21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

“ЭМЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД 2023” ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023 оны 03 сарын 13 нд

Монголын Урчуудын Эвлэлээс “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулж Арт галерейд “ЭМЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД 2023” үзэсгэлэнг толилуулж байна /2023.03.04-03.14/. Жил бүр дүрслэх урлагийн салбар дахь эмэгтэй уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулагддаг бөгөөд энэ жил Жендэрийн үндэсний хороотой хамтран “Надаас, танаас, биднээс эхлэлтэй” уриатай, “Харилцан хүндэтгэе-2023” үндэсний аяны хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог юм.

МУЭ-ийн Хүний нөөцийн менежер Ц.Түмэнжаргал:

“ДОФОМЕНИЙ УНАЛТ” БҮТЭЭЛ НАДАД ОНЦГОЙ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛСЭН

     Монголын Урчуудын Эвлэл 1942 онд үүсгэн байгуулагдсан мэргэжлийн урлагийн байгууллага. Өдгөө 700 гаруй гишүүдтэйгээс 150 мэргэжлийн эмэгтэй уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэсэн өнөр бүл. МУЭ-ийн Арт галерейд жилийн турш, 14 хоног тутамд шинэ үзэсгэлэн дэлгэдэг...

-Дэлхий нийтийн “Тогтвортой хөгжлийн зорилт” болоод бусад чиг хандлагууд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн нөлөөллөөр дамжуулан нийгмийн тэгш байдлыг хангах, хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн асуудлыг эмэгтэйчүүдийн нүдээр харах, тэдний дуу хоолойг сонсох чиглэл рүү эргэлт буцалтгүй орлоо. Танай байгууллага эмэгтэй уран бүтээлчдийн мэдрэмж, илэрхийллийн цөм талбар болж байгаагийн хувьд энэ үзэсгэлэнгээс нийгэм, олон нийт ямар өгөөжийг хүртэнэ гэж баримжаалсан бэ?

-Манай уран бүтээчид маш өндөр мэдрэмжтэй. Тэр дундаа уран бүтээлчид дундах жендэрийн асуудал нэлээд өөр гэдэг нь анзаарагддаг. Уран бүтээлч байна гэдэг, нийгэм цаг үеэсээ түрүүлж алхах, тэр дундаа эмэгтэй уран бүтээлч байна гэдэг нь аж амьдрал, карьер бүх зүйлдээ золиос үүрч байдаг. Эмэгтэй уран бүтээлч гэж онцлохын учир нь хүйсийнхээ онцлогоос хамаарч хүүхэд төрүүлэх, гэр бүлээ авч явах, хөгжих, бүтээл туурвил хийх зэрэг маш олон зүйлийг энэ тэнцүү авч явах үүрэг хүлээдэг. Тэр ч бүү хэл мэргэжлийн түвшинд олон нийтэд үнэлэгдэж, амжилт үзүүлнэ гэдэг тухайн хүнээс асар их хүч шаарддаг.

-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлогоос дурьдвал...

-Эмэгтэй хүний эрч хүч, цог заль, чадал чансааг олж харахын зэрэгцээ гэр бүл, нийгмийн шинжтэй гүн утга илэрхийлэлтэй бүтээлүүд дэлгэгдсэн. Тухайлбал Зураач н.Жааханхүүгийн бүтээл хавдар өвчнөөр өвчилсөн эмэгтэйгээр төлөөлүүлж маш өргөн агуулга, анхааруулгыг илэрхийлсэн. Нэг хавдартай иргэний цаана гэр бүлийн амьдралын ээдрээт олон асуудал, эмэгтэй хүний гоо сайхны үрэгдэж золигдсон байдал, сэтгэлийн хат, итгэл найдвар, ялах ялагдахын дэнс зэрэг маш өргөн агуулгыг илэрхийлж, сэтгэлийн дотоод дахь зовнилыг гаргаж, уран бүтээлээрээ “хашгирч” байх шиг санагдсан.

-Эндээс жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргалтад тус бүтээл ямар нөлөө үзүүлнэ гэж найдаж болох вэ?

-Жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргалт, жендэрийн мэдрэмжтэй бодлого боловсруулах чиглэлд асар нөлөөтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Монголын нийгэмд хавдар гэдэг аюулт өвчин бараан сүүдэр болоод удаж байна. Тэр хэмжээгээрээ хүнд хэцүүг даван туулж буй иргэдэд нийгэм олон нийт, ажил хамт олон, удирдлагууд ямар эерэг мэдрэмж, нөлөө үзүүлж болох талаараа дүгнэж цэгнэх, анхаарч үзэх шаардлагтайг илтгэнэ. Тухайлбал ажил эрхэлж буй даван туулагчдын ажлын ачаалал, цагийг тодорхой хэмжээгээр бууруулах, сэтгэл зүй болоод бусад төрлийн дэмжлэг үзүүлэх зэргээр аль болох мэдрэмжтэй шийдвэрүүдийг гаргах нь зохистойг илэрхийлсэн мэссэж.

Түүнчлэн О.Золбоотөгөлдөр уран бүтээлчийн “Дофомений уналт” бүтээл ч тун онцгой сэтгэгдэл төрүүлсэн.   

-Мэргэжлийн урлагийн байгууллагад ажилладаг хүний хувьд танай галерейгаар зочилсон хүмүүсийг юуг мэдэрч, ямар олзтой гараасай гэж хүсдэг вэ?

-“Уран зураг бол харах яруу найраг” гэдэгчлэн аливаа үзэсгэлэнгээс хүн бүр өөр өөрийнхөөрөө таашаал хүртэх боломжтой. Урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох асар том орон зай. Сүүлийн үед хүүхэдтэйгээ хамт үзэсгэлэн үздэг ээж, аавууд олон болж байгаа нь хойч үедээ урлагийн боловсрол олгох, хүүхдийг хүмүүжүүлж төлөвшүүлэх, хөгжүүлэхэд анхаарч буй асар сайн тал юм. Урлагийн боловсролтой хүн аливаад ёс зүйтэй, цензуртэй хандах, амьдралаас таашааж болох олон өнцөгт мэдрэмжүүдээ хөгжүүлэх, өөрийгөө таньж мэдэх давуу талтай.

Зураач О.Золбоотөгөлдөр:

ДОФОМИНЫ УНАЛТ ЗОРЬСОН ЗОРИЛГО, БОСГОСОН АМЖИЛТЫГ СҮЙДЛЭХ МАГАДЛАЛТАЙ

-Таны дотоод мөн чанараас төрсөн энэ бүтээлээр юу илэрхийлэхийг зорьсон бэ?

-Бүтээлийн маань нэр “Дофомины уналт”. Дофомин гэдэг нь аз жаргалын гармон. Энэ нь ямар үед ялгардаг вэ гэвэл спортоор хичээллэх, сайхан дуу сонсох, зураг зурах үед ч юм уу, хүн дандаа эерэг үйлдэл хийсэн тохиолдолд ялгардаг.

Гэтэл үүнийг хүчээр, их хэмжээгээр ялгаруулах аргууд хүн төрөлхтөнд байсаар байсан. Энэ нь аливаа төрлийн донтолтууд буюу дофомины хэт эрэлт үүсгэх, удаан хугацаанд, олон тооны давтамжтай болох тусам энэ гармон их хэмжээгээр ялгарч эргэж нөхөгддөггүй. Тиймээс хүн аз жаргалын гармоны адагдалд орсноор асар их сэтгэлээр унадаг. Энэ бүтээлийн маань гол мэссэж “Аливаа хүн ямар ч зүйлийн тунг тааруулах шаадлагатай. Тун хэтэрвэл, биеийн урвалыг хүчээр шийдвэрлэх донтолт үүснэ. Дофомины алдагдалд хүрсэн хүн сэтгэлээр унаж, дотоод мөн чанараа алдан, зорьсон зорилго, босгосон амжилтаа сүйдлэх магадлалтай. Энэ санааг бүтээлээрээ илэрхийлэхийг зорьсон.

Үзэсгэлэн зохион байгуулагч Э.Энхжин:

ЭМЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ОЛОН НИЙТЭД ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭХ ӨӨРИЙН ГЭСЭН ӨНГӨ ТӨРХТЭЙ

 -Үзэсгэлэнд хэдэн төрлийн бүтээл дэлгэгдсэн бэ?

Энэ удаагийн үзэсгэлэнд 90 гаруй уран бүтээлчийн 100 орчим бүтээл дэлгэгдсэн. Тухайлбал сүрлэн наамал, уран зураг, баримал, керамик бүтээлүүд зонхилж байна.

-Эмэгтэй уран бүтээлчдийн бүтээлүүд ямар онцлогийг илэрхийлж байна вэ?

-Бүтээлүүдийн дийлэнх нь уран зураг. Монголын эмэгтэй уран бүтээлчид, зураачид уран бүтээлээрээ олон нийтэд дуу хоолойгоо илэрхийлэх өндөр мэдрэмжтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй. Тэр хэмжээгээрээ жилээс жилд оролцоо нь нэмэгдэж байгаа. Энэ удаагийн үзэсгэлэнг Жендэрийн үндэсний хороотой хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог. Дэлгэгдсэн бүтээлүүдийн агуулга, хүртээмж улам өргөн цар хүрээтэй болж байна.  

-Танайхаас эмэгтэй уран бүтээлчдийн уран бүтээлийг сурталчлах ямар ямар ажлууд зохион байгуулдаг вэ?

-Манай байгууллага жил бүр “МАРТ-8”-ныг угтаж эмэгтэй уран бүтээлчдийн уран бүтээлийн үзэсгэлэн тогтмол гаргаж хэвшсэн. Түүнчлэн эмэгтэй уран бүтээлчид маань Жендэрийн үндэсний хороо болон бусад эмэгтэйчүүдийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвх санаачилгатай хамтран оролцдог. Бид танхимаар хангах, үзэсгэлэгийн дараах сургалт, чөлөөт уулзалтууд зохион байгуулах зэрэгт дэмжиж ажилладаг.

 

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0