21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Н.Минжинсайхан: “Сэтгэл чамайг таньсан бил үү” уран бүтээлээ дуу болно гэж бодоогүй

2023 оны 11 сарын 15 нд

Дэндүү ихээр өрөвдөөд л байна

Дэлбээлж гүйцээд хагдрах тэр цэцгийг

Дэндүү ихээр хайрлаад л байна

Ургаж мандаад жаргах тэр нарыг…” хэмээн үзэгчдийн дуулах дуртай уран бүтээлийн эзэн, яруу найрагч Н.Минжинсайхантай удахгүй болох уран бүтээлийн тоглолтынх нь талаар ярилцлаа.

-Таны анхны бие даасан уран бүтээлийн тоглолт удахгүй болох гэж байна. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Арваннэгдүгээр сарын 24-ний 19.00 цагаас “UB палас”-ын Концертын их танхимд анхныхаа уран бүтээлийн тоглолтыг хийхээр тов тогтож, өдөр хоногууд тулчихсан, амьсгаа өндөртэй явна даа. Хамгийн гол нь, дотроо багтаах л байдаг юм байна. Ямар ч байсан тоглолтоо хийх гэж байгаа эзний дотор дүр зураг нь хумигдаад ороод ирсэн. Тэгэхээр болчих байх аа гэж бодож байна. Гэхдээ жижиг ажил ихтэй байдаг юм байна. Анхных болохоор жаахан барьц алдах гээд байдаг юм байна. Өнгөн талдаа айдастай юм шиг хэр нь жаахан лавхан харвал тэр нь догдлол байдаг юм байна. Хүний анхны бүхэн ямар үнэ цэнтэй байдаг вэ, тэр нандин өдрүүдийг туулж явна.

-Тоглолтод ямар ямар уран бүтээлчид хүрэлцэн ирж, шүлэг найраг, ая дуугаа өргөх вэ?

-Тоглолтод маань Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан гуай, Ардын жүжигчин Г.Равдан, Төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, Х.Чилаажав, Б.Ичинхорлоо, Д.Галсансүх, О.Цэнд-Аюуш зэрэг яруу найрагчид урилгаар оролцоно. Дуучдаас МУГЖ, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, СТА Г.Эрдэнэтунгалаг, Д.Отгонжаргал, С.Баттулга, Ч.Батцэнгэл, П.Баярцэнгэл сүүлийн үеийн дуучид нэлээд бий. Тоглолтын маань тасалбар ticket.mn-ээр борлуулагдахын зэрэгцээ хүргэлтээр хүргэж өгч байна. Тиймээс монголчууд та бүхнээ “Сэтгэл чамайг таньсан ч бил үү дээ” тоглолтод маань хүрэлцэн ирэхийг урьж байна.

-Тоглолтынхоо нэрийг яагаад “Сэтгэл чамайг таньсан бил үү” хэмээн нэрлэсэн юм бэ?

-“Сэтгэл чамайг таньсан бил үү” гэдэг миний дууны уран бүтээл. Зарим нэг ойр дотнын хүмүүс маань яруу найрагч хүн шүлэг бүтээлийнхээ нэрээр тоглолтоо нэрлэх тухай бодсон уу гэдэг санал ирж байсан. Энэхүү уран бүтээлээ дууны шүлэг гэж бодож бичээгүй. Шүлгээр нь л буулгасан. Дуун дотроос илүү сэтгэлийн сүү ундарсан бүтээл байдаг шүү дээ. Энэхүү бүтээл минь яг тийм бүтээл учраас энэ дуугаараа тоглолтоо нэрлэсэн.

-Та хэзээнээс яруу найраг сонирхон бичиж эхэлсэн бэ? Тэрхүү яруу тансаг ертөнцөд хөл тавьсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би Архангай нутгийн хүн л дээ. Анх арван жилдээ шүлэг бичдэг бор хүүхэд байсан. 2005 онд манай аймагт “Болор эгшиглэн” гээд урлагийн их наадам болсон юм. Тэрхүү наадмын нэг төрөл яруу найргийн төрөл байсан. Тэнд шүлгээ уншин түрүүлж, “Монголын нууц товчоо” уран зохиолын дээд сургууль гэж Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч Д.Пүрэвдорж багшийнхаа сургуульд урилгаар ирж суралцан, оюутан насаа дүүргэсэн. Дараа нь өдөр тутмын сонин, сэтгүүл болон Монголын зохиолчдын эвлэлд ажилласан. Зохиолчдын эвлэлд ажиллаж байхаасаа эхлэн утга, уран зохиолын ах, эгч нараасаа үлгэр дуурайлал авч, ижил олон нөхөдтэйгөө үерхэж нөхөрлөн өдийг хүрчээ.

-Зарим яруу найрагчид өглөө үүрээр ч юм уу онгод хөглөгдөж, шүлэг найргаа бичдэг гэж ярьдаг. Таны уран бүтээл ямар нөхцөлд, хэрхэн төрдөг вэ?

-Шүлэг бүтээл төрөх агшин хаана ч байж болно. Хоног өдрүүдийн хэдийд ч байж болно. Тийм болохоор яруу найрагч хүн дэвтэр, үзэг хоёроо л ойрхон авч яваад, сэртхийтэл орж ирсэн тэр мөр бадгаа алдалгүй буулгаж байх нь чухал. Түүнээс өөрөө өөртөө цагийн хугацаа өгчихөөд, тэр хугацаандаа гараас нь юм унах гэж байгаа үгүй талаар би боддоггүй. Энэ нь уран бүтээлч хүний чанар ч биш байх гэж боддог. Уран бүтээлч хэдийд, хаана ч байсан уран бүтээлийн сэдэл санаагаа мөнхийн хайж л явдаг.

-Та хэдэн ном бичиж, хэдэн дуу бүтээсэн бэ?

-Одоохондоо томоохон юм хийж амжаагүй л явна. Гэхдээ хүнийг саатаачих хэдэн дуу зохиосон байна. Хэсэгхэн хүн аргамжиж болохуйц тав зургаан ном бүтээж, хоёр цомог гаргасан байна. Уран бүтээлч хүн, тэр тусмаа яруу найрагч хүн насаараа нэг том шүлэг бичих мөрөөдөлтэй явдаг байх. Яг тэр бүтээл нь хэдийд яаж төрдгийг мэдэхгүй. Манай яруу найрагчид бүгдээрээ л нэг сайхан бүтээл хийчих юмсан даа гэж бодож явдаг. Түүний л нэгэн адилаар би нэг сайхан шүлэг бичих юмсан даа гэсэн бодолд дараатай явна. -Баярлалаа. Таны уран бүтээлийн тоглолтод өндөр амжилт хүсье.

Н.УЯНГА

Эх сурвалж: www.dobu.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0