Б.Хишигбаатар цэргийн хурц арслан боллоо
Цэргийн цол чимэг олгодог "Бүх цэргийн наадам-2017" энэ мөчид өндөрлөж байна. Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Хилчин СХ, Хантайшир дэвжээ, Электриком ХХК-ны бөх, аймгийн арслан Балганы Хишигбаатар урамтай сайхан барилдаж 8 даван цэргийн хурц арслан боллоо. Завхан аймгийн Идэр сумын харьяат, Завхан дэвжээ, Хүч спорт хорооны бөх аймгийн нэмэх начин О.Батжаргал үзүүрлэж, цэргийн заан цол хүртэв.
Их шөвөгт Увс аймгийн Малчин сумын харьяат, Увснуур дэвжээ, Хүч спорт хорооны бөх, аймгийн хурц арслан О.Гантулга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Хүч спорт хорооны бөх, аймгийн харцага Ө.Батзул нар шалгарснаас О.Гантулга хичээнгүй чимэг, Ө.Батзул цолоо баталж, цогт чимэг нэмлээ. Хэнтийн сумын заан Бадрах тав давж шөвгөрөн, цэргийн начин цол хүртлээ.
Мөн тав даван шөвгөрсөн а.а М.Бадарчид нэмэх, О.Хангай, Б.Даваа-Очир нарт өсөх чимэг олгов. Түрүүлэх бөхийн тааварт хамгийн их яригдаж байсан О.Хангай арслан зургаагийн даваанд түрүү бөх Хишигбаатарын даацтай мэхэнд өвдөг шороодсон юм.
Эх сурвалж: www.TODAY.mn