21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНООС ХӨГЖЛИЙН ҮЙЛ ЯВЦАД ТЭГШ ОРОЛЦОХ, ҮР ШИМИЙГ ТЭГШ ХҮРТЭХ БОЛОМЖ ОЛГОХЫГ УРИАЛЛАА

Өчигдөр: 23 цаг 38 минутанд

Өнөөдөр Жендэрийн үндэсний хорооноос “Улс төрийн намууд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буй туршлагаа хуваалцах, цаашид бодлогын түвшинд анхаарах асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой “Улс төрийн намын Оролцоо, манлайлал” Үндэсний форумыг зохион байгууллаа.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдсанаас хойш улс төрийн намуудын төлөөлөл нэг танхимд зэрэгцэн сууж жендэрийн талаарх ойлголт, үзэл баримтлалаа бодлогын баримт бичигтээ тусгасан эсэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг хэрхэн авч үзэж буй тухай асуудлуудыг өнөөдрийнх шиг нээлттэй, өргөн хүрээнд хэлэлцэж байсан нь үгүй юм.

Онцлоход: Жендэрийн үндэсний хорооны дарга Г.Энхбаяр хэлэхдээ “Жендэрийн тухай үзэл баримтлал нь эрэгтэй эмэгтэй аль нэг хүйсийн эсрэгцэл биш жендэрийн тэгш байдлыг хангах үйл явц нь Монгол хүний амьдралын чанарт өөрчлөл гаргах үндсэн зорилготой” хэмээн тодотгов.

Түүнчлэн оролцогч талууд Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудад эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, сонгуульд нэр дэвшүүлэхдээ гарааны тэгш боломжийг олгох, санхүү эдийн засгийн хувьд дэмжих гэх зэрэг олон асуудлуудыг томъёолон хуулийн төсөлд санал оруулах боломж байгааг онцлоод, 2024 оны сонгууль хүртэлх үеийг “ЗУРВАС ҮЕ” хэмээн үзэж, хууль эрх зүйн орчинд шинэчлэлт хийснээр эрүүл мэнд, хүүхэд, эмэгтэйчүүд, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбаруудад жендэрийн мэдрэмжтэй шийдвэрүүд гарч, хөгжингүй орнуудын нэгэн адил нийгмийг тэгшитгэх, Монголчуудын амьдралын чанарт ахиц дэвшил гарна гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Улс төрийн намууд, төр, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бүхий 300 гаруй оролцогчид энэ өдөр “...шударга, эрх тэгш, нээлттэй, нийгмийн оролцоог хангасан, хамгийн эмзэг бүлгийн хэрэгцээг харгалзсан дэлхий ерөнтцийг бий болгох, хөгжлийн үйл явцад хэнийг ч орхигдуулахгүй байх гол арга зам бөгөөд Тогтвортой хөгжлийн амин чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг хамтаар хүлээн зөвшөөрч байна. Дэлхийн улс оронууд Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаандаа “Жендэр ба Хөгжил” хандлагыг баримталж, эмэгтэй эрэгтэй хүмүүс, нийгмийн бүлгүүдийн ялгаатай хэрэгцээг судлан бодлого төлөвлөлтөд туслах, төсөв хөрөнгө хуваарилах замаар тэдэнд хөгжлийн үйл явцад тэгш оролцох, үр шимийг тэгш хүртэх боломж олгохын төлөө тууштай ажилласаар байна...” гээд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд иргэд сонгогчдыг энэ үйлсэд хамтран оролцохыг уриалсан. Түүнчлэн Улсын Их Хурал , Засгийн Газар, Улс төрийн намууд, Манлайлагч эмэгтэйчүүдэд хандсан ТУНХАГ бичгийн төслийг танилцуулж, оролцогч талуудаас санал аван баталгаажууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендэрийн үндэсний хороо нь жендэрийн тэгш байдлыг хангахад шаардлагатай үндэсний чадавхыг төрийн байгууллагын болон нийгмийн хүрээнд бэхжүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөр, төсөл арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэн, хяналт тавьж ажилладаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, манлайллыг нэмэгдүүлэх зорилтыг тусгагдсан байдаг.

Сэтгүүлч Ю.Шүрэнцэцэг.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0