Алберто Рива: Би тахал дарагдсаны дараа Монголд заавал очиж үзнэ
Vice, Bloomberg, CNN зэрэг мэдээллийн агентлагуудын сэтгүүлч, хянан тохиолдуулагч асан аялагч, нийтлэгч Алберто Рива THEPOINTSGUY.COM сайтад сүүлийн үед Монголд очиж үзэхийг өдөр нь мөрөөдөж, шөнө нь зүүдэлж буй тухайгаа ийн бичжээ.
Миний очиж үзэхийг хүсдэг орнуудын жагсаалтад Монгол ороод их удаж байна. Би хүйтэн дайны үед өссөн болохоор Монголд очно гэдэг бага насанд минь хэзээ ч биелэхээргүй мөрөөдөл төдий байлаа. Учир нь тэр үед Монгол улс Зөвлөлтийг дэмжигч улс байсан төдийгүй дотоодод нь гадаад хүн тун цөөхөн байж. Гэхдээ одоо цаг өөр болжээ. Монгол бол хүн ам нь маш хол тархан суурьшсан ганц улс. Далайд гарцгүй, Техасаас хоёр дахин том, тэгсэн атлаа Брүүклинээс цөөн хүн амтай. Монгол өдгөө жилд хагас сая гаруй жуулчин хүлээж авдаг болсон байна. Одоо би тэр жуулчдынх нь нэг болох цаг нэгэнт болжээ.
THEPOINTSGUY.COM сайтаас 2017 онд гаргасан заавал очиж үзэх газруудын жагсаалтад Монгол орсон бөгөөд Монголд очих үнэндээ их амархан. Хөрш ОХУ, БНХАУ хоёроос ялгаатай нь Монгол АНУ-ын жуулчдаас виз шаарддаггүй. Монголын хамгийн сайхан нь нийслэл Улаанбаатар хотдоо биш хязгааргүй хөдөө, тал нутагтаа оршдог. Гэвч бүх олон улсын нислэг Улаанбаатарт л хүргэдэг тул би хожим хэн ч ашиглаж болохоор төлөвлөгөө зохиосон юм.
MONGOLIA – 2017/09/29: A herd of yak is being herded through a valley of the Altai Mountains near the city of Ulgii (Ölgii) in the Bayan-Ulgii Province in western Mongolia. (Photo by Wolfgang Kaehler/LightRocket via Getty Images)
Та Улаанбаатар руу галт тэргээр очвол үнэхээр сонирхолтой. Бас Монголын үндэсний агаарын тээврийн компани орчин үеийн барууны онгоцтой бөгөөд Азийн том хотуудад төдийгүй Москвагаар дамжин Берлин рүү ч нисдэг МИАТ компаниар үйлчлүүлж бас болох юм.
Гэхдээ шууд АНУ-аас нэг нислэгээр очихыг хүсвэл өөр олон улсын том агаарын тээврийн компаниуд бас бий. Жишээ нь наймдугаар сард Нью-Йоркоос Улаанбаатарт очиж хоёр долоо хоног аялна гэж бодъё. Тэгвэл эхлээд ОХУ-ын агаарын тээврийн Аэрофлот компанид 750 ам.доллараар энгийн, эсвэл 2044 ам.доллараар бизнес класс суудлаар Москвад очиж болно. Эсвэл 883 ам.доллараар Бээжин рүү нисээд, тэндээсээ МИАТ-ын онгоцонд дамжиж суугаад Улаанбаатарт очиж болно.
Очоод байрлах газар гэвэл олон улсын сүлжээ тансаг зочид буудлуудаас эхлээд Монгол үндэсний сууц гэр гээд өргөн сонголттой. Монгол гэр бол тал нутагт нүүдэллэн амьдрахад хамгийн сайн тохирсон сууц юм. Жишээ нь та Улаанбаатарт байдаг сайхан Holiday Inn зочид буудалд хоногийн ойролцоогоор 100 ам.доллар төлөөд байж болно. Эсвэл хотдоо хамгийн үнэтэй Шангри-Ла зочид буудалд хоногийн 370 ам.доллараар байрлаж болно. Эсвэл та хямд зардлаар аялмаар байвал хотын захад хоногийн 49 ам.доллараар өөрийн гэсэн гэр түрээсэлж болох юм. Хэрвээ тэгвэл нийслэл хотын агаарын бохирдлоос ч холдох давхар ашигтай.
Гэхдээ та Улаанбаатарт удаан байхыг хүсэхгүй л болов уу. Монгол бол маш өргөн уудам нутагтай орон. Тэр өргөн уудам нутгаа жуулчдад үзүүлэх зорилготой аялалын компаниуд ч олон. Мөн тэдгээр компаниудын сайтууд таныг хаана очвол сайхан байх талаар сайн зөвлөгөө өгж чаддаг.
Эх сурвалж: THEPOINTSGUY.COM, NEWS.mn