“Ц.Элбэгдоржтой адилхан хүзүүгүй гэдгээр минь намайг гадуурхаж, улстөрөөс хөөж байна”
“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН ӨВДСӨН БОЛ АЖЛАА ӨГЧ БАЙЖ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛНЭ ЗЭРГИЙГ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ ТУСГАСАН БАЙСАН-
-Сонгууль дөхлөө. Намууд бужигнаад эхэлж. Танай намаар сонгуулийн бэлтгэл ажлын сонин сайхан юу байна даа?
-Манай нам сонгууль дөхөөд ирэхээр идэвхждэг нам биш. 2017 онд намаа байгуулж, түүнээс хойш тасралтгүй нэвтрүүлэг лайв идэвхтэй хийсэн. Тогтмол нэг хурдаар урагшилсаар өнөөдрийг хүрлээ.
-Том намууд Үндэсний аудитын газрын дүгнэлтэд бүдэрсэн. Танай намын мөрийн хөтөлбөр бас бүдэрчихэв үү. Ямар дүгнэлт гарсан бэ?
–ҮАГ-ын дүгнэлтэд бүдэрсэн заалт манайд бий. Хөгжил ярьсан нам болгон унасан. Ерөөсөө хөгжил ярьж болохгүй юм билээ. Тэрний оронд эрх барьж, амласан мөрийн хөтөлбөрийнхөө 70, 80 хувийг биелүүлээгүй бол дахин сонгуульд оруулдаггүй баймаар байна. Аудит мөрийн хөтөлбөрийг нь ингэж дүгнэдэг болчихвол улстөрийн намууд хариуцлагажих байх аа.
Гэтэл энэ улс орныг ингэж сайхан хөгжүүлнэ гэж хөгжил ярьсан болгоныг унагаад байвал яаж хөгжих юм бэ. Нэг ёсондоо хулгайчийг хориглох гээд хөгжлийг сааруулчихсан хууль баталчихаж. Тиймээс хөгжил ярьсан манай мөрийн хөтөлбөр унасан.
-МАХН, МАН, АН цалинг гурван сая, таван сая болгоно, үнэгүй байр өгнө гэх хэт “хөөстэй” мөрийн хөтөлбөр гаргаж ирээд бүдэрсэн байх. Танай мөрийн хөтөлбөрт амлалт хэр их туссан бэ?
-“Хөөстэй” зүйл байхгүй. Ард түмний хүсэж байгаа зүйл бий. Тухайлбал, банкны реформ хийнэ, зээлийн хүүг бууруулна, Монголын төрөөс хулгай хийсэн хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүдийг төрд ажиллуулахгүй, төрийн өндөр дээд албан тушаалтан өвдсөн бол ажлаа өгч байж гадаадад эмчлүүлнэ, үгүй бол эх орондоо эмчлүүлнэ гэх мэт зүйлүүд тусгагдсан байсан. Дэлхий нийт ярьдаг, мөрддөг зарчмуудыг тусгасан юм, уг нь .
–ЭВСЛИЙН ЭВ НЭГДЛИЙГ ХАГАЛАХГҮЙ БАЙХ НЬ ҮНЭТ ЗАРЧИМ-
-Мөрийн хөтөлбөрөө тав хоногийн хуулийн хугацаандаа амжаад залруулчихав уу?
-Тийм. Залруулаад өгчихсөн.
-Танай нам “ШИНЭ” нам, Бүгд найрамдах намтай эвссэн тань сонирхол татаж байна. Яагаад ийм алхам хийв?
-Бид сонгосон юм биш л дээ. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард АН, МАН-аас бусад намууд “Үндэсний эв нэгдлийн төлөө” нэгдэж гарын үсэг зурсан байдаг. Түүнээс тунаж үлдсэн 11 нам нь нэгдэж эвсэл байгууллаа.
-ШИНЭ намын даргатай итгэл үнэмшил хэр нийлж байна вэ?
-Үзэл санааны хувьд таарахгүй зүйл олон бий. МАНАН-г устгая гэсэн ард түмний захиас даалгавар биелүүлэхээс эхлээд санал нийлж байгаа зүйлс ч бий.
-Тэгвэл БНН-ын дарга Б.Жаргалсайхантай үзэл бодол хэр нийлж байна вэ. Эвслийн хурал дээр багагүй маргасан гэсэн?
-Улс төр маргаангүй бол үнэ цэнэгүй. Хэн нэгнийг шүтэж дагасан хүн маргадаггүй. Эсвэл үнэт зүйлгүй хүмүүс зөвхөн урагшаа хараад л мөрөөрөө явна. Бид үнэт зүйлтэй учраас түүнийгээ хамгаалсан маргаан үүсэх нь дамжиггүй. Үүнд нуугаад байх зүйлгүй. Нөгөө талаар эв нэгдлээ хагалахгүй байх нь үнэтэй зарчим юм.
–МОНГОЛД ТОМ НАМ ГЭЖ БАЙХГҮЙ. ТОМ МАФИ Л ГЭЖ БИЙ-
-Танай нам 800 гаруй гишүүнтэй. Сонгууль дөхөж байгаа энэ үед намын гишүүнчлэл нэмэгдэж байна уу?
-Нам олон гишүүнчлэлтэй боллоо гээд хүчирхэг болдоггүй. Харин намын үзэл санаа үнэтэй байх ёстой. Бид 2017 оноос “Үнэн ба зөв цаг” нэвтрүүлэг хийсээр нийт 200 мянган иргэнтэй утсаар холбогдсон. Түүндээ олон иргэдийн үнэт зүйлийг тусгасан. Та түрүүн том нам гэж ярина лээ. Манайд том нам гэж байхгүй. Том маф л гэж бий. МАН, АН, МАХН-ыг нам гэхгүй ээ. Улс төр судлаачид намын биш мафийн шинж рүү орчихсон гэж хэлж, бичиж байгаа. Өнөөдөр Монголд жинхэнэ нам төлөвшүүлэхийн тулд бид ажиллаж байна. Чадах чинээгээрээ явж байна.
-Танай намын үнэт зүйл юу вэ?
-Бид шинэ Монгол Улсыг бүтээнэ.
-Ийм товчхон уу?
-Тийм ээ. А.Отгонбаатарыг дэмж гэж хүмүүст хэзээ ч хэлэхгүй. Отгонбаатар зөв тэмцээд байгаа бол түүн шиг залууг арван мянга, зуун мянга болгоод өгчих гэж хэлнэ. Тэгвэл энэ ард түмэн хэрсүү болж эх орноо өөрчилнө шүү дээ. Ард түмэн хэрсүүжиж чадалгүй өмнөх 30 жил шигээ явсаар, МАН, АН-ыг сонгодог хэвээрээ байвал энэ улс орон өөрчлөгдөхгүй. Улс орноо өөрчлөх хамгийн том хүч нь ард түмэн өөрсдөө хэрсүүжих явдал юм.
–УЛСТӨРД БИЕЭ ҮНЭЛДЭГ ХҮМҮҮСЭЭС БОЛЖ АРД ТҮМЭН ХУУРТДАГ-
-Ард түмнийг хэрсүү болгох зав гаргалгаа юу вэ. Сонгуулиас сонгуулийн хооронд мөнгө, хоосон амлалт хоёрт хууртагдаж сонголт хийдэг үзэгдэл гардаг. Өнөөдүүл нь мөнгө, амлалт хоёроор санал авах гэж оролддог тогтолцоо одоо хүртэл байна л даа?
-Ард түмэн амлалтад хууртдаггүй, хууртаагүй. Харин улс төрд биеэ үнэлдэг хүмүүсээс болж ард түмэн хууртдаг. Тухайлбал, Бат гэж хүн байлаа гэж бодъё. Тэр хүн муу замаар явж, мөнгөтэй болсон тул ард түмэн түүнд дургүй. Муу хүн гэдгийг нь Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Гэтэл тэр мөнгөтэй хүнээс санхүүжилт авсан урлаг соёлынхон, бөхчүүд сонгуулиар тэднийг дэмжиж магтсаар гарч ирдэг. Муу гэж бодож байсан хүнийг нь хүндэлдэг дуучин нь, хайртай бөх нь магтаад байхаар эргэлзэж эхэлдэг л байхгүй юу. Улстөрд бөхчүүд, дуучид, хошин урлагийнхан биеэ үнэлж сурталчилгаа хийгээд байгаатай холбоотой. Ийм зүйл манайхаас өөр хаана ч байхгүй. АНУ-ын сонгуулиар Женнифер Лопез гарч ирээд Трамфыг дэмжээрэй гэж орилохгүй байгаа биз дээ. Гэтэл манайд Т.Ариунаа гарч ирээд “М.Энхболд бол мундаг хүн” гэж хэлээд байгаа биз. Ингээд сонгуулийн маргааш хамгийн муу хүн сонгогдчихсон байдаг. Ард түмэн биеэ үнэлдэг хүмүүст итгэдэг. Хэвлэл мэдээлэл ч биеэ үнэлдэг. Би үнэнийг нь хэлж байна. Муулаад байсан улстөрч дээрээ сэтгүүлчид хуваарилагдаж сурталчилгаанд нь ажиллана. Бүгд магтаж бичнэ. Алга ташна. Гэхдээ би бүх сэтгүүлчийг харлуулж байгаа юм биш шүү. Монголд ганц улстөрийн салбар эмгэгтэй байгаа юм биш. Бүх салбар эмгэгтэй болчихлоо. Сууриар нь өөрчлөхийн тулд шинэ Монголын үзэл санаа хэрэгтэй.
-Тэгвэл олон нийтийн үзэл санааг яаж өөрчлөх юм, таныхаар?
-Тийм учраас л би хэн нэгнийг битгий дэмж гээд байна шүү дээ. Хүмүүс А.Отгонбаатар муу хүн. Улс төрд гарах гэлээ гэдэг. Тийм ээ, би муу хүн. Үнэн. Тэгвэл надаас мундгаараа та оролц л доо. ХААИС төгссөн би эх орноо өөрчилье гээд байхад Харвард төгссөн залуу даргын цүнх бариад “Даргаа та мундаг шүү” гээд гүйж явна. Хэний тухай хэлж байгааг та мэдэж байгаа. Эрдэм боловсрол гэдэг эр зориггүй бол юу ч биш юм байна шүү дээ. Эр зориг гэдэг эрдэм боловсролыг хурцлагч. Тиймээс би Монголын мянга мянган залуучуудыг “тэмцээд өгөөч, өөрсдийнхөө гараар оролцооч” гэж хэлмээр байна. Яагаад авлига аваад, улс орныг чинь сүйрүүлээд байгаа ах нарын дор гүйгээд байгаа юм бэ. Би муу хүн байж болно. Та нар шиг сайн хүмүүс оролцохгүй болохоор над шиг муу хүн улс төрд явж байгаа байхгүй юу. Намайг болиулахын тулд утасны цаанаас бичээд суулгүй гараад ир. Ариун цагаан хөдөлмөрөөрөө надтай өрсөлд. Тэгээд аяндаа шоконд орно. Сая эвсэлд нэгдсэний дараа над руу маш их дайралт ирсэн.
–Ямархуу дайралт?
-Миний зургийг цахим орчинд нийтэлж байгаад л элдэв янзаар бичиж байна лээ. “Элбэгдоржтой адилхан хүзүүгүй л” гэнэ. Би гайхсан. Залуу үеийнхэн дуугарахгүй байна, гарч ирээд тэмцээч л гэдэг. Гарч ирэхээр яагаад дайраад байдаг юм бэ. Харамсалтай нь тэд хөлсний бичээчид л байдаг. Ц.Нямдоржийг муу зүйл хийж байхад “муу” гэж бичээгүй залуу миний зургийг цахим хуудсандаа нийтлээд шоолж байна. Ц.Элбэгдоржийг муу зүйл хийж байхад нь дуугараагүй залуу намайг элдвээр доромжилж байгаа байхгүй юу. Тэр залуу хэнтэй тэмцээд, юуг өөрчлөх гээд байгаа юм бэ. Энэ улс орныг хэрсүү ард түмэн аварна гэдэгт итгэдэг. Ийм ард түмнийг бий болгохын тулд би ажиллаж байгаа. Гэр хороололд амьдардаг залуу тэмцээд болоод байхад надаас илүү амьдралтай хүмүүс яагаад тэмцэхгүй байгаа юм бэ. Өөрсдийнхөө төлөө тэмцээч гэдгийг л харуулах гэж оролдож явна.
-Та 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн, унасан. Дараа жил нь нам байгуулсан. Улстөрд орох гээд хараахан орж чадаагүй яваа хүн. Залуу хүний хувьд шантрах зүйл олон гарч байв уу?
-Хүн улстөрийн амьтан гэдэг үг бий. Бид угаасаа л улс төрийн амьтан. Улстөрд орно, гарна гэсэн ойлголт байхгүй. Харин бодлого тодорхойлох түвшинд очих, очихгүй нь л асуудал. Улс орны хөгжлийг авч явах бодлогын түвшинд очих уу, байх уу гэдэг зам дээр би зогсож байна. Бодлого боловсруулах түвшинд очиж байгаа хүн үзэл санаа, үнэт зүйлтэй очих ёстой. Тэмцэл өөрөө улстөрийн үзэл санаа биш. Тэмцэл нь харин улстөрийн арга барил юм.
-Г.ЗАГДАА ЯДУУ ИРГЭДИЙГ ХООЛЛОЖ ДУНДААС НЬ ИДЭЖ УУГАА Л БИЗ. АВЛИГАЧДАА БАРИАЧ-
-Нийгмийн бүх сэдэвт оролцож попордог, олон нийтэд таалагдах гэж үг хэлдэг гэж таныг шүүмжилдэг. Үүнтэй санал нийлэх үү?
-Бусад нь дуугар л даа. Дуугарах нь хүний эрх шүү дээ, уг нь. Г.Загдаа гуайг өмөөрөөд ганц үг хэлчихмээр л байлаа. Авилгачдыг баахан цагдаа нар барьдаггүй мөртлөө гэр оронгүй хүмүүсийг авч явж байгаа ганц хүнийг 30, 40 цагдаа очиж баривчилж байх юм. Оффшорт мөнгө нуусан хүмүүсээс Г.Загдаа илүү идчихсэн баймааргүй л юм. Ядуу иргэдийг хооллож, дундаас нь идэж уугаа л биз. Ингэж хэлмээр байсан. Хэлсэн бол юм болгон дээр дуугарлаа гэх байсан биз. Би зүгээр л тэмцэж байгаа залуу. Эрх мэдэлтэй мөртлөө хийхгүй байхыг попрол гэж байгаа юм. Энгийн иргэний ярих нь попрол биш. Тухайлбал, У.Хүрэлсүхийн ярихыг попрол гэдэг юм. Хулгайчдийг шорон хийнэ, цавчаад өгнө, сэлэм эргүүлнэ гэж хэлээд хоёр жил өнгөрлөө. Харамсалтай нь нэг ч хулгайч шорон орсонгүй.
–Сонгууль дөхөөд ирэхээр намын санхүүжилтийн асуудал яригддаг. Намын санхүүжилтээ хэрхэн шийдэж байгаа вэ?
-Аудитын байгууллагаас сонгуульд өрсөлдөх зардлын дээд хэмжээг заачихсан. Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт 770 сая төгрөг, Өвөрхангайд 460 сая гээд тусгачихсан. Энэ мөнгийг намууд яаж олох вэ. АН өнөөдөр элдвээр хэлүүлээд олох гэж оролдож байгаа. Энэ намыг адалж болно. Нөгөө талаар энэ намууд хууль зөрчсөн үү гэдгийг нь харах хэрэгтэй. Улстөрийн намын тухай хуульд зааснаар хувь иргэнээс 2 сая, байгууллагаас 10 сая төгрөгийн хандив авч болдог. Сонгуулийн тухай хуульд хувь иргэнээс 10 сая, компаниас 15 саяыг авч болно. Үүнээс хэтрүүлбэл хууль зөрчсөнд тооцно. Хэрэв АН хууль зөрчсөн бол татан буугдах ёстой. Өнөөдөр хүмүүс харагдах байдлаас нь дүгнэж байна. АН-ын 100 саяыг адгийн зүйл, У.Хүрэлсүх мөнгө авахгүй, ёс зүй харна гэснийг ямар мундаг юм бэ гэж байна. МАН тэгээд яаж нэр дэвших гэж байгаа юм. Хулгайн мөнгөөр нэр дэвших үү. Бас л сонин асуудал.
–Та асуултад хариулсангүй, тойруулчихлаа. Танай нам ямар санхүүжилтээр сонгуульд нэр дэвших гэж байна вэ?
-Энэ асуултад чинь хариулчихвал сонгуулийн хууль зөрчсөн болно. Тиймээс та Үнэн ба зөв нам ийм мөнгөөр нэр дэвших магадлалтай гээд хуулийн байгууллагад өгчих. А.Отгонбаатар мөнгөө хууль бусаар босгож магадгүй гээд АТГ-т өгчих. Танд би биш хууль хариулаад өгнө. Олон түмэн намайг дэмжинэ гэдэгт би эргэлзэхгүй байна.
–Өөртөө найдаж байгаа байх нь ээ?
-Тийм ээ. Би өөртөө найдаж байна.
-Намын байрны түрээсийн төлбөрийг Нарантуул зах дээр гутал зарсан мөнгөөрөө төлдөг гэж та нэг удаа ярьж байж. Хэвээрээ юү?
-Одоо ч хэвээрээ. Намайг үзэн ядаж байгаа хүмүүсийг үзэн ядах зав алга. Яагаад гэвэл намайг хайрлаж байгаа хүмүүсийг хайрлаад би завгүй явна. Би ингэж л явна. Намайг дэмждэг маш олон хүн бий. Тиймээс л надад бууж өгөх эрх байхгүй. Нэгдүгээрт, өнөөдөр надтай уулзаагүй, намайг мэдэхгүй хүмүүс шүүмжилж байгаа. Хоёрдугаарт, хөлсний бичээчид шүүмжилж байгаа. Надад идэж уусан зүйл байхгүй. Хэн нэгнийг хохироосон нүгэл байхгүй. Мөрөөрөө яваа нэр, гар, цус цэвэр залуу. Бид хэн нэгэн мөнгөтэй хүнээс мөнгө авч, түүний гар хөл болохгүй гэсэн залуучууд нэгдсэн. Амар аргаар амьдрах байсан бол АН, МАН-ын ах нарын дор гүйж орох байлаа. Амьдралын зарчим өөр учраас тэгч явж чадахгүй.
-Танай намын ард УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу бий, үүсгэн байгуулагч нь. Түүнээс санхүүгийн дэмжлэг авдаг уу. Ялангуяа сонгуулийн үед?
-Манай намын ард биш дотор нь бий, ТУЗ-ийн гишүүн. Ард гэж ирээд л намайг нуучихсан юм шиг ярьцгаадаг юм. Би нуугаагүй. Ш.Сайхансамбуу гуайгаас мөнгө авдаггүй. Боломж авдаг. Нарантуул дээр бараа зардаг бүх хүмүүс тэр хүнээс мөнгө биш боломж авдаг. Би тэдний адил л боломж авсан. Энэ буруу юм уу.
–ОДООГИЙН УЛСТӨРЧДИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СОНГУУЛАХЫН ТУЛД НАМАЙГ БОЛЬ ГЭЖ ОРИЛООД БАЙГАА ЮМ УУ-
–Та төрсөн нутагтаа нэр дэвших бодолтой байгаа юу?
-Бас л хариулж болохгүй нь. Одоохондоо зарлах болоогүй. Гэхдээ бодол бий. Залуу хүн яаж манлайлж, хэрхэн тэмцдэгийг би харуулаад л явж байна. Надаас илүү гэгээлэг, тэмцэгчид байвал тэмц. Намайг дэмжихгүй, өөрсдөө ч тэмцэхгүй. Тэгээд хэн гарах ёстой юм бэ. Одоогийн гишүүдийн хүүхдүүд нь гарах ёстой юу. Тэднийг гаргах гэж намайг боль гэж орилоод байгаа юм уу.
–Та нэлээд гомдолтой яваа бололтой, тэгж анзаарагдлаа.
-Би гайхсан. Миний зургийг цахим орчинд оруулаад адалж байгаа байхгүй юу. Б.Жаргалсайхан ахын зурагтай нийлүүлж байгаад л бүтэн шөнөжин балбасан. Маргааш нь гэр бүлээрээ 2013 онд авхуулж байсан фото зургийг маань гаргаж ирээд л гөвчихөж байгаа юм. Намайг дандаа зургаар минь адалдаг. Түүнээс биш би маш цэвэрхэн намтартай хүн. Идэж ууснаараа, эрлийз хурлийзаараа гөвүүлж байсан хүн олон болохоос биш над шиг зургаараа гөвүүлдэг хүн байхгүй. Уг нь өөрөөрөө бахархмаар. Нэмж хэлэхэд Монгол төрийг найман жил удирдсан Ц.Элбэгдоржтой жишүүлж байгаагаа бодохоор уг нь би мундаг. Гэтэл Ц.Элбэгдоржоос нь болж би доошоо ороод байгаа гээд бод доо. Монголын улс төр ямар бохир, ямар хөгийн пи-артай, өрсөлдөгчөө яаж намнадаг гэдгийг эндээс харж болно. Дэлхий нийтэд гадаад өнгө, шашин шүтлэг, байгаа байдлаар нь гадуурхахгүй гэдэг тунхаг бий. Монгол Улсын үндсэн хуульд ч заасан байдаг. Ц.Элбэгдоржтой адилхан хүзүүгүй гэдгээр минь ялгаварлан гадуурхах байдлаар улстөрөөс хөөж байна. Бид өнөөдөр ийм эрүүл бус нийгэмд, эрүүл биш хүмүүстэй амьдарч байна. Тиймээс л бид 30 жил ийм байдалтай явж иржээ гэдгийн том баталгаа. Ийм л байна даа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН Эх сурвалж: EGUUR.mn