21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ТАНИЛЦ: Гурван нэр дэвшигчийн МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХАРЬЦУУЛАЛТ - 1

2017 оны 06 сарын 16 нд

- СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛД - 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд буй. Тэгвэл сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн гол баримт бичиг буюу Мөрийн хөтөлбөрүүд олон нийтэд нээлттэй болоод байна.

Тиймээс ч бид нэр дэвшигч М.ЭнхболдХ.БаттулгаС.Ганбаатар нарын мөрийн хөтөлбөрүүдтэй танилцаж тус бүрээс жишиж болохуйц  ОНЦЛОХ 19 АСУУДЛЫН хүрээнд нэр дэвшигчид ямар бодлого баримтлахыг харьцуулахыг хичээлээ. Эдгээр 19 асуудлаарх нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг тав, таваар нь та бүхэндээ цуврал болгон хүргэж байна.

Харьцуулалтын дүрэм:

  • Гурван нэр дэвшигчийн байрлуулсан дараалал нь сонгуулийн саналын хуудаст бичигддэг тухайн нэр дэвшигчдийн намуудынх нь үүсгэн байгуулагдсан он цагийн дарааллаар эрэмбэлсэн болохыг анхаарна уу.
  • Онцлох 19 асуудал дахь нэр дэвшигчдийн баримтлах бодлогыг бүгдийг бус чухал хэсгүүдийг нь онцлон тусгасан болно. Уншигч та бүхэн хүсвэл мөрийн хөтөлбөрүүдтэй бүрэн эхээр нь iKon.mn болон бусад эх сурвалжаас танилцах боломжтой.

ОНЦЛОХ 19 АСУУДАЛД:

  1. Эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ?
  2. Нийгмийн онцгой анхаарал шаардлагатай хэсгүүдэд ижил тэгш боломжийг хэрхэн бий болгох вэ?
  3. Шүүх засаглалыг төгөлдөржүүлэх, Шударга ёсыг сахиулахад ямар дэмжлэг үзүүлэх вэ?
  4. Төрийн залгамж чанарыг хадгалах, төрийн албыг мэргэшүүлэх, чадавхжуулах тал дээр ямар бодлогын дэмжлэг үзүүлэх вэ?
  5. Гадаад бодлогын гол жанжин шугам юу байх вэ?
  6. Батлан хамгаалах салбарт баримтлах бодлого?
  7. Бүх нийтийн боловсролын асуудалд хэрхэн анхаарах вэ?
  8. Эрүүл мэндийн салбарын асуудалд ямар дэмжлэг үзүүлэх вэ?
  9. Байгаль орчин, экологийн асуудалд хэрхэн анхаарах вэ?
  10. Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг хэрхэн үргэлжлүүлэн дэмжиж ажиллах вэ?
  11. Ил тод, нээлттэй байх, хэвлэлийн эрх чөлөөт байдлыг хангахад хэрхэн дэмжиж ажиллах вэ?
  12. Настангуудад зориулсан ямар бодлого баримтлах вэ?
  13. Залуучуудад зориулсан онцгой шийдэл, хөтөлбөр санаачлах уу?
  14. Хүүхэд, багачуудад хэр ээлтэй бодлого баримтлах вэ?
  15. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахад ямар дэмжлэг үзүүлэх вэ?
  16. Шинжлэх ухаан, Технологи, инновацийг хэрхэн дэмжих вэ?
  17. Хөдөө орон нутгийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ?
  18. Уул уурхайн салбарт ямар бодлого баримтлах вэ?
  19. Төмөр замын асуудалд ямар байр суурьтай байх вэ?

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ТАВАН АСУУДЛААРХ 3 НЭР ДЭВШИГЧИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦАНА УУ. 

 

1. Эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 
• Нийгмийн оюун санааны нэгдмэл байдлыг баталгаажуулах, эв нэгдэл, итгэлцэл, ёс суртахууныг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, үндэсний эв эеийг бэхжүүлэх үзэл санааг мөрдлөг болгоно.
• Үндэсний бахархал, эх оронч үзлийг үнэт зүйлээ болгосон иргэн төлөвшүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.
• Хууль дээдлэх зарчим, шударга ёс, баялгийн тэгш хуваарилалт нь үндэсний эв нэгдлийг хангах бат бэх суурь гэж үзнэ.
• Төрийн бодлого, үйл ажиллагаанд улс төр бизнесийн явцуу бүлэглэл нөлөөлөхийн эсрэг тууштай зогсож, ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавина.
• Талцал, хуваагдлыг таслан зогсоож, эвлэрэл нэгдэлд хөтөлсөн үндэсний бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;

• Нийгмийн бүхий л хүрээнд байгаа үгүйсгэх, гутаах, тэмцэлдэх үзлийн эсрэг тууштай зогсож, бие биедээ урам зориг өгөн дэмждэг, хамтран зүтгэдэг үндэсний бахархалт үзэл санаа, тэмүүллийг бий болгох бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;

• Ахмадын туршлага, идэрчүүдийн зүтгэл, залуусын тэмүүллийг уялдуулан холбож, мэдлэг туршлагаа солилцон, бие биеэ дэмждэг тогтолцоо бий болгох бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;

• Уламжлалт нүүдлийн соёл иргэншлээ суурин соёл иргэншилтэй уялдуулан хөгжүүлж аль алиныг нь хүндэтгэн бахархдаг үзлийг төлөвшүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах
• Монголын ард түмэн бол миний дээд шүтээн. Өнөөдөр улстөрийн намууд худал хэлж,  хоосон амалж, ард түмнээрээ эрээ цээргүй тоглож, тархи толгойг нь дэндүү ихээр угааж байна. Тэдний эрх ашигт би үйлчлэхгүй. Нэгэнтээ би: “МАНАН-д орсноос үхсэн нь дээр” гэж хэлсэн. Монголын ард түмний амин эрх ашиг, Монгол Улсын үндэсний эрх ашиг бол миний хувьд Бурханы зарлиг. Би энэ зарлигийг биелүүлнэ. Эв нэгдлийг эрхэмлэж, эрх чөлөөг баталгаажуулна.

Нийгмийн харилцаанд зөвшилцлийг эрхэмлэдэг соёлыг нэвтрүүлнэ. Зөвшилцлөөс бүгд хожино. З талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргана.
2. Нийгмийн онцгой анхаарал шаардлагатай хэсгүүдэд ижил тэгш боломжийг хэрхэн бий болгох вэ?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 
• Өндөр настан, нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын талаарх Засгийн газрын бодлогыг  дэмжиж, монгол хүний үнэ цэнийг хадгална.
• Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх аливаа санал санаачилгыг дэмжинэ.
• Эхчүүдийн төрөхийн өмнөх, төрсний дараах болон хүүхдээ өсгөхөд шаардагдах нийгэм хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй болгох, эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолдож байгаа хорт хавдрын эрсдэлийг бууруулах зорилгоор  урьдчилан сэргийлэх үзлэгт хоёр жил тутамд бүрэн хамруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эх үрсийн бодлогыг бүх талаар дэмжиж ажиллана.
• Хүн амын зорилтот бүлгүүдэд нийгмийн халамжийн үйлчилгээг үр өгөөжтэйгээр хүргэх бодлогыг хэрэгжүүлэх, Монгол хүний дундаж наслалт, физиологи, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр эрхлэлтийн байдлаас хамааруулан өндөр насны тэтгэвэр авах бололцоог баталгаатай хангах тал дээр анхаарах;
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх, боловрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээнд тэгш хамруулах,тэдэнд зориулсан нийгмийн дэд бүтцийг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтмол орлоготой болгох аливаа бодлого, үйл ажиллагааг дэмжих;
• Эхчүүдийн амаржих, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэдний ажлын байрыг нь баталгаатай хадгалах, эдийн засгийн болон санхүүгийн дарамтад өртүүлэхгүй байх, олон хүүхэдтэй гэр бүлийг тэтгэх, орон сууцжуулах талаар бүтээлч санаачилгуудыг дэмжих;
• Өрх толгойлсон, бага орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдийг дэмжих, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор харьяалал харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хамруулах “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Цалинтай ээж”  зэрэг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөр, төслүүдийг дэмжиж ажиллах;
• 3 хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/ болон орлого багатай өрхийг төрөөс дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжиж ажиллах;
• Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг бодитой нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бодлого, үйл ажиллагааг дэмжих;
 
3. Шүүх засаглалыг төгөлдөржүүлэх, Шударга ёсыг сахиулахад ямар дэмжлэг үзүүлэх вэ?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 
• Авлигын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгана. Авлигын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлсэн бол төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасна. Авлига бол манай нийгмийн хорт хавдар. Хорт хавдрын эс бүрийг суга татан хаяхаас өөр эмчилгээ байхгүй хэмээн хатуу тэмцэнэ.
• Иргэдэд ялгавартай хандаж, хүний эрх зөрчсөн, мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон бүх шатны шүүгч, прокурор болон бусад холбогдох албан тушаалтанд оногдуулах хариуцлагыг чангатгах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
• Хууль сахиулах болон шүүхийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг бүрэн хангуулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх зарчмыг чанд сахиулж ажиллана. Хууль сахиулах, шүүхийн ажиллагаа улс төрөөс ангид байх зарчмыг тунхаг яриа биш ажил хэрэг болгоно.
• Шүүгчдийг сонгон шалгаруулахад нөлөөллөөс ангид, мэргэшил, ёс зүй, зан суртахууны төлөвшлийг шалгуур болгох, шүүгч бүр дээр үнэлгээ өгөх, үүрэг хариуцлагыг сайжруулах хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх, үүргийг нарийвчлан тогтоох замаар хууль дээдэлсэн, шударга, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно
• Бүс нутаг, олон улсын цагдаа хүчний байгууллагуудтай илүү нягт, идэвх уялдаатай хамтран ажиллаж улсад их хэмжээний хохирол учруулаад гадаадад оргон зайлсан этгээдүүдийг эрэн сурвалжилж, эргүүлэн эх оронд нь авчрах ажиллагааг дэмжиж ажиллана.
• Хууль сахиулах болон шүүхийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг бүрэн хангуулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх зарчмыг чанд сахиулж ажиллана. Хууль сахиулах, шүүхийн ажиллагаа улс төрөөс ангид байх зарчмыг тунхаг яриа биш ажил хэрэг болгоно.

 
• Иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль ёсны эрхээ нэр төртэйгээр хамгаалуулж чадах шударга шүүхийн тогтолцоог дэмжин, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллах;
• Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон нь тогтоогдсон, офшор данстай нь илэрсэн, ашиг сонирхлын зөрчилтэй нь нотлогдсон тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулах, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, энэ асуудлыг зохицуулсан олон улсын гэрээ, конвенцид нэгдэхийн төлөө бодлого, санаачилга гарган ажиллах;
• Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангахын зэрэгцээ шүүгчийн сонгон шалгаруулалтад мэргэжлийн ур чадвар, туршлагаас гадна хувь хүний ёс зүйн шаардлагыг хуульчлан эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
Ажилгүйдэл, ядуурал Монголд маань газар авсны улмаас баян хоосны ялгарал тэнгэр газар шиг зааглагджээ. Олигархиуд язартлаа баяжиж, оффшорчид Монголын баялгийг харх шиг мэрж байна. Дундаж давхарга өсөн нэмэгдэх бус харин шавхран ширгэж байна. Энэ бүхэн нь шударга ёсыг ноцтойгоор алдагдуулж байна.
Гадаадын оффшор дансанд байрлуулсан олон тэрбум ам.долларыг Монголд буцаан авчрах ёстой.
Олигархиуд болоод оффшорчдыг халхавчлан хамгаалж, өөгшүүлэн давруулж буй өнөөгийн тогтолцоог өөрчилж, төр засгийн хүнд суртлын гинжийг тас цохих хэрэгтэй байна.
Хууль, шүүхийн байгууллагад дээрээс даалгавар өгдөг, хөндлөнгөөс нөлөөлдгийг таслан зогсоож шударга ёсыг сэргээх учиртай.
Өнөөдөр Монголд шударга ёс ус, агаар мэт үгүйлэгдэж байна. Шударга ёсыг тогтоохгүйгээр юуг ч амжилттай шийдвэрлэж чадахгүй.
Шударга ёсыг тогтоосноор хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгож чадна. Хориннэгдүгээр зууны Монгол Улсын иргэн Сайнхүүгийн Ганбаатар би шударга ёсыг Монголдоо тогтоохын төлөө тууштай зүтгэнэ. Хорьдугаар зууны эхэн үеийн харц Ард Аюуш шиг шударга бусыг сөрж тэмцэнэ. “Надад есөн эрүү” тулгасан ч би бууж өгөхгүй. Давж гарна. Би чадна. Та бид хамтдаа чадна.
4. Төрийн залгамж чанарыг хадгалах, төрийн албыг мэргэшүүлэх, чадавхжуулах тал дээр ямар бодлогын дэмжлэг үзүүлэх вэ?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 
• Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод, хяналттай болгоно. Улс төрийн намуудын төлөвшлийг хангах эрх зүйн шинэ орчин бүрдүүлнэ. Төрийн өндөр албан тушаалтнуудад тооцох хариуцлагын тогтолцоог шинэчилнэ.
• Төрийн алба оновчтой бүтэцтэй, мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлнэ. Төрийн албан хаагчдыг зөв хандлагатай, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, бүтээмжтэй болгох, ажлын арга барилын шинэ соёлыг бүх түвшинд хэвшүүлнэ. Ажиллах орчин, нийгмийн баталгааг нь сайжруулах бодлогыг тууштай дэмжинэ.
• Төрийн албаны сонгон шалгаруулалт, томилгоо, байршуулах, сэлгэн ажиллуулах, дэвшүүлэх үйл явцад нийгмийн бүлгүүдийн төлөөллийг жигд хангах захиргааны шударга зарчмыг харгалзана.
• Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үндэсний стратеги боловсруулж, иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын мэдээлэл, үйл ажиллагааг хамгаалах ажлыг шинэ түвшинд гаргана.
• Монгол төрийн бодлогын залгамж чанарыг өвлөн хадгална

 
• Ил тод, шударга сонгон шалгаруулалтаар төрийн албыг мэргэшсэн, чадварлаг хүний нөөцөөр бүрдүүлж ажиллахыг бүхий л талаар дэмжинэ. Улс төрийн сонгуулийн үр дүнгээр төрийн албан хаагчдыг хоморголон халах үйлдлийг шийдвэртэй таслан зогсоох эрх зүйн орчныг бүрдүүлэн бэхжүүлэх улс төрийн манлайлал гаргаж ажиллах;
• Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай, шат дамжлагагүй хүргэх зорилгоор олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, онлайн хэлбэрт шилжүүлэх, шууд ардчилал, иргэний оролцооны сайн туршлагуудыг үргэлжлүүлэн төлөвшүүлэхийг дэмжин ажиллах;
• Ерөнхийлөгч ард түмэнтэйгээ хамтран төрийн байгууллагуудынүйл ажиллагаа, төсвийн зарцуулалт, төрийн өмчийн эзэмшилд хяналт тавих, үнэлэлт өгөх жишгийг тогтоосон бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах;
• Төрийн албаны мэргэшсэн, чадварлаг, цомхон, үр өгөөжтэй зохион байгуулалтыг дэмжиж, туршлага, авьяас чадвар, бүтээлч хандлагад суурилсан сонгон шалгаруулалтын шинэлэг зарчмыг шингээсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжих;
• Төрийн албан хаагчдын ажил үүргээ хэвийн, үр дүнтэй, шударгаар, шуурхай явуулах орчин нөхцөл, цалин хангамж, орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого, санаачилгыг дэмжих;
 
5. Гадаад бодлогын гол жанжин шугам юу байх вэ?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 
• Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг сонирхлыг улс төр, дипломатын аргаар тууштай хангаж, улс төржилтөөс ангид, нээлттэй, бие даасан, олон тулгуурт, гадаад бодлого хэрэгжүүлнэ.
• Хөрш хоёр улстай стратегийн түншлэлээ улам гүнзгийрүүлж уламжлалт, эв тэгш, сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлнэ. 
• Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд бусад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. 
• Олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, дэд бүтэц, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрт Монгол Улсын оролцоог хангана.
• Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн унаган төрх, биологийн янз байдлыг хамгаалах, цөлжилтийг сааруулах, учрах эрсдлийг бууруулах чиглэлээр олон улс, бүс нутаг, үндэсний байгууллагуудтай  идэвхийлэн хамтран ажиллана.  
• Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэсэн, тууштай гадаад бодлого хэрэгжүүлэх нь Ерөнхийлөгчийн нэн тэргүүний зорилт байх;
• ОХУ, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг дэмжиж ажиллax;
• Хөрш орнууд болон Гуравдагч хөрш орнуудтай аюулгүй байдал, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж улс орныхоо бие даасан байдлыг бэхжүүлэх бодлого боловсруулан онцгой анхаарч ажиллах.
• Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй, ардчиллын үнэт зүйлсийг дээдэлдэг улс орнуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхийг дэмжих;
• Монгол Улсын Үндсэн Хууль, Гадаад бодлогын болон Батлан хамгаалах бодлогын үзэл баримтлалын хүрээнд гуравдагч хөршийн бодлогыг улам эрчимжүүлж, тэдний бодит сонирхлыг Монголд бий болгох, тэдний зүгээс Монголд оруулж буй хөрөнгө оруулалтад эрх тэгш, шударга, ил тод нөхцөл олгож, эрх ашгийг нь хуулийн дагуу хамгаалах;
• Эдийн засгийн хамтын ажиллагааг эн тэргүүнд тавьсан гадаад харилцааг дэмжинэ. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг эрс нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгохыг дэмжих; Бараа бүтээгдэхүүнээ дэлхийд гаргах эрмэлзэлтэй баялаг бүтээгчдийг дэмжиж, экспортыг урамшуулах зорилго бүхий санаачилга, үйл ажиллагааг тууштай дэмжих;
• Монгол Улсыг олон улсын агаарын болон автозам, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн зангилаа болгох, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн ороход үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн манлайлан оролцох;
 

ЭХ СУРВАЛЖ: WWW.IKON.MN

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0