21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг эргэж харах үүрэг өглөө

2017 оны 08 сарын 22 нд

       Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр, ялангуяа замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээний үр дүнгийн  талаар мэдээлэл сонсов. 

        Замын цагдаагийн удирдлагуудын танилцуулснаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан жил бүрийн наймдугаар сарын 15-25 бол замын хөдөлгөөний хамгийн их ачаалалтай үе юм байна. Энэ үеэр орон нутгаас хот руу чиглэсэн зорчигч урсгал мөн хамгийн их байдаг байна.  Ачааллын яг энэ үеэр  Энхтайваны өргөн чөлөөний замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан нь олон жилийн судалгаатай, тооцоотой бөгөөд үр дүнгээ өгөх арга хэмжээ болохыг тэд онцоллоо. Зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан талаар иргэдийн дэмжлэг, гомдол адил тэнцүү буюу 50:50 хувьтай байгаа, цаашид туслах чиглэлийн зарим замыг өргөтгөх чиглэлээр зарим арга хэмжээг авч эхэлснээ нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцууллаа.

        Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүний амьдралын хэмнэлийг өөрчилсөн шийдвэр судалгаатай, бүх талаар иргэндээ ашигтай байх ёстойг анхааруулав. Мөн энэ шийдвэрээ улам боловсронгуй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авах, ер нь зүүн эргэх хөдөлгөөнийг хориглохыг хотын иргэдээс асуух, судалгааны дүнг үндэслэж шийдвэрээ гаргах талаар долоо хоногийн хугацаатай үүрэг өгч эргэж танилцуулахыг үүрэг болголоо.

        Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар  876 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцдогоос 505 мянга орчим нь нийслэлд байдаг юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 1
Зочин 
/ 2017-08-22 21:24:00 /
Энэ бол зөв хувилбар .харин эргэсэн машин дараагийн замаар саад багатай хүрэх газраа очих ёстой гэдгийг сайн тооцоогүй ба зарим уулзварын эргэлтийг дахин хянаж үзэх хэрэгтэй шүү . Ер нь шиидвэр гаргахаас өмнө судалгаа сайн хийх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна . Нөгөө л арын хаалганы чадваргүй мэргэжилтнүүд л нөлөөлж байна .