“Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030” семинар эхэллээ
“Монгол Улсын Статистикийн салбарын дунд хугацааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжил-2030” семинар өнөөдөр нээлтээ хийлээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас “Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр”-ийг баталж, улс орнууд уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг амлалт авсан билээ.
Дэлхийн түвшний дээрх санаачлагатай уялдуулан манай улс “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг 2016 онд баталж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Семинарын зорилго нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг дүгнэх мэдээллийг тооцох, бүрдүүлэх, үндэсний үзүүлэлтийн хүрээг бий болгох, хэрэгжилтийг хангах үндэсний түвшний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах юм.
Семинарт бүх яам, төрийн ба төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, их, дээд сургууль, эрдэм, шинжилгээний байгууллагууд, бизнесийн төлөөллүүд ба Үндэсний хөгжлийн газар оролцож байна. Улс орнууд “Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг 2019 оноос эхлэн дэлхийн болон үндэсний түвшинд тайлагнаж эхлэх юм.
Тус хөтөлбөр болон “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Үндэсний статистикийн хороо нь “21-р зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл” (PARIS21) байгууллагатай хамтран ирэх пүрэв гараг хүртэл дээрх семинарыг зохион байгуулж байна.
Эх сурвалж: www.TODAY.mn