Дэлхийн 50 орны 200 гаруй яруу найрагчид Монголд чуулна
Монголын соёл, яруу найргийн академиас Дэлхийн яруу найргийн өдрүүдийг ирэх сарын 16-22-нд Монгол улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Дэлхийн 50 орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцох юм.
Тухайлбал: Норвегийн Вангийн яруу найргийн зөвлөх, нэрт яруу найрагч Кнут Өдигард, Испани хэлт яруу найргийн өнөө цагийн сод төлөөлөгч, Нобелийн шагналт Висенти Александрийн шавь Испанийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падрон, Дорно дахины өнөө цагийн соён гэгээрүүлэгч, Франц Кафкагийн шагналт, гүн ухаантан, Тайваны яруу найрагч Юй Си, Казакстан Улсын хөдөлмөрийн баатар, суут яруу найрагч Олжас Сулемейнов болон Израйлын яруу найрагч, профессор, дэлхийн хамгийн урт шилэн гүүрийн загварыг зохиосон дэлхийд алдартай архитектурч Хайм Дотан, Филиппиний соёлын нэрт зүтгэлтэн, Фукуокогийн Азийн соёлын шагналт, нэрт кино найруулагч Кидлэт Тахимик, Аргентины яруу найрагч, нэрт физикч, Нобелийн энх тайвны шагналт Эрнесто Кахан,Европын яруу найргийн Академийн удирдах зөвлөлийн гишүүн, Унгарын поэт лаурет, нэрт яруу найрагчИштван Турцы, АНУ-ын "Чивителла Райнери" сангийн ерөнхий захирал, зураач, соёлын менежер Дана Прескот, Дэлхийн Урлаг соёлын академийн ерөнхийлөгч, Францын яруу найрагч Маурус Ян, Мексикийн яруу найрагч Мария Соберанис, Унгарын Ерөнхий сайдын соёлын зөвлөх, Унгарын Пэн-н ерөнхийлөгч Гиза Чөкс нар ирэхээ мэдэгдсэн байна.
Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд "Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль" хэмээх агуулгын дор Улаанбаатар хотод Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, Дорноговь аймгийн Хамарын хийдэд “Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам” болох аж.
Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам нь цаашид Монголын байгалийн үзэсгэлэнт ба түүх соёлын дурсгалт газар жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж Дэлхийд нэртэй уншигчидтай зохиолч, яруу найрагчид Монгол орны тухай төсөөллөө бодит болгож, Монголын түүх, соёл, байгаль, ард түмний тухай шүлэг зохиол бичиж, өөр өөрийн хэлээр нийтлүүлж, Монгол орны байгалийн ба соёлын өвийг олон улсад таниулан сурталчлах өндөр ач холбогдолтой соёлын аялал жуулчлалын арга хэмжээ болно гэж зохион байгуулагчид онцолж байна.
Харин Дэлхийн яруу найрагчдын 37-р их хуралд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн утга зохиол соёлын байгууллагууд болон Дэлхийн Урлаг соёлын академи, Европын яруу найргийн академи, Олон улсын Пен байгууллага, зохиолч уран бүтээлчдийг дэмждэг сан, хэвлэлийн газруудын төлөөлөгч, орчуулагчид оролцож байгаа нь Монголын уран зохиолч, яруу найрагчид олон улсын үзэг нэгтнүүдтэйгээ уулзаж, гадаад харилцаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, уран бүтээлээ олон улсад гаргах, дэлхийн оюуны зах зээлд өрсөлдөх ая холбогдолтой гэнэ.
Дашрамд дурдахад, тус арга хэмжээтэй давхцан Монголын уран зохиолын алдар суутнууд болох XIX зууны Монголын суут зохиолч, яруу найрагч В.Инжиннашийн 180, суут яруу найрагч Д.Нацагдоржийн 111, Б.Явуухулангийн 88, Г.Сэр-Одын 100, Ч.Лхамсүрэнгийн 100, Ч.Чимэдийн 90, М.Цэдэндоржийн 85, Д.Гомбожавын 85, Д.Нямсүрэнгийн 70, О.Дашбалбарын 60 насны тэгш ой тохиож байгаа ажээ.
Эх сурвалж Гэрэг.мн
И.Болд