Д.ЭРДЭНЭБАТ: ОУВС-ГИЙН ШАЛГАЛТЫН ДҮНГ ХАРГАЛЗАЖ БАНКНЫ ХУУЛИА ЯРИХ ЁСТОЙ
УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр Төрийн ордонд бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэдээллийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар хийв. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд тус бүлгийн хурлаар нэгдүгээрт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хоёрдугаарт Банкны тухай хуулиуд, гуравдугаарт томилгооны сонсгол явуулах эсэх тухай гэсэн гурван асуудлыг авч хэлэлцсэн болохыг хэллээ.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг АН-ын бүлэг авч хэлэлцээд Үндсэн хууль болон бусад хэд хэдэн хуулийн нийт 39 заалтыг ноцтой зөрчсөн байна хэмээн үзжээ. Тус хуулийн төсөлд аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 3/1 нь төрийн захиргааны албан хаагч байж болно хэмээн тусгасан. Иймд төрийн алба, улстөр хоёрыг хольж хутгаж болохгүй гэж тус бүлгээс үзэж, УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулганаас эл хуулийн төслийг хэлэлцэхдээ Төрийн албаны тухай хуультай хамтатган хэлэлцүүлэгт оруулах ёстой гэдэгт байр суурь нэгдсэн байна.
Одоогийн байдлаар Хөрөнгө оруулалтын банк, Банкны тухай, Төв банкны тухай гурван хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Эдгээр хуулийн төслийг УИХ яаран барьж авч хэлэлцэж байна хэмээн бүлэг үзжээ. Учир нь ОУВС-гаас нийт 13 банкны үйл ажиллагаанд шалгалт хийж байгаа ба тэрхүү шалгалтын дүнг харгалзаж банкуудын хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Нөгөөтэйгүүр зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоохоор хуулийн төсөлд тусгасан нь ухралт болж байна. Тиймээс эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсний дараа нэгдсэн ажлын хэсэг байгуулах санал гаргахаар тогтжээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 21 хүний гарын үсэгтэй томилгооны сонсгол явуулах асуудлыг авч хэлэлцээд бүлгийн гишүүд 100 хувь дэмжжээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа банк санхүүгийн эрх зүйн орчныг сайжруулах шаардлага бол бий. Гэхдээ харилцагчдынхаа итгэлийг алдагдуулах, банкуудын хэвийн үйл ажиллагааг доголдуулах байдал руу оруулах вий хэмээн болгоомжилж байна. Түүний ярьж байгаагаар бол, Монголбанк арилжааны банкуудыг дүрмийн сангаа 100 тэрбум төгрөгөөр ондоо багтаан нэмэгдүүл гэсэн шаардлага тавьсан. Ингэж захиргааны чанартай шууд шийдвэрийг төв банк гаргаж болохгүй. Монголын нийт банкууд дотор өнөөдөртөө дампуурал зарлах хэмжээнд хүрсэн банк байхгүй. Өөрөөр хэлбэл, төлбөр түргэн шуурхай гүйцэтгэх чадвар сайн байгаа" гэв. Үүний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Д.Эрдэнэбат даргын өрөөнд чухам юу болсон бэ. Танай өрөөнд камер байдаг уу. Л.Болд, Б.Хурц нар өөр өөр юм ярьж байгаа учраас иргэд төөрөлдөөд байна. Энэ тал дээр бүлгийн дарга тайлбар өгөх үү?
-Одоогоор энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж МОНЦАМЭ