиж зогссон.
- “Амьдрахуй” олон уншигчтай гэдэг маркетингийн давуу талаас гадна тавихад хялбар зохиол гэж бодогдож байна. “Гэм зэм”, “Фауст”, “1984”-ийг тайзан дээр тавьсан багийн хувьд шүү дээ. Драм болгоё гэвэл бүх зүйл зохиолд байгаа. Зовлон бол зовлон, нулимс бол нулимс нь, үйл явдалд тийм нарийн төвөгтэй, учир зангилаа, далд санаа бүхий юм байхгүй. Гагцхүү яаж сэтгэн хувиргах вэ гэдэг бүрэн эрх чөлөөг зохиол өөрөө өгч байна.
Тэгээд, их сайхан жүжиг л үзнэ гэж бодож очлоо шүү дээ. Уйлбал ч уйлна гээд. Романыг уншихдаа уйлж байсан юм чинь. Найруулагч М.Батболд “Олон нийтэд ойлгогдох классик драм тавина” гэж хэлсэн болохоор, зохиол дахь үхэл зовлон бүр бүрэн тусах нь, тэдгээрт нь сайхан уяръя аа, хайлъя аа гээд л очлоо. Тэгж зүгээр л хүлээн авахдаа, энгийн дундаж үзэгч нь байхдаа өөрөө өөрийгөө бэлтгэж очлоо. Үүнийгээ “Өндөр хүлээлт” гэж тодорхойлох буруу ч байж магадгүй. Нөгөө үгээр хүлээлтгүй зорьж ирсэн гэв ч дэгс болохгүй ээ, зохиолоос шалтгаалан.
Ямартай ч драм хамгийн хүнд, цогц урлаг болохын тухайд бүрэн задлан шинжлэхэд нэгээс олон удаагийн үзлэг хэрэгтэй. Тийм болохоор дараах долоон сэдвээр л байр сууриа товч хуваалцъя. Түүнчлэн, зөвхөн нээлтийн өдрийн тоглолтын хүрээнд гэдгийг зүүж өгье.
Найруулагчийн импрессионизмын тухайд: Найруулагч Мягмарнарангийн Батболд энэ жүжгээ олон нийт ойлгох, классик драм гэснээс гадна импрессионист байлгахаар хувьдаа зорьсон хэмээн тодорхойлсон билээ. Тийм ч болохоор элдэв декоргүй, хов хоосон тайз байна гэж хэлсэн.
Хоосон тайз бол байсангүй. Пост-драм төрөлд ажиглагддаг заслууд, том том бөмбөлөг мэтийн хэрэгслүүд байна. Нөгөө дөрвөлжин тайзаа ч засаж амжжээ. Олон куб хайрцаг салж бас нийлнэ, өнгө өнгөөр асна. Олны хэсгийн арга ажиллагааг ч дахин шингээжээ. Ингээд харахаар өмнөх жүжгүүдээс нь ялгарах зүйл гагцхүү цаг хугацааны дараалал юм шиг санагдлаа.
“Амьдрахуй” бол цаг хугацааны дарааллыг эвдсэн жүжиг байна. Орон зай, цаг хугацааны хувьд үсрэх хамгийн өргөн боломж уран зохиолд л бий. Харин “Амьдрахуй” хэдийгээр өнгөрсөн дурсамжийг хөвөрдөж буй өгүүлэмжтэй ч үйл явдлын дараалал нь эхнээсээ төгсгөл рүү чиглэдэг роман. Үүнийг болиулж, Фу Гүй шууд мөрийтэй тоглоомд хамгийг алдахдаа тулан сагсуурч буйгаар эхлүүлж, төд удалгүй хүүг нь үхүүлснээ, бүр дайны үеийн үйл явдлыг хөвөрдөж, түүний араас дахин хүүгийн үхэл рүү шилжиж байх жишээтэй.
Нэг л эрсдэл үүнд байх шиг. Энэ нь дүрүүдийг сайн тодорхойлж өгөхгүй байх явдал. Маш анзааргатай байхгүй л бол дүрийн хөгжлийн үйл явцыг дараалал харгалзахгүй үзүүлэх шаардлагатай болохдоо алдаж мэдэхээр. Тийм тал ч анзаарагдсан. Сагаж явсан Фу Гүй хэрхэн бага багаар ухаажиж, эцэстээ хэн болон хувирч буй ялгаа зааг бүдгэрсэн гэх юм уу даа. Шууд үсэрчихээр, Фу Гүй хувцас солингуутаа л хэдийнэ амьдралдаа дасчихсан, хүлээгээд авчихсан, нэг их амгалан идэрмэг эр болчих шиг харагдаж байна. Тэгэхээр нөгөө зовлонгоос зовлонд хүлцэж буй гол юм маань мэдрэгдэхгүй. Жүжигчин Д.Ганцэцэг хүртэл дотогш чимээлж боддог, сэтгэлийн гоо сайхантай, дуу шуу багатай тэр эмэгтэйн дүр дээр чухам цаг хугацааны үсрэлтээс болоод алдаж байх шиг. Нэг мэдсэн зөнөх дөхсөн эмгэн шиг авирлаж эхэлдэг байгаа даа (хүүгээ эмнэлэгт бий хэмээн итгэж байх өдрүүд). Гэтэл төгсгөлийн монгологидоо тэр эмгэн залуужаад явчхаж байгаа юм (Уг нь үхэл нь).
Үүнээс болж, түрүүнд дурдсан: Ар араасаа шил даран өчиггүй тохиолдож байгаа үхэл зовлонгууд тэвчихийн аргагүй болж ирэх мэдрэмж үзэгчдээс алсрах маш том эрсдэлтэй. Тэр тэвчих аргагүй санагдан зангирах цэгт л үзэгч зохиолоо мэдэрнэ шүү дээ.
Импрессионизм тухайн мөчид төрөхөөс гадна ой дурсамжаас санагдах байдлаар үсэрч, харайж гарч ирсэн үйл явдлууд, түүний өгчилгөх сэтгэгдэлд суурилж болно. Энэ үүднээс цаг хугацааны дараалалгүй байдлыг найруулагчийн импрессионист оролдлого юм болов уу л гэж бодлоо.
Энд яагаад зөрчилтэй царай гаргаж байгаа юм бол?
Зохиолчийн улс төрийн үзэл баримтлалын тухайд: Мө.Батбаярыг нийтийн сүлжээнд бичиж, илэрхийлдэг байдлаар нь ардчилал, эрх чөлөөнд хайртай, либерал үзэлтэн гэдгийг мэднэ. Коммунизмд дургүйг нь бас мэднэ гэсэн үг.
Гэхдээ миний бодлоор, энэ жүжгийг тэрбээр улс төрийн үзэл баримтлалтайгаа нэлээд хольж хутган хүчирхийлжээ.
“Энэ “1984” юм уу?” гэж бодоход хүрлээ.
Мэдээж зохиолд түүхэн дэвсгэр асар чухал үүрэгтэй. Соёлын хувьсгал, өөрчлөн байгуулалт гэхдээ өөрийн ухаан алдсан гэмээр нийтийг хамран авирлаж, ард түмний нурууг авсан нь Фу Гүйн зовлонгийн нэгэн шалтгаан мөн. Тийм ч учраас, илэрхийлэх ёстой. Гэхдээ, нэгж гэр бүлийн аж амьдралд нийгмийн байдал хэрхэн нөлөөлж буйг л илэрхийлэхээс хэтэрч болохгүй санагдаж байна.
“Амьдрахуй” жүжигт маш их цаг авсан, коммунизмыг зориуд хэлбэржүүлэн дүрсэлсэн хэсгүүд байна. Хүүгийн үхлээс ч илүү үүнд анхаарсан юм шиг сэтгэгдэл завсарлагын өмнө төрөхөд хөмсөг зангидахаас өөр ямар ч арга үлдээгүй. Тэр коммун галзуурал дунд Фу Гүйн гэр бүл хэрхэн өртөж, зовлон дээр нь зовлон болж буйг будаа нууж иддэгээс бусад ямар ч үзэгдлээр олж анзаарсангүй. Дарга ширээн дээр алхалж, ард нь улаан туг намирч, робот шиг олон залуус улаан бээлий өмсөж аваад, хоор дуугаар орилон, ган хайлуулах юм. Тэр хайлуулсан гангаар бууны сум хийж Вьетнам руу харвана гэлээ.
Улмаар хамтралын даргын дүр бэлгэ тэмдэг төдий болчхож. Уг нь бас хүний дүр явдаг, романдаа. Зарим дүрийг чухалчлахгүй орхиж болно л доо.
Фу Гүйн буй бүх хөрөнгийг хожиж авдаг этгээд мөн эхэндээ дүр биш бэлгэ тэмдэг л байсан. Тодорч өгөөгүй. Тэгсэн, түүний хөрөнгийг хурааж, хөрөнгөтөн гэж үзээд цаазлах үзэгдэлд чухам сайн хүн болж хувирлаа. Бараг Раскольников юм биш үү. “Нийтийн үзэл санаа гэж байдаггүй юм. Үзэл санаа хувь хүнд л бий” хэмээн амь тавьж байна. Энэ бол коммунизм гэж туйлшрахдаа дүр дээр хийсэн алдаа гэж дүгнэмээр, хайнга харагдсан.
Коммун хэсгүүд ихэдсэн учраас жүжиг ч сунжирч, дээр дурдан чухалчилсан ар араасаа тохиолдох зовлонгийн хүнд бүхий тасралтгүй үйл явцыг эвдэж, үзэгчдийг “Хүлцэхүй” гэдгээсээ хөндийрүүлэв.
Гол харамсал нь, соёлын хувьсгал, өөрчлөн байгуулалт Фу Гүйн гэр бүлд яаж нөлөөлж буйг олж хараагүй явдал юм. Энэ хоёр агуулга нэгдсэнгүй. Жүжиг дотор жүжиг яваад байгаа юм шиг. Фу Гүй “Манай гэрийн хаалганы бариул цул төмөр. Түүнийгээ аваад ирье” гээд баацганаад гүйчихээр чинь зүгээр л нэг коммунизмыг шүүмжилсэн хошин жүжгийн амь сүнсээ алдсан туслахын туслах дүр аятай бууж байна шүү дээ.
Ойлгогдоогүй чулуун зүүлтийн тухайд: Ойлгоогүй юм бас байна аа. “Ойлгомжтой жүжиг хийнэ” гэж найруулагчийн ярихыг нийтэлсэн хүний хувьд, тухайн хэсгийг ойлгох сон гээд дэргэд суусан гурван үзэгчээс тодруулж асуулаа.
Хүү үхсний дараа дайн дэгдсэн (өнгөрсөн рүү буцаж) ба дайны үеэр дамжигдсан чулуун зүүлтийн тухай хэсгийг бичиж байна.
Дайн ч бүр самарсан. Юу юугүй байлдаан болж, бөмбөлгүүдийг зритель рүү шидээд (уг нь ч гоё шийдэл юм) эхлэхэд “Хүүгийн үхлийг яах нь энэ вэ” хэмээн халаглах шиг. Тэр үхэл уг нь ёгхийлгэх ёстой нарийн нюанс ч юу юугүй бөмбөг шидэлцээд, буун дуу хангинаад явчихлаа. Тэгтэл, дайны үеэр амь алдахдаа сумангийн дарга бээр байлдагчдаа нэгэн чулууг дамжуулж байна. Тэр чулууг “Та гэр бүлтэй юм чинь, би авъя” гээд Фу Гүй биш, хамтран байлдагч залуу нь зүүж байгаа юм. Чулуу зүүсэн залуу хожим нь хотын дарга болжээ. Түүний хүүхдийн амийг аврах гэхдээ цусаа юүлсэн Фу Гүйн хүү үхжээ. Хотын дарга Фу Гүйг таньж, хүү нь хүүгийнх нь амийг аварсныг мэдлээ. Ийн гэмшихдээ гэх үү цочирдохдоо гэх үү, нөгөөх чулууг хүзүүнээсээ тайлж, олон жилийн дараа Фу Гүйд дамжуулан өгч байгаа аж.
Ингээд жүжиг завсарлачхав.
Хажуудах маань “Гэмшээд, хотын даргын эрх мэдлээ өгч байгаа юм биш үү?” гэлээ. “Арай үгүй байлгүй дээ” гэж би хариулаад, дахин өөр нэгнээс асуулаа. “Тэр чулууг зүүгээд л хотын дарга болсон байна. Тийм болохоор, Фу Гүй одоо эрх мэдэлтэй болох юм биш үү?” гэлээ.
Хоёр хүн ингээд хэлчихээр бүр эргэлзэж орхиод (ядаж байхад тэгээд завсарлачихсан болохоор хүүгийн үхэлд эмгэнэх байтугай, ер юу болох нь энэ вэ гэж эргэлзлээ. Ийм хэмжээний эргэлзээнд автахаар хоёрдугаар хэсэгт ер тогтож суусангүй, тайлал эрээд), бөөн бодол болсон шиг 00-д дугаарлав. “Яасан удаан бие засдаг юм бэ?” гэж л бодож байтал урдах хүн өмдөө татаад эргэсэн нь зохиолч Мө.Батбаяр байв. Миний харц “Тэр чулуун зүүлт юу байсан юм бэ?” гэсэн шиг мөргөлдсөн байх даа.
Сэтгэл хангаж, баяр хөөр болгосон үзэгдлийн тухайд: Хоёрдугаар хэсэгт дээрдэж, чулуун зүүлтийг ойлгуулаагүй ч үхэл хагацал үзэгчдийн сэтгэл зүйд нөлөөлж эхэллээ.
Харин гилжгэр Ван Ши, хэлгүй дүлий Фэн Шиагийн хайрлан дурлаж, хуримлан бэлэвсэрч буй хэсэг урлаг болжээ! Юуг ч өөлөх эрхгүй. Эмчийн дүрийн өгч байгаа өнгө аяс ч гайхалтай. Тэр алга ташилт, арын хөгжим үү. Эргэлзээгээ мартаж, хоёр тийш найган алга хавсармаар санагдах хүслээ тогтоон барьж дөнгөлөө. Epic!
Даанч нөгөө дөрвөн талт тайз. М.Батболд найруулагчийг классик хэлбэрийн тайзаа санасан гэхэд баярласан ч хамгийн таалагдсан үзэгдэл маань ингэж “Шөнө дундын бүжиг”, “1984”-ийг дэглэсэн дөрвөн талт дээр өрнөхөөр бас таагүй. Гэхдээ үүнийг давталт гэж хэлмээргүй. Зорилгоо биелүүлж байгаа л бол энэ найруулагчийн хэв маяг шүү дээ.
Энэ ташрамдд Фэн Шиад тоглосон Б.Должинсүрэн, Ван Шид тоглосон Д.Мөнхтөмөр нарт талархмаар байна. Тэд хамгийн сайн жүжигчид байсан талаар дараа нь дурдах болно.
Зовлон бүр сэтгэлд хүрээгүй буюу “Хүлцэхүй” хаана илэрснийг эрж үзсэн тухайд: Энэ роман зарим хүнд таалагддаггүй шалтгаан нь хэтийдсэн, учир шалтгаангүй гэмээр их зовлон гардагт бий. Фу Гүй, үхэр хоёр л үлддэг. Улмаар зүгээр л амьдар. Амьдрах л амьдрахуй юм гэж зохиол хэлдэг. Харин жүжгийн баг “Амьдралын мөн чанар нь хүлцэхүй юм” хэмээн маш оновчтой тодорхойлсон санагдсан.
Лаборатори ажиллагааны хүрээнд тэд зохиолоо машид задалж, шинжилж ойлгосон нь гарцаагүй.
Гэхдээ дээр дурдсан шалтгаануудын улмаас би хувьдаа жүжиг “Хүлцэхүй юм” гэсэн санаагаа илэрхийлж чадсангүй хэмээн үзэж байна. Зовоод л, зовлонд нь үзэгч эмгэнээд л, тэгтэл дахин зовоод л, үзэгч дахин эмгэнэхдээ тэсгэл алдаад л. Ингээд тайлалдаа хүрмээр ерөнхий шугам төсөөлөгдөнө. Харин цаг хугацааны дараалал энд тэндээ орох тусам Фу Гүйн туулсан бүгдийн буулга суларч ирээд, дундуур нь асар формаль шинжтэй коммунизмыг зориудаар дүрсэлсэн хэсгүүд уур амьсгал тасалж авч яваад, үхэл бүрд эмгэнэх боломжийг ихэд багасгажээ.
Хүүг тийм хайхрамжгүй байдлаар үхүүлээд зогсоогүй, Фу Гүйн эхнэрээ үүрээд булш зүгт алхдаг үзэгдлийг хийсэн нь сайн хэрэг. Түүнийгээ улам өөд нь татаад өгмөөр л санагдсан. Дөрвөлжин тайзан дээрх үзэгдэл гайхалтай болсон ч Фэн Шиагийн үхлийн мөч мөн л дутуудаад байх юм даа. Аав, ээжийн үхэл ч бүр зарим үзэгчдэд огт хоногшоогүй байх гэж бодож байна. Үхээгүй, зүгээр хасагдчихаж байгаа юм шиг хийсэн асуудлыг хүлцэж болох бололцоог Г.Мягмарнаран, Б.Нармандах нар тоглосон тулдаа л үүтгэжээ.
Үхэл гэмээр үхлийг ганц Д.Ганцэцэг л...
Өөр сэтгэлд хүрээгүй жижиг сажиг зүйлсийн тухайд: Микрофоныг засчихна биз ээ. Гэхдээ тайзны ар дахь бусдын тоомжиргүй шивнээн микрофон нь ажиллаж өгөхгүй байгаа гол дүрүүдийн монологийг давж сонсогдсон хэд хэдэн удаагийн явдлыг нээлтийн тоглолтын хувьд уучлах боломжгүй.
Олны хэсгээр дамжуулж бие арзайм, нүд бүлтийм үзэгдлийг хэлбэржүүлж чаддаг нь найруулагчийн авьяас бас хэв маяг. Гэхдээ энэ удаа зарим зүйлд ажиллагаа дутаж санагдсан. Ер нь ихдэхээрээ онцгүй юм шиг.
Монологиуд урт байсан. Мө.Батбаяр бичсэн гэхэд эргэлзмээр энгийн хэрэглээний үгс ихтэй, тэдгээр нь эргээд зохисон гэж хэлэхэд хэцүү. Яв цав оноосон хэдхэн чанга өгүүлбэр, түүнийг жүжигчин сэтгэлд шигдтэл хэлэх нь гол шүү дээ. Зарим монологи санаагаа өгчихсөн мөртлөө, эсвэл өгч чадахгүй хэвээр үргэлжлээд байх шиг сэтгэгдэл төрж, жүжигчдийн хэлэх үг өгүүлбэрүүдийг хураан чангалж өгмөөр санагдсан.
Д.Ганцэцэгийн нэгэн монологийн ард Лара Фабианы “Adagio” явж байна лээ. Энэ их хүчтэй дуу, дуучны хоолойн чадал сонсогчийг амьсгаа даран чагнахад хүргэдэг. “Adagio”-г тавьж байж үзэгчийн сэтгэлд сая хүрэх хэмжээний жүжигчин Д.Ганцэцэг мөн гэж үү? Сэтгэл хөдөлгөх гэж хүчилсэн явдал санагдлаа. Хоёрт, дорнын жүжигт зохицохгүй гэж бодлоо. Энэ дуу Д.Ганцэцэгийн тоглолтын хүчийг нэмэх биш сааруулж, сатааруулж байна. Ямар ч хөгжимгүйгээр Д.Ганцэцэг тийн гүйхдээ заалыг бүрэн эзэмдэх болно.
Жүжигчдийн тухайд: Д.Баттөмөр турж эцэн туйлдаа хүрсэн ч зовлон бүрийг хүлцэж яваа хятад эрийг илэрхийлэхгүй, гэхдээ хэлэмж хүчтэй, зөрчил сайн байна. Ерөнхий байц нь Фу Гүй мөн, оновчтой сонголт гэж анхнаасаа бодсон. Гэхдээ өшөө нарийн ажиллагаа шаардахгүй бол Фу Гүйн хувирал өөрчлөлтийг хольж хутгаж, эсвэл нэг мөр шуударчих гээд байх талтай. Мөн хошин урлагийн бүтээлд тоглож байгаа юм шиг дасаж дадсан хэв маягаа энэ жүжигт үнэхээр дараасай. Д.Баттөмөрийг хоржоонтой авирлан алдах ганцхан мөчид үзэгчид инээж байгаа юм. “Амьдрахуй”-г үзээд хүн инээхэд болохгүй юмгүй, гэхдээ ийм хөнгөн хуумгай үйлдэлд инээж байвал харамсалтай.
Жүжигчин Д.Ганцэцэгийн тухайд энэ жүжгийн хүрээнд нэгэн үг даймаар. Тэрбээр “Гэм зэм”-ийн дараах рэвьюд маань утастан баяр хүргэж, урмыг өгсөн нь өнөөдөр үүнийг бичихэд олон талаар хөтөлсөн хүндлэлт хүн маань юм. Гэхдээ “Амьдрахуй” дээр та зөвхөн өөрөө л мэдээд тоглочихсон юм шиг санагдлаа. Д.Ганцэцэгийн хувьд дүр ийм, амьдрахуй гэдэг тийм, хүлцэхүй гэж энэ, хайр гэж тэр гэдэг хувилбараар боловсрогдсон Жиа Жэнийг үзлээ. Хайрын төлөө амьдралаа сэтгэл хангалуун зольж зүтгэсэн сайн эмэгтэйг харлаа. Гэвч яг Жиа Жэн гэдэг дүр талаас нь ажилласан бол, илүү зөрчилтэй, нууцлаг, нуугдмал гоо сайхан бүхий, ухаалаг, гүргэр эмэгтэй бий болох байсан. Үргэсэн янзага шиг итгэж ядан гүйсэн, бас итгэж үнэмшсэн хүчирхэг дүр тодорч биежсэн ч жүжгийн зарим хэсэгт өөрийн ухаан ухамсрыг амьдралын буулганд тавьж туусан, дэндүү гэнэн цагаан, юу ч гэмээр юм дээ, амьд чанаргүй Жиа Жэн харагдаад байлаа. Өөрт оногдсон үзэгдлийг тултал гүйцэтгэх нь Д.Ганцэцэг мөн. Мөн уншиж тунгаадаг, судалгаа боловсруулалт талдаа сайтар ажилладаг нь ч тэр билээ. Энэ хоёр хослохдоо одоо зүгээр л амжилттай бүтсэн дүр, ярих юмгүй жүжигчин гэдэг тодотголоос илүү гарч хоногшихгүй хэмжээнд үлддэг болбол харамсалтай. Багш үргэлж тарган тавын дүн тавьдаг сурагч бүгдийг хүндэтгэлийг хүлээдэг ч аягүй уйтгартай санагддаг шүү дээ.
Дараагийн онцлох жүжигчин бол Г.Отгонбат. Тэр Фу Гүйн хүү Ёу Чинд тоглосон. Маш их харизм, чин сэтгэл, сайн гүйцэтгэл. Одоо өшөө сайн орилоод, чарлаад, задраад өгвөл жүжиг тавигдах эдгээр өдрийн явцад дүр нь хүн бүрийн сэтгэлд хоногшино гэж итгэж байна.
Д.Мөнхтөмөр, Б.Должинсүрэн нар миний хувьд энэ жүжгийн хамгийн сайн нь. Ямар ч илүү бөгөөд дутуугүй, илэрхийллээ хамгийн арын эгнээнд хүртэл цацан шидэлж чадахуйц ойлгомжтой. Тийм нэг асан бадарсан, ариун цагаан, итгэл үнэмшил дүүрэн гүйцэтгэл үзлээ. Тэдэнд алга ташин баяр хүргэе.
Эцэст нь, жүжиг явц дундаа сайжирдаг гэдгийг уншигчдадаа тодотгон үлдээмээр байна. Урилга ирэхийн муу тал нээлтийн тоглолтод таардаг. Чухам түүгээр сэтгэгдлээ бичиж буй. Сайн тал нь, хөшиг нээхээс өмнө хэр хэмжээнд бэлтгэн ажилласантай шууд танилцдаг.
Эхний тоглолтуудад нулимсаа арчин буй үзэгчдэдээ бүү ханаасай. Нэгэнт М.Батболд, Мө.Батбаяр нарын хамтрал энгийн биш нь бат илэрхий. Монголын уншигч, үзэгч дунд Үй Хуагийн “Амьдрахуй” хэмээх бүтээлийг ингэтэл давлагаа болгон авчирч буй нь л шинэ цагийн амжилт гэж үнэлэгдэнэ шүү дээ. Үзэгч олон, явц баялаг байг. Хэвлэгдчихсэн бол зохиогчийн мэдлээс гардаг уран зохиолын бүтээлтэй адилгүй, тоглолт бүрд чамбайрах бүрэн бололцоо бий тул процесс одоо ч үргэлжилж байна.
Харин үзэгч та яриангүй сонирхолтой, хэзээ ч сэтгэл хангалуун бус үлдэхгүй тийм процессын (бүр урлаг бүтэх процессын) аль нэг хэсгийг олж атгах ховорхон завшаантай нэгэн юм!
ЭХ СУРВАЛЖ: https://eguur.mn/535149/
АВТОР: М. Тэнгис