21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ Ц.НЯМДОРЖ УДИРДАЖ БАЙНА

2017 оны 07 сарын 06 нд

 

      УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж эхлээд байна.

     Чуулганы үдээс хойших хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж удирдаж байгаа юм. Үдээс өмнөх хуралдааныг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав удирдсан.

        Ардчилсан намын бүлгээс маргааш Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохтой холбогдуулж,  чуулганы хуралдааныг УИХ-ын дарга М.Энхболд удирдах нь саналын дүнд нөлөөлж болзошгүй гэж үзсэнээр дэд дарга Я.Санжмятав удирдсан юм. 

        Чуулганы хуралдаанд Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга танилцуулж байна.

14:20 2017-07-06

Шинэ Ерөнхийлөгч Их танхимд тангараг өргөнө

          УИХ-аас баталсан тогтоолын  дагуу шинээр сонгогдох Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордны Их танхимд тангараг өргөхөөр болж байна.

      УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас өнөөдөр Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжин баталлаа.

        УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдын тайлбарлаж буйгаар 2017 оны зургадугаар сарын 30-ний өдөр энэ асуудлыг хэлэлцэн, УИХ-д тогтоол оруулах нь зүйтэй хэмээн үзжээ.  

         1993 онд баталж байсан хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч нь Төрийн ордны Их танхимд тангараг өргөнө гэдэг агуулгаар зүйчилсэн байсныг 2003 онд парламентад тангараг өргөнө хэмээн өөрчилсөн байсан аж. Харин одоо анхны заалт ийн сэргэлээ.

        Тогтоолыг батлахын өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Чуулган завсарлачихаар шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг яах вэ. УИХ-ын хаврын чуулганыг хаачихаар намрын чуулган аравдугаар сард эхлэх ёстой.  Цаг агаараа хараад тангараг өргөх ёслолыг ингэж өөрчлөхөөр шийдэв үү, эсвэл сонгууль сунжирч магадгүй, намар тангараг өргүүлье гэж үзээд Их танхимыг сонгосон юм уу?

       УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: Аль ч тохиолдолд бэлэн байх. Энэ утгаараа хуучин дэг жаяг ч байгаа. Бороо шороо элдэв юм юу байх билээ, тал талаасаа ярьж байгаад ийм шийдэлд хүрсэн. Гэхдээ намар орой энэ ёслолыг хийх тухай яригдаагүй. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарладаг, өмнөх Ерөнхийлөгчтэй холбоотой шийдвэр мөн гардаг гэсэн хариулт өглөө.

        Мөн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

        Хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүд багш, эмч нартай холбоотой асуудлыг улстөржүүлэхгүй, мушгихгүй байхыг бие биедээ сануулж байлаа.

      Тухайлбал: УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Төрийн албан хаагчид, багш, эмч нар дээр улстөржих шаардлага байхгүй. Багш, эмч нарын цалин 2012-2016 онд нэмэгдээгүй. Тийм учраас нийгмийн асуудлыг анхаарахгүй бол болохгүй гэдэг асуудлыг энэ хуулийн хүрээнд зохицуулахаар оруулж ирсэн.

       Багш нарын зардал болох боловсролын сургалтын зардалд 4 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт суулгасан. Түүнээсээ зардал нь санхүүжигдээд явж байгаа. Тийм учраас багш нарын зардлыг энэ хуульд давхар оруулах шаардлагагүй. УИХ-ын гишүүд хуулиа маш сайн унших хэрэгтэй. 

      Хуулийн төслийг боловсруулахын өмнө бид 11 мянган багш нартай хэд, хэдэн удаагийн уулзалт хийж, саналыг нь сонссон. Багш нар маань хууль батлагдахыг хүлээж байна.

       Ипотекийн зээлд агаарын бохирдлоор хамгийн өндөр байгаа бүсийн иргэдийг хамруулахаар нийслэл бүртгээд эхэлсэн. Тэрхүү бүсэд нь амьдардаг багш, эмч нараа эхний ээлжинд хамруулах асуудлыг шийдээд явбал нийгмийн асуудлыг нь шийдээд явах бололцоо бий. Нийгмийн тусламж шаардлагатай байгаа бүлэг рүү хандах ёстой.

     Багш нарын мэргэжил дээшлүүлэх зардал нь Боловсролын тухай хуулиар хэрэгжээд явж байна. Цаашдаа багш нарын цалинг 20-30 хувиар нэмэгдүүлэх шаардлага байгаа гэлээ.

       УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

12:59 2017-07-06

      Д.Сарангэрэл: Авлигыг даваа наймаалцах заалтаар аргалж болохгүй

       Биеийн тамир спортын тухай хуулийн төсөлд бөхчүүдийн авлига, найрааны асуудлыг даваа наймаалцах гэсэн заалтаар зүйлчилсэн нь нүд хуурсан зохицуулалт болно гэж УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл мэдэгдлээ.

       Энэ тухай тэрбээр “Сумын наадамд түрүүлэхэд 5 сая, аймгийн наадамд түрүүлэхэд 50 сая, улсын наадам 500 сая гээд үндэсний бөхөд дархан аварга болтлоо байсан хүн хэлж байна. Хууль бус ажиллагаа хийсээр байгааг мэдсээр байж арга хэмжээ авдаггүй, хариуцлага тооцож байгаа эсэх нь тодорхойгүй явсаар ирсэн.

       Бүхэл бүтэн авлигын асуудал яригдаж байна. Бодитой баримттай асуудал байхад даваа наймаалцаж болохгүй гэдэг заалтаар энэ асуудлыг аргалаад өнгөрөх нь.  50 сая, 500 сая авлига биш үү, ард түмнээ басамжилж байгаа хэрэг биш үү. Энэ авлига яагаад хуульд даваа наймаалцах асуудал болдог юм. Үүнийг авлигын хуулиар зохицуулах шаардлагатай.

       Амжилт гаргаж байгаа спортыг дэмжье, энэ чиглэлээр давуу байдал үүсгэснийг дэмжиж байна.

        Хууль хэрэгжиж эхлэхэд 300-400 хүний орон тоо нэмэх асуудалд анхаарах ёстой.  Өнгөрсөн хугацаанд төрийн алба 30 мянга шахам хүн нэмэгдсэн, дахиад 300-400 хүнээр нэмэх асуудлыг эргэж харах ёстой" гэлээ.

        УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Сургуулийн спорт заалыг байнга нээлттэй болгох асуудлыг хуульчилж өгөхгүй бол зуны амралт эхлэхээр хаачихаад яваад өгдөг. Улсын хэмжээнд нийт 700 гаруй сургууль бий, бүгд спорт заалтай учраас хүүхэд ороод биеийн тамираар хичээллэх боломжийг олгох ёстой. Нийтийн биеийн тамирт дуртай болгох нь спорт заалтай холбоотой.

        Тодорхой цагт нь зардлаа олоод авдаг, хүүхдүүд үнэгүй бэлтгэл хийх боломжоор хангаж өгөх асуудлыг хуульчилж өг.  Маш бага зардал гарна. Үүнийг шийдээд явах бололцоотой.

        Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр: Сургуулийн биеийн тамир спортын заалыг суралцагчиддаа төлбөртэй ашиглуулахыг хориглож байгаа.

       Байнга нээлттэй байлгах асуудлыг ул суурьтай авч үзэх ёстой. Сургуулиуд нэг хүүхдийн хувьсах зардлаар санхүүжилт авдаг.  Зуны хугацаанд хувьсах зардал олгогдохгүй учраас тусгайлан авч үзэх хэрэгтэй болно.

       Эцэст нь хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, хуулийг баталлаа.

      Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

12:35 2017-07-06

Чуулганы хуралдааныг Я.Санжмятав удирдаж байна

 

          УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав удирдаж байна.

       Хуралдаан эхлэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох гэж байгаа үед нэр дэвшигч, УИХ-ын дарга нь чуулганы хуралдааныг удирдах нь санал хураалтад нөлөөлж болох талтай учраас дэд дарга нарынхаа нэгээр удирдуулах нь зүйтэй байна, санал хураалгая” гэсэн юм.

        УИХ-ын дарга М.Энхболд “Би УИХ-ын дарга болсноосоо хойш цөөнхийнхөө үг, саналыг байнга сонсож, хааж байсан тохиолдол байхгүй. Харин ч цөөнхийн үг, байр суурийг сонсож байх ёстойг олонхидоо хандаж удаа дараа сануулж, ирсэн. Санал хураалгах шаардлагагүй, дэд дарга Ц.Нямдорж ажилтай тул Я.Санжмятав дэд даргаар чуулганыг удирдуулъя гээд суудлаасаа буулаа.

        УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын даргад зориулсан ганц л суудал бий.  Тэрхүү суудал дээр нь УИХ-ын дэд дарга Я.Санжмятав сууж хурал удирдаж буй учраас УИХ-ын дарга М.Энхболд өрөөнөөсөө хуралдааныг харахаас аргагүй болж байна. 

         Өмнөх УИХ-ын дарга нар Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд хуралдаанаа удирдсаар ирсэн. Харин энэ удаад цоо шинэ харилцаа үүслээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

12:10 2017-07-06

А.Сүхбат: Даваа наймаалцдаг бөхөд хариуцлага тооцох уу?

         УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Биеийн тамир спортын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

        Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Үндэсний бөхөд шударга өрсөлдөөн алга болоод удаж байгаа. Улсын начин болохын тулд, цол ахихын тулд цүнхэндээ мөнгөө хийгээд явдаг байдал энэ хууль хэрэгжсэнээр байхгүй болно гэж ойлгож байгаа. Тийм учраас Эрүү болон Зөрчлийн хуульд зохих өөрчлөлт оруулах шаардлагатай, энэнд анхаараарай.

       УИХ-ын гишүүн А.Сүхбат: Чамбай сайхан хууль болж байгаа. Үндэсний бөхийн төлөөлөгч нь болж явдаг хүний хувьд энэ хууль хэрэгжсэнээр үндэсний спортод үр хүүхдээ хүмүүжүүлэх талд дорвитой ажил хийгдэнэ гэж харж байна.

      Бусад орон хуульдаа спортын авлигыг тодорхой зааж өгсөн байдаг. Авлига авч болохгүй, өгч болохгүй, зуучилж болохгүй гэж. ..Сүүлийн үед үндэсний спорт их гажуудсан. Үүнээс болж, ард олны дунд үндэсний бөхийн нэр хүнд унах, залуучуудын хүмүүжил гажуудах байдал үүссэн. Нэг сайхан өндөр биетэй залуу жижигхэн хүүхдэд унаад өгдөг. Ийм утгагүй юмыг үзээд гутаж байна гэж ярьдаг. Сумын наадамд түрүүлэхэд 5 сая, аймгийн наадамд түрүүлэхэд 50 сая, улсын начин цол авахад 500 сая гэдэг зүйлийг ард иргэд ярьдаг болжээ. Хээл хахууль авч даваа наймаалцсан бөхөд нэг ч хариуцлага тооцолгүй явж ирсэн.

         Спортын авлига хээл хахууль, даваа наймаалцдаг асуудалд хариуцлага тооцохтой холбоотой заалт энэ хуульд орсон уу.

        Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн дэд сайд Ё.Отгонбаяр: Авлигын эсрэг хуульд төрийн өмчийн удирдлага гэх мэт тодорхой албан тушаалтан хамаарагддаг учраас Спортын тухай хуульд шударга өрсөлдөх, үүрэгтэй гэж зааж өгөөд, спортын холбоодуудад  тухайн спортын тэмцээний үр дүнд нөлөөлөхүйц хэмжээнд хийсэн үйлдэл, эс үйлдэл гаргасан нөхцөлд тухайн тамирчны тэмцээнд оролцох эрхийг хасах боломжтой байхаар заалт оруулж өгсөн.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN Г.ДАРЬ



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0