21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ЭМЯ: Завхан болон Улаанбаатарт сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 02 сарын 20 нд

Коронавирусийн тархалтын талаар Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Хэрэв халдвар бүртгэгдсэн тохиолдолд тархах өндөр эрсдэлтэй гэдгийг салбарын яамнаас анхааруулав. Тиймээс удахгүй болох цагаан сараар айл бүр гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж чадвал аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж зөвлөлөө.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар коронавирусийн сэжигтэй 170 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Эрээнээс Зам-Үүд боомтоор хил нэвтэрсэн 103 иргэн эмчийн хяналтад, тусгаарлагдсан нэг иргэнийг хяналтаас гаргаагүй байгаа аж. Эдгээр хүний биеийн байдал сайн байгаа юм байна. Мөн Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний биеийн байдал хэвийн, эмчийн хяналтад байгаа аж.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Завхан аймагт өчигдөр нэг тохиолдол бүртгэгдэж тусгаарлалаа. Тухайн хүн Гашуунсухайт боомтоор БНХАУ руу хоёрдугаар сарын 6-12-ны хооронд зорчоод ирсэн, халуурсан, хатгалгааны шинж тэмдэгтэй тусгаарлагдлаа. Завханы иргэнтэй хамт автобусанд явсан 40 хүнийг хамгаалалтад авсан. Мөн өчигдөр ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарласан. Тусгаарлагдсан иргэн Хятадын Тянжинь хотод сурдаг оюутан. Хоёрдугаар сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын нисэх онгоцоор ирсэн.

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн  дарга Г.ЦЭЦЭНСАНАА:  

-Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үзүүлэхэд шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл, шаардлагатай арга хэмжээг авч байна. Нийт 14 нэрийн хувийн хамгаалах хэрэгсэл, 10 нэр төрлийн ариутгалын бодис нийлүүлэхээр нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Эм эмнэлгийн хэрэгсэл, олон улсын байгууллагаас хувийн хамгаалах хэрэгслийг нэмэгдүүлэхээр хувь иргэн, аж ахуй нэгж байгууллагууд  ажиллаж байна. ДЭМБ-аас эрүүл мэндийн ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгсэл өгснийг ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн. Өнөөдөр Жайка төвөөс эм эмнэлгийн ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийг гардуулна.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN 

Сэтгүүлч Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0