СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЖЕНДЭРИЙН ОНОЛ, ПРАКТИКАА НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.2 дэх хэсэгт “Жендэрийн эрх тэгш байдал” гэж эрэгтэй, эмэгтэй хүн улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулснаар жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг хэлнэ хэмээн заасан байдаг.
Нийгмийн бүхий л бүлгүүд тэгш боломжоор хангагдаж, тэгш хүртээмжийг хүртсэнээр жендэрийн эрх тэгш байдал хангагдах суурь үндэс болохын хувьд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн гүйцэтгэх үүрэг их билээ. Нийтлэл, нэвтрүүлгийн эх сурвалжийг хүйсийн тэнцвэртэй сонгох, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын талаар мэдээллэхдээ ямар хэм хэмжээг баримтлаж хэрхэн мэдээлэх вэ гэдэг нь сэтгүүлчдийн ур чадвар, мэдлэгтэй нягт хамааралтай.
Тиймээс олон нийтийн жендэрийн хэвшмэл хандлагыг өөрчилж, соён гэгээрүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо туйлын чухал учир cэтгүүлч, байгууллагуудын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүдэд зориулж Жендэрийн Үндэсний Хорооноос онол, практик хосолсон, хоёр өдрийн танхимын сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
"Оролцогчдын ур чадвар, хандлага дээшилж, мэдээллийн эх сурвалжид хүйсийн тэнцвэртэй хандахын ач холбогдлыг ойлгож, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих, нийгмийн эерэг сэтгэлгээг бий болгох, хүн төвтэй мэдээлэх арга барилд суралцаж, Монгол Улсын болон олон улсын жендэрийн бодлого, хэвлэл мэдээллийн салбарт баримтлах үзэл санааны талаарх ойлголт мэдлэг дээшилсэн болохыг сургалтын өмнөх, дараах үнэлгээний хуудас, сургалтын үйл явц харууллаа" хэмээн Жендэрийн Үндэсний Хороо дүгнэсэн байна.
Энэ удаагийн сургалтад төрийн байгууллагуудаас Монголын Хөрөнгийн Биржийн Сэтгүүл зүй, Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, Дотоод Хэргийн Их Сургуулийн хэвлэлийн төлөөлөгч, Тогтвортой амьжиргаа-3 төслийн Хэвлэл мэдээллийн мэргэжилтэн, МОНЦАМЭ агентлаг, Монголын мэдээ сонин, МҮОНР-гийн Хүүхэд залуучуудын редакци, Amjilt.com, indra institute-ийн хэвлэлийн ажилтан, unuudur.mn, төр.мн, Arslan.mn, тас.мн, нэгүүн.мн сайтын сэтгүүлч болон чөлөөт сэтгүүлчид, Хэвлэлийн төлөөлөгчдийн групп, Админуудын нэгдэл зэрэг салбар дундын төлөөллүүдийг оролцуулснаараа онцлог байлаа.