Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа
Өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа.Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
2017.06.22. Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуусахад дөрөвхөн хоног үлдэж, Үндэсний их баяр наадам хаяанд ирчихээд байгаа энэ үед Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүний бүрэн эрх нь дуусгавар болсон Р.Нямдоржид хууль бус хурал зарлаж бөхчүүдийг талцуулж, нийгмийн бухимдлыг дэвэрээж байгаа үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Р. Нямдорж Улсын дээд шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоолоор хүчингүй болсон Цэцдийн зөвлөл гэгчийг хуралдуулахаар санаархаж байгаа нь Улсын дээд шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, олон нийтийг хууль хэрэгжүүлэхгүй байхыг уриалсан уриалга болж байна.
2017.05.28-нд Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе хуралдаж МҮБХ-ны тэргүүнээр Л. Чинбатыг сонгосноор Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгох асуудлаар Монголын Үндэсний бөхийн ээлжит бус Их эеийг хуралдуулахаар шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 тоот тогтоол хэрэгжсэн билээ. Тиймээс 2017.06.08-ны өдөр Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэгчийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” 686 дугаар тогтоол гарсан байна.
Уг тогтоолд “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн 2014.06.24-ниы өдөр хуралдуулж Их Эеийг хуралдуулах ажлыг зохион байгуулах комиссыг сонгосон. Уг хурлаас сонгогдсон комисс нь Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгох асуудлаар Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус Их Эеийг 2017.05.28-ны өдөр хуралдуулж Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгосон” хэмээн тэмдэглээд “Баянзүрх дүүргийн 159 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч И. Гомбожав нь Улсын дээд шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоол, 483 дугаар гүйцэтгэх хуудастай, бүртгэлийн 14260919 дугаартай гүйцэтгэх баримт бичигтэй, Монголын үндэсний бөхийн холбоонд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсугай” гэж тогтоосон байна.
Монголын бөхчүүд, үзэгч түмнийг 15 жилийн турш талцуулсан маргаан хууль эрх зүйн хувьд ийнхүү бүрэн шийдвэрлэгдчихээд байхад МҮБХ-ны тэргүүн асан Р. Нямдорж ажлаа хүлээлгэн өгөхөөс татгалзаж Монголын үндэсний бөхийн холбооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, шинэ удирдлагын ажилд саад учруулж байна. Р. Нямдоржид 2017.06.10-ны дотор ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан мэдэгдэл хүргүүлж, 2017.06.13-нд МҮБХ-ны шинэ удирдлага биечлэн уулзсан боловч шүүхийн шат шатны шийдвэр, Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эеийн шийдвэрийг үл тоомсорлож, цаг хожиж асуудлыг замхруулдаг улиг болсон аргаа хэрэглэн сандал ширээтэйгээ үхэн хатан зууралдсаар байна.
Монголын үндэсний бөхийн холбоог Р. Нямдорж 27 жилийн турш завсарлагагүй засаглахдаа 15 жилд нь хууль бус тэргүүн байсан нь Монгол Улсын гурван шатны шүүх хурлаар гурван удаа тогтоогдоод байхад бөх, бөх сонирхогчдыг талцуулж, монгол бахарлыг гундааж, үндэсний эв нэгдэлд ан цав суулгаж, хуулийг үл хүндэтгэх замаар эмх замбараагүй байдалд олон нийтийг турхирч байгаа нь анхаарал татаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн төгсгөлийн онцгой цаг үе, Үндэсний их баяр наадамтай давхцуулан хууль бус үйлдэлдээ бөхчүүдийг татан оролцуулж, нийгмийн бухимдлыг дэврээж байгаа Р. Нямдоржийн үйлдлийг Монголын үндэсний бөхийн холбооны шинэ удирдлага буруушааж байна. Р. Нямдоржийг хууль бус үйлдлээ таслан зогсоохгүй бол шийдвэртэй арга хэмжээ авна гэдгээ үүгээр мэдэгдэж байна.
Р. Нямдоржийг ажлаа нэн даруй хүлээлгэн өгөхийг дахин шаардахын хамт бөхчүүдийг эв нэгдлээ эрхэмлэж, элдэв хууль бус явдалд оролцохгүй байхыг уриалж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ
ТЭРГҮҮЛЭГЧИД, ЦЭЦДИЙН ЗӨВЛӨЛ