21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Сансрын нисгэгч нар өмнө нь амьдарч байснаасаа шал өөр дэлхийд газарджээ

2020 оны 04 сарын 17 нд

Олон сарын өмнө дэлхийгээс тойрог зам руу ниссэн сансрын нисгэгчид өнөөдөр өглөө дэлхийд газарджээ.

Оросын Олег Скрипочка, АНУ-ын Жессика Мэйр нар 2019 оны есдүгээр сард, АНУ-ын Эндрью Морган 2019 оны долдугаар сард дэлхийгээс хөөрч байсан юм.

Харин өнөөдөр тэднийг буцаж ирэхэд өмнөхөөсөө шал өөр дэлхий ертөнц угтаж авсан байна.

Коронавирусийн цар тахал хүмүүсийн амьдралыг яаж өөрчилснийг тэд хамгийн их мэдэрчээ. “Дээрээс харахад дэлхийн бөмбөрцөг хэвийн харагдаж байсан ч биднийг нисэхээс өмнөх дэлхий одоо ямар их өөр болсныг хараад итгэхэд хэцүү байна” гэж Мэйр газардсан хойноо ярьжээ.

Газардсан сансрын нисгэгчдийг хайж олох багийнхан хатуу хөл хорионд байж, эрэлд гарахынхаа өмнөхөн коронавирусийн шинжилгээ өгсөн байна.

Энгийн үед сансрын нисгэгчдийг хамгийн ойрын нисэх буудалд хүргэсний дараа гэр гэрийнх нь зүг нисгэдэг байв.

Гэтэл өнөөдөр Байконурын буудал оршдог Казахстан улсад хорио цээрийн дэглэм тогтож, ихэнх нисэх буудлууд хаагдсан байна. Оросын сансрын нисгэгчийг Байконураас өөрийнх нь улсын нисэх онгоц авч явах бол Америкчуудыг зүүн өмнө зүгт гурван цаг машинаар аялуулсны эцэст Кызылордад хүргэж, тэндээс NASA-гийн онгоц авч явахаар болжээ. Энгийн үед газардсан сансрын нисгэгчдийг жингүйдлээс дэлхийн татах хүчинд дасгах эмчилгээ хийдэг. Харин энэ удаа коронавирусийн халдвараас сэргийлэх нэмэлт арга хэмжээ авч, дэглэм сахиулж байгаа гэнэ.

“Долоон сар хол байсан гэр бүлийнхэн, найз нөхдөө тэвэрч чадахгүй гэхээр хэцүү санагдаж байна. Дэлхий дээр байхад сансарт байснаас илүү ганцаардах шинжтэй. Учир нь бид тойрог замд байхдаа сонирхолтой туршилт судалгааны ажилд дарагдаж, бусдаас тусгаарлагдсан мэт сэтгэгдэл огт төрж байгаагүй” гэж Мэйр ярьжээ.

Тэднийг залгамжилж Олон Улсын Сансрын Станцад ажиллах хоёр Орос, нэг Америк сансрын нисгэгч дөрөвдүгээр сарын 9-нд хөөрөхөөсөө өмнө коронавирусийн халдварыг тойрог замд хүргэхгүйн тулд хатуу шалгуураар орсон байна.

Эх сурвалж: BBC, IKON.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0