21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Ухань хотод Covid-19 өвчнөөр нас барсан хүмүүсийн тоо өнөөдөр 50 хувиар нэмэгдлээ

2020 оны 04 сарын 17 нд

Шинэ коронавирусийн тахал анх дэгдэж байсан төв Хятадын Ухань хот өнөөдөр Covid-19 өвчнөөр амиа алдсан хүмүүсийн тоогоо 50 хувиар өсөж, 3,869 болжээ.

Өчигдрийг хүртэл энэ тоо 2,579 байсан юм. Хятадын засгийн газрын гаргасан тоо баримтыг бодит байдлаас зөрүүтэй гэж гадаад ертөнцөд сэжиглэж байгаа бол дотооддоо иргэд нь ч хохирлын хэмжээ албан ёсны тооноос хавьгүй илүү байх ёстой гэж үзэж байв.

“Тахлын эхэн үед эмнэлгийн багтаамж хүрэлцээгүй, эмч сувилагч цөөн, эмнэлгүүдийн ихэнх нь төвдөө тоо баримт тогтмол тайлагнадаггүй байсан зэргээс шалтгаалан албан ёсны тоо дутуу бүртгэгдэж байсныг залрууллаа” гэж CCTV сувагт Ухань хотын эрүүлийг хамгаалах албаны хүн өнөөдөр мэдээлжээ.

Өнгөрсөн Лхагва гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад Covid-19 өвчнөөр амиа алдсан хүмүүсийн тоонд эргэлзэж байгаагаа илэрхийлж байв.

“Хятад гэдэг аугаа том оронд хэдэн хүн өвдөж, хэдэн хүн нас барсныг хараад та нар итгэж байна уу?” гэж тэр сэтгүүлчдээс асууж байжээ.

Гэхдээ анагаах ухааны олон эрдэмтэд, мэргэжилтнүүд дэлхийн аль ч улс оронд нас барсан хүмүүсийн тоо бодит байдлаас зөрүүтэй гэдэгт итгэлтэй байна. Зарим нас барсан хүмүүсийг үнэхээр коронавирусийн халдвар авснаас болж амиа алдсан эсэхийг тогтоож чадаагүй олон тохиолдол бий гэж тэд үзэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Хятадын эх газарт халдварын 83,730 тохиолдол бүртгэгдсэний 50,333 нь буюу 60 орчим хувь нь Ухань хотод оногдож байна. Нас барсан нийт 4,632 тохиолдлын 3,869 нь Ухань хотод бүртгэгджээ.

Эх сурвалж: Reuters, IKON.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0