Ц.Сандуй ажлаа өгөх шалтгаан нь 60 тэрбум биш гэжээ
Өчигдөр болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал дээр НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэнтэй холбоотой. Үүнээс өөр шалтгаан байхгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр 60 тэрбумын схемийг танилцуулсан хэргээсээ болж ажлаа өгөөгүй гэсэн байна.
Төрийн албыг зарж 60 тэрбум босгох ярианд оролцсоноо нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө хүлээн зөвшөөрсөн. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар, дараа нь ч тэрбээр “Тийм юм огт болоогүй” хэмээн хэлээгүй юм. Үүнээс өмнө анх ажлаа өгнө гэж мэдэгдэхдээ ч сонгуулийн ялагдлын талаар огт дурдаагүй бөгөөд 60 тэрбумын асуудлаас болж ажлаа өгч буй гэсэн билээ. Гэтэл асуудлыг өөрөөсөө зайлуулж, сонгуулийн ялагдлаас болж ажлаа өгч байна гэжээ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 22-нд хийхээр товыг тогтов. Уг хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн ажлаа өгөх өргөдлийг хэлэлцэхээр боллоо.